Өвөөгийн хийдэг “хэвийн боов”
Намайг хүүхэд байхад сар шинийн тавгийн боовыг хийнэ гэдэг нь хот айлыг хамарсан, асар их ажиллагаатай хэрнээ баяр хөөр дагуулсан ажил байлаа. Тавгийн идээний хэвийн боов ямар байхаас шалтгаалан ирж буй жилийн өнгө, өөдлөн дэвжих заяа нь тодорхойлогдоно хэмээн итгэдэг учраас өвөө минь “Тэрбиш”-ийн календарийнхаа хуудсыг туйлын хянамгай эргүүлж, эрхинийхээ толгойг имрэн тоолж, хэзээ эхэлж, хэзээ дуусгах цагаа хүртэл нарийн тооцдог байж билээ.
Өвөөг үзлэг зурхайгаа хийж дуусган, хэвийн боовоо хийх товоо гаргасны дараа жилд ердөө ганцхан удаа хэвийн боов чанахад л ашигладаг асар том ширмэн тогоогоо эмээ минь цэвэрлэж эхэлдэгсэн. Аль чадахаараа даавуу, шуудайнд ороож хадгалсан тэрхүү ширмэн тогоог илүү гэрээс оруул ирэхэд хуруу зузаан тоос, шувууны сангас, өвс мод, өөр бусад зүйлс бохирдуулсан байх нь элбэг.
Аргалын пийшин дээр тавихад арай ядан багтах тэрхүү том тогоог улиангаран угаалтууран ёнгинотол зүлгэсээр цоо шинэ мэт болгох бөгөөд мөн хэвийн боовыг чанахаар бэлтгэсэн 20-30 литр боовон тосоо нямбайлан бэлтгээд хонодог байлаа.
Өвөөгийн зуурсан хэвийн боовны амт үнэхээр сайхан. Сахарыг нь ихдүүлэхээр улаан болно, галыг нь ширүүдүүлэхээр цэврүүтэй болно, гурлыг нь хатуудуулчихвал бэмбээ нухаж буй залуусыг тамлан зовоочихно, нялцгайдуулчихвал хэвээ алдаж хэлбэргүй болно хэмээн эмээ өвөө хоёр хоорондоо ярина.
Хэвийн боовоо хийх өдөр над мэтийн багачуул аргал түлээ оруулах, хонь малаа эргүүлэх ажлыг хариуцна. Хот айлын эрчүүд бүгдээрээ цуглаж бэмбээ нухах ажилд оролцох бөгөөд энэ зууртаа залуучууд нэгнийгээ шоолон дөгөөж, настайчууд нь галуун хүзүүтээсээ хааяа нэг дугтарч жаргалын мишээл тодруулсаар ажлаа дуусгадагсан.
Ширмэн төмөр тогоог галынхаа хайчаар үрчиж, шинэхэн урт саваан дээр эгнүүлэн өрсөн тэр хэвийн боовыг, хийж буй зан үйлийг харалгүй олон жил өнгөрч дээ. Хот айлыг нэгэн дор цуглуулж, хосгүй их баяр хөөртэйгээр хийдэг тэр ажлын үр дүнг битүүний орой тавгийн идээгээ засахад л хардагсан. Сайхан болжээ, өнгөлөг болжээ, хэлбэр хийц нь ярих юм алга, ирэх жил их л өнгөтэй байх нь дээ хэмээх яриа гэр дотор өрнөж, идээ будаагаа өрж дуусгадагсан.
Санаа дагаад ч тэр үү, сайхан ерөөлтэй учраас ч тэр юм уу бүү мэд. Жилээс жилд, сараас сард манай амьдрал аяар аяархан дэвжиж, мал хуй минь өсөж байсан билээ. Ер нь нийт Монголчуудын амьдрал тэр чигээрээ дэвжсэн дээ. Өвөөгийн хийдэг тэр өнгөлөг сайхан хэвийн боовыг зүйрлэж хэлбэл өдгөө “Өгөөж-Чихэр боов” компанийн хийдэг “Угалз” хэвийн боов л дүйнэ дээ. Өнгө нь ч амт нь ч.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.