Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тоглолт наймаалцсан гэх хэргийг ирэх даваа гарагт тасална

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны мэргэжилтнүүд энэ дөрөвдүгээр сарын сард Монгол Улсад ирж МХБХ-ны эрэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач, хамгаалагч нараас мэдүүлэг аваад буцсан гэдгийг баттай эх сурвалж бидэнд хэллээ.

МХБХ-ны эрэгтэйчүүдийн шигшээ баг  Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтыг  2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр Киргизстаны шигшээ багтай хийх үедээ наймаалцаж, 2:1-ээр хожигдсон байж болзошгүй гэх асуудлыг таван сарын турш Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос шалгаж байгаа юм.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тоглолт наймаалцсан гэх хэргийг шийдвэрлэх хурал 2020 оны тавдугаар сарын 04-ний өдөр буюу ирэх даваа гарагт товлогдоод байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай гэж үзсэн тохиолдолд хамгийн багадаа таван жилийн турш бандуулах шийтгэл өгөх юм байна.

Хэрвээ ийм шийтгэл оноовол Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос МХБХ-нд өгдөг санхүүжилтээ зогсоож, таван жилийн турш олон улсын чанартай бүх тэмцээн уралдаанд Монголын шигшээ багийг тоглуулахгүй байх юм.

Монголын хөлбөмбөгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл нэвтрүүлгийг манай сайт эрэн сурвалжлах дөрвөн цуврал нэвтрүүлгээр илчилсэн бөгөөд тоглолт наймаалцсан гэх хэргийг сурвалжлан үзэгч та бүхэндээ хүргэх болно.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.