Франц улсын Засгийн газрын тэргүүн Эдуард Филипе ирэх тавдугаар сарын 11-ний өдрөөс коронавирусээс сэргийлэх хорио цээрийн дэглэмийг сулруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Ингэхдээ олон нийтийн тээврийн хэрэгсэл болон бүрэн дунд боловсролын сургуулиудад амны хаалт заавал зүүж хэвшихийг эрх баригчид анхааруулжээ.
Тус улсад коронавирусийн халдварын 165,000 гаруй тохиолдол илэрч, 23,000 гаруй иргэн нас барсан байна. Хатуу чанга хорио цээрийн дэглэмийг сулруулж цэцэрлэг, сургуулиудыг нээж байгаа ч 11-15 насны сурагчид амны хаалт зүүх дүрэм журам хэрэгжинэ.
Мөн дэлгүүр худалдааны төв, захууд тавдугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа дахин эхлүүлнэ. Харин баар, зоогийн газрууд хаалттай хэвээр үлдэнэ. Дэлгүүр худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийг амны хаалт зүүх, хоорондоо метрийн зай барихыг шаардах эрхтэй.
Хэдийгээр ард иргэд гудамж талбайд тусгай зөвшөөрөлгүй зорчих эрхтэй ч 10-аас дээш хүн нэг дор цуглахыг хориглох юм байна. Хатуу чанга хорио цээрийн дэглэмийн ачаар Франц улс сар бүр 62,000 иргэний амь насыг аварчээ. Вирусээс урьдчилан сэргийлэх тарилга, оновчтой эмчилгээ олдох хүртэл түүнтэй хамт амьдрах шинэ арга барилд суралцах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Филипе мэдэгджээ.
Гэхдээ халдвар авсан иргэдийн тоо хоногт 3,000-аас буухгүй байвал хорио цээрийн дэглэмийг сулруулахгүй гэдгийг эрх баригчид анхааруулсан байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд тус улсад хоногт дунджаар 2,200 орчим иргэн халдварлаж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.