Дэлхийн сонгодог бүтээлүүдийг үнэгүй үзэх боломж

 

Дэлхийн улс орнууд жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг “Олон улсын театрын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.  

Гэвч энэ жилийн хувьд дэлхий нийтийг түгшээж буй коронавирусийн халдварын тархалтын улмаас урлагт хайртай хүн бүр театраа зорих боломжгүй байлаа. Чухам энэ л өдөр дэлхий даяар театр бүр шинэ бүтээлээ дэлгэж, сонгодог бүтээлүүдийг үзэгчдэдээ зориулдаг уламжлалтай ч харамсалтай нь энэ жил чадсангүй. 

Харин ОХУ-ын төдийгүй дэлхийд алдартай Их театрын хамт олны зүгээс түүхэндээ анх удаа "Алтан сан, хөмрөг"-ийн сонгодог бүтээлүүдээ цахимаар шууд дамжуулан үзүүлж байна. Тус театрын захирал Владимир Урин: "Бид урьд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй тийм хүнд байдалд орлоо. Бидний хийж буй энэхүү ажил нь театрын урлагт хайртай хүмүүстээ сэтгэлийн эрүүл мэндийг өгнө гэдэгт найдаж байна" хэмээжээ.  

"Большой Театр"-ын зүгээс гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 10-ны хооронд дэлхийн сонгодог зургаан бүтээлийг онлайнаар дэлхий даяар толилуулах юм. 

  • Гуравдугаар сарын 27-ны өдөр "Хунт нуур" бүжгин жүжиг
  • Гуравдугаар сарын 28-ны өдөр "Нойрссон гүнж" бүжгин жүжиг
  • Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр "Царская невеста" дуурь
  • Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр "Марко Спада" бүжгин жүжиг
  • Дөрөвдүгээр сарын 7-ний өдөр "Борис Годунов" дуурь
  • Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр "Шелкунчик" бүжгийн жүжгийг тус тус тоглох хуваарьтай байна. 

Шууд дамжуулалт нь Большой Театрын Youtube суваг дахь албан ёсны сувгаар гарах ба Улаанбаатарын цагаар 00:00 цагт эхлэж байгаа юм. Гэвч тухайн шууд дамжуулалтын бичлэг нь 24 цаг л хадгалагдаад устах тул амжиж үзэхийг зөвлөж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.