Нарантуулаас бусад захууд түрээсээ буулгажээ
Өнгөрсөн сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлж буй өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа дэмжсэн ямар арга хэмжээ авах асуудлаар шийдвэр гаргасан. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсийн төлбөрөө бууруулбал татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.
Энэхүү татварын хөнгөлөлтөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслэгчид л хамрагдах боломжтой юм. Уг шийдвэр гарсны дараа зарим томоохон худалдааны төвийн удирдлагууд түрээсийнхээ төлбөрийг бууруулж эхэлжээ.
- Дүнжингарав худалдааны төв гурав болон дөрөвдүгээр сарын түрээсийн төлбөрөө 60 хувиар бууруулахаар болсон.
- “Шөнийн зах” худалдааны төв ч түрээсийн төлбөрөө 30 хувиар бууруулсан байна.
- “Хүчит шонхор” компани түрээсийн төлбөрөө 50-80 хувь хөнгөлж байгаагаа мэдэгдээд байна. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүн худалдаалагчдад 50 хувь, хувцас, гэр ахуйн бараа худалдаалж буй түрээслэгчийн төлбөрт 80 хувийн хөнгөлөлт олгохоор болжээ.
- Сандэй худалдааны төв нийт 617 өмчлөгч, 912 бизнес эрхлэгчтэй юм. Түрээсийн төлбөрөө бууруулах албан шаардлага хүргүүлэх боломжгүй гэхдээ зарим өмчлөгч нар 10-20 хувиар түрээсийн төлбөрөө бууруулжээ.
- Баянзүрх, Бөмбөгөр худалдааны төвийн захиргаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм.
Монголын хамгийн том худалдааны төв болох “Нарантуул” худалдааны төв түрээсийн төлбөрөө бууруулах эсэх талаар тодруулахад “Манай худалдааны төв хамгийн бага түрээстэй газар. Нэг лангуу сардаа 60-70 мянган төгрөгийн түрээс төлдөг. Энэ мөнгөнөөс дахин хөнгөлөх боломжгүй” гэсэн юм. “Нарантуул” худалдааны төв нь 7-8 мянган лангуутай ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.