Б.Баттогтох: Лхагвацэдэнг надад хамааралгүй, бусдын өмчийг надаас нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй юм

Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнг нөхрийнхөө ар гэрийнхний үл хөдлөх хөрөнгө, эд хогшлыг шүүх, хууль, хяналтын эрх мэдэл бүхий танилуудтайгаа үгсэн хуйвалдаж, авахыг санаархаж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тэгвэл энэ талаар О.Лхагвацэдэнгийн нөхөр Б.Баттогтохтой холбогдож, дээрх мэдээлэл бодит эсэхийг тодрууллаа. 

-Сайн байна уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тантай холбоотой мэдээлэл цөөнгүй гарлаа. Тодруулбал, Таны ах, дүү нарын эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн авахыг санаархаж байна гэжээ. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

- Одоо надад түүнд өгөх үл хөдлөх болон өөр эд хөрөнгө үлдээгүй. Гэтэл миний ах дүүгийн хашаа байшинг хүртэл авахаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан байна лээ. Хүнийхээ хувьд, бас хүссэн бүхнийг нь өгсөн хүний хувьд гайхаад л сууж байна.

Монголд байгаа ах, дүү нарын маань хувийн бизнес, үл хөдлөх хөрөнгүүдийг авна гээд хамтарч олон юм хийсэн хуульч, өмгөөлөгч ах эгч хоёртойгоо нийлээд явж байна. . Тэр яриа нь надад ямар ч хамаагүй хүмүүсийн эд хөрөнгийг булаах юм байх даа гэж гайхаад байж байна. 

-Та хоёр хүүхэдтэй юү?

-Гурван охинтой. Муу аав байхыг хүсдэггүй болохоор хүүхдүүдээ чадлынхаа хэрээр харж, ханддаг. Ээж нь охидыг надтай холбоотой байлгахыг хүсдэггүй. Гэхдээ миний бага охин цусны пегментийн дутагдал оноштой учраас байнгын анхаарал, халамж шаардлагатай байдаг. Хоёр жил гаруй хугацаанд Солонгост эмчилгээ хийлгэсэн. Хамгийн сүүлд бид хоёрыг ахиад эмчилгээнд явахын даваан дээр ээж нь охиныг надтай явуулахгүй гэж уурласаар болиулсан. Түүнээс хойш эмчилгээ хийлгээгүй болохоор одоо нэлээд хүндэрч байгаа байх. Би охидынхоо сургалтын төлбөр, шаардлагатай зардлуудыг байнга өгсөөр ирсэн. 

-Та дээр өмгөөлөгч, хуульч ах, эгч хоёртойгоо нийлээд гэж ярьсан. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөч?

-Лхагвацэдэнгийн үеэл эгч Сараа гэж өмгөөлөгч бий. Түүний нөхөр гавьяат хууль Баатар гэж хүн бас бий. Энэ хоёр Лхагвацэдэн болон түүний талынхны хууль, шүүхийн бүх асуудлыг хариуцаж, шийдвэрт нь нөлөөлөх бүх ажлыг хийдэг юм. 

-Тодорхой мэдээлэл, баримт хэлж өгч болох уу?

-Одоохондоо ийм юм ярьмааргүй байна. Гэхдээ яривал ярих, тэдний талаар хүмүүст мэдүүлэх шаардлагатай асуудал нэлээд бий. Цаг нь арай болоогүй байна. Шаардлага гарвал илчлэх, хэлэхээс айхгүй. 

-Айхгүй гэдэг нь?

-Ер нь аюултай л даа. Хууль, шүүхийнхнийг атгасан гэр бүл гэж болно. Ч.Улаан сайд болоод түүний эхнэрийн талын ах дүү нар бол том бүлэглэл шүү дээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой гавьяат хуульчдыг санаж байгаа биз дээ. Яг тэр жишгээр явдаг, шүүгчдийн нэг хонгил гэж болохоор хүмүүс. Тэдний тухай би дэндүү олон юм мэднэ. Маш их эрх мэдэлтэй энэ хүмүүстэй орооцолдохгүй байсан нь дээр. Гэхдээ тэгж байна гээд дээрэлхүүлж, хууль бус зүйл хийхийг нь зөвшөөрөхгүй. 

-Тэгэхээр та О.Лхагвацэдэнг таны ах, дүү төрөл төрөгсдийн үл хөдлөх хөрөнгө, хувийн компаниудыг хууль бусаар, танил талаараа дамжуулан булаахыг завдаж байна гэж хэлэх гэж байна уу?

-Би дээр хэлсэн шүү дээ. Түүнд өгч болох, байгаа бүхнээ өгсөн. Гэтэл сэтгэл нь ханахгүй ах, дүү нарын маань мэдлийн, надад ямар ч хамааралгүй үл хөдлөх хөрөнгүүдийг авахыг санаархаж, улайрч байна. Шүүхийн байгууллагад маш олон танилтай, ах дүүсээрээ тэндэхийг бараг удирддаг учраас би надад ямар ч хамаагүй хүмүүс хохирчихвий гэж айхдаа хэвлэлд хандаж байгаа юм. Уг нь О.Лхагвацэдэнгийн одоогийн амьдралын нөхцөл хаа хамаагүй хүмүүсийн эд хөрөнгийг булаахааргүй хангалуун, чинээлэг бололтой юм билээ. Зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгийнх нь сүүлийн хоёр жилийг харахад л мэдэгдэж байна лээ. 

-Шүүх хурал болоод таны ах дүү нарын үл хөдлөх хөрөнгийг О.Лхагвацэдэн өөрийн болгочихвол яах вэ?

-Тийм зүйл болох ямар ч үндэслэл, боломж байхгүй. Хэрвээ шүүх үнэн зөв шүүж, хууль хяналтынхан үнэн зөв ажиллаж чаддаг л юм бол тийм зүйл болохгүй. Ах дүү, цус нэгтэй гэдгээрээ л тэд надтай хамаатан болж байгаа болохоос биш тэдний хийж, бүтээсэн юм надад ямар ч хамаагүй шүү дээ. Лхагвацэдэн ч үүнийг сайн мэдэж байгаа. Гол нь өмгөөлөгч, хуульчидтай хамтарч иймэрхүү зүйл хийсээр байгаад бүр айж, ичихээ больсон байж мэднэ. 

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.