СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-03-03

С.Хүрэлбаатар: Монголын боловсролын тогтолцоо маш сайн түүхий эдээр маш муу бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Би Японы Оберлин их сургуульд зочин профессороор ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд Японы болон Монголын боловсролын харьцуулсан судалгаа хийж байна. Энэ хүрээнд Монгол Улсад ажиллаж байсан Японы Элчин сайдууд, монголч эрдэмтэд, Монголд ажиллаж амьдарч байсан 10 шахам хүнтэй ярилцлага хийж “Үндэсний шуудан” сонинд хэвлэж байгаа. Мөн Япон Улсад ажиллаж байсан элчин сайдууд, бусад хүмүүстэй ярилцлага хийж нийтийн хүртээл болгож буй. Энэ чиглэлээр Япон Улсад олон жил Элчин сайдаар ажилласан таныг ярилцлагад урьсан юм.

Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байна. 

С. Хүрэлбаатар: - Баярлалаа. За эхлээд Японы тусламж дэмжлэг болон боловсролын талаар өөрийн бодож, санадаг зүйлээ ярья. Япон зах зээлд шилжсэн үеэс л Монголд тусалж ирсэн. Энэ нь тухайн үедээ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. 1990-ээд онд Зөвлөлтөөс авдаг бараг бүх зүйл тасарсан, дэлгүүрт хатсан давс, гоймон хоёроос өөр юмгүй, картын бараанд орсон үед Японы тусламж бидний аминд орсон. Өдөр бүр эрчим хүч доголдож цахилгаан тасардаг байлаа. Цахилгаан станцыг япончууд хөрөнгө оруулж жигд ажиллагаатай болгосон шүү дээ. Тэр үед Японы, ер нь аль ч орны тусламж гал унтраах шинжтэй байсан. Сүүлийн үед Япон орноос Монгол оронд үзүүлэх тусламжийн тэргүүлэх чиглэлд боловсролыг оруулах боллоо.

Монголд үнэхээр тусалъя, шинэ хөгжлийнхөө суурийг зөв тавиад хөл гараа олоход боловсрол чухал гэдгийг тэд тооцсон. Тэр дундаа залуучуудаа боловсролтой, зөв хүмүүжилтэй болгоход дэд бүтцийг нь, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, хичээлийн хэрэгсэлд их анхаарч байна. Энэ нь манай ард түмний хүүхдээ боловсролтой, эрдэм номтой хүн болгох, ирээдүйн амьдралыг нь баттай болгох гэсэн уламжлал, зан заншилд яг тохирч байгаа юм. Япон өөрийнхөө хөгжил дэвшлийн нэгэн түлхүүр бол сайн боловсролтой, сайн хүмүүжилтэй япон хүн гэж үздэг.

Ийм япон хүнийг бий болгож чадсан явдал манай хөгжлийн үндэс суурь гээд түүгээрээ ямагт бахархаж байдаг. Ер нь Япон байгалийн баялаг, эрдэс түүхий эд бараг байхгүй, байгаль цаг уурын хувьд газар хөдлөлт, далайн их шуурга мэтийн аюул байнга тохиолддог орон. Сайн боловсролтой, сайн хүмүүжилтэй, сахилга баттай, хүнлэг нийтэч хүн ам нь яах аргагүй Японы үндэсний баялаг, хөгжил дэвшилд хүрсэн гол нууцын нэг юм шүү. Иймээс боловсролд үнэхээр ач холбогдол өгдөг.

С.Төмөр-Очир: -Японы боловсролын хувьд манайхаас ялгагдах гол ялгаа нь юу вэ?

С.Хүрэлбаатар: -Японы боловсролын бага сургуульд нь 6 жил суралцаж төгсөнө. Эхний гурван жил нэг их хичээлээр дарахгүй. Ихэнхдээ тоглоомоор дамжуулж сургана. Үсэг цээжлэх, тогтоох, ойр зуурын тоо бодох зэргийг тоглох явцдаа л сурчихна. Хүүхдэд хэт их ачаалал өгөөд хичээллээд ирэхээр ядраад хичээл номондоо дургүй болчихдог гэнэ. 4-6 дугаар ангид ороод ирэхээр ачааллыг нь бага багаар нэмсээр байгаад дунд, ахлах сургуульд нэлээд ачаалалтай болдог. Бага ангид сайн сурлага гэхээсээ сайн хүмүүжилтэй болгох суурийг нь тавихад илүү анхаарч байна. Энэ үед л зөв хүн болж төлөвших амьдралын зөв дадал зуршилтай болдог. Гэхдээ зарим талаар бага ангидаа хэт ачаалал багатай, дунд ялангуяа ахлах сургуульд хэт их ачаалалтай болдог тэнцвэргүй ачаалал бас ажиглагддаг. 

С.Төмөр-Очир: -Тийм тэнцвэргүй ачаалал байна. Ахлах сургуулийн сурагчид төгсөлтийн шалгалт дөхөөд ирэхээр бараг харихгүй. Шөнө маш бага унтаж байна. Саяхан 12 дугаар анги төгсөж шалгалтаа өгөөд дууссан сурагчдын дунд социологийн судалгаа явуулахад судалгаанд оролцсон сурагчдын 90 хувь нь чи одоо юу хүсэж байна гэсэн асуултад “нэг сайхан нам унтахыг хүсэж байна гэж хариулсан байна. Мөн хэт их ачаалал, шалгалтад тааруу дүн авснаас болж амиа хорлох явдал сүүлийн үед ихсэж байгаа байдал ажиглагдаж байна. 

Зарим залуучууд Монгол царайтай гадаад хүмүүс болчхоод байна. Монгол ёс, жудаг гэдэг юм алга болоод байна. Дунд үеийн залуучуудыг харахад хаана боловсрол эзэмшсэн гэдгээс хамаараад Америк, Герман, Япон сэтгэхүйтэй, монгол соёл, түүхээ сайн мэдэхгүй, монгол ёс зан заншлаа бүдүүлэг муухай юм гэсэн маягтай, юугаараа бахархахаа ч мэдэхгүй байна. 

С.Хүрэлбаатар: -Японы боловсролын тогтолцоог сайн гэж магтдаг. Сайн ч юм бий. Бас авахааргүй манайд тохирохгүй зүйл ч бий. Тиймээс Японы бүх зүйлийг сохроор хуулбарлаж болохгүй. Монгол хүн долоо хэмжиж нэг огтол гэдэг бол япончууд бараг 21 хэмжиж нэг огтолдог. Энэ нь юмыг сайн төлөвлөж, алдаагүй хийх гэдгээрээ сайн байж магадгүй. Тэр нь эртний хөгжилд нь гол хүчин зүйл болж байсан байх. Гэхдээ энэ нь хүний үйл ажиллагааг хэтэрхий хайрцаглаж хязгаарладаг тал байна. Ийм л байх ёстой гээд бүх юмаа загварчилсан. Тэгээд өөр хүнийг ч тэр загвараа мөрд гээд тулгаад байдаг. Гэтэл тэр загварчлалаас нь өөр хялбар сайн ажиллагаа байгаад байдаг. Үүнийгээ дагаад япон хүний сэтгэлгээ ч баригдмал болчихдог юм шиг. Жишээлбэл залуу хосын хуриманд очоод үг хэлэхэд нэг загвартай. Түүнийгээ заавал цаас харж уншина. Тиймээс хуриман дээр жинхэнэ сэтгэлийнхээ үгийг хэлж чадахгүйд хүрдэг. Орчин үед цаг үетэйгээ уялдуулж уян хатан болгох хэрэгтэй байгаа юм. 

С.Төмөр–Очир: -Миний бодоход ялангуяа боловсролын салбарт нэг орны загварыг тэр чигт нь хуулбарлах биш орон орноос сайн зүйлийг нь авч Монгол орны нөхцөлд, монгол хүүхдэд тохируулан Монгол хөрсөнд суулгах хэрэгтэй юм шиг байна. Японд гэхэд л Мэйжигийн үеэс боловсролоо шинэчилж эзэн хааны зарлигаар Америк, Англи, Франц, Германаас Японд тохирох сайн зүйлийг авч Япон хүний үнэт чанарыг суурь болгоод өнөөгийн тогтолцоогоо бий болгон хөгжүүлжээ. 

С.Хүрэлбаатар: -Оюун ухааны төвшнөөр монгол хүн хаана ч гологдохгүй. Би бодитой болсон нэг зүйл ярья. Япон – Монголын найрамдлын нийгэмлэгийн Т.Янагисава, элчин сайд асан М.Ханада, Т.Шимузи бид хэд өглөөний цай ууж суутал Т.Янагисава Монголын мал гэж нэг буянтай амьтан байна аа. Өглөө өөрсдөө бэлчээд явчихна. Өөрөө өвсөө идэж, усаа уугаад л сүүгээ өгөөд, арьс, шир, ноос үс, махаа өөрөө үйлдвэрлээд л хүн араас нь дагаад явахаас өөр үүрэггүй юм гэлээ. Гэтэл М.Ханада сан монгол хүн толгой сайтай байдаг нь малаа дагаж явахдаа элдэв юм бодож явсаар байгаад уураг тархи нь хөгжчихсөн юм.

Гэтэл япон хүн дөрвөн мөчөө хөдөлгөж байж нэг юм гайгүй амьдарч байхад монгол хүн толгойгоо ажиллуулчхаад л хүн зараад сууж байх юм гэж хэлэв. Гэтэл Т.Шимузи сан тийм тал байна шүү. Тэгэхээр монголчуудыг дэлхийгээр нэг тараагаад менежер болгочихвол дэлхийн хөгжил их хурдсах байх аа гэж ярьсан. Энэ үгс ялимгүй хэтрүүлэгтэй ч бас ортой шүү. Оюун ухаанаар манай хүүхдүүд хаана ч гологдохгүй. Оюун ухааны спортоор монгол хүүхдүүд дэлхийн тэмцээний медаль бүхнийг хамж байгаа биз дээ. Саяхан оюун ухааны академийн захирал Хатанбаатар охинтойгоо ОХУ-д очоод бас л гайхамшгийг үзүүлээд ирлээ.

Манай хүүхдүүд нэлээд залхуу юм байна. Аливаа зүйлийг сурахдаа, ялангуяа гадаад хэл сурахдаа бусад орны оюутнаас хол давуу байдаг гэнэ. Тэгээд хэсэг хугацааны дараа эрч нь суларчихсан Хятад мэтийн орны оюутнууд эхний байранд явж байдаг. Монгол хүн алив зүйлд тууштай байж чаддаггүй. Жаахан сураад ирэхээрээ надаас сайн хүн алга гэж онгирдог. Нөгөө талаар залхуурдаг. Япон хүн чинь насан туршдаа зүтгэсээр байгаад оргилд нь хүрдэг юм.

С.Төмөр–Очир: -Залхуу гэснээс би залхууг зөвхөн монгол хүний дутагдал юм уу гэж боддог байлаа. Гэтэл тийм биш, хүн төрөлхтний, ер нь амьд амьтны шинж юм байна. Дөнгөж төрсөн хүүхдийг эхийнх нь мээмээр амлуулахгүй угжаар амлуулчих юм бол эхийнхээ мээмийг хөхөхөө больчихдог гэнэ. Хэчнээн ч өлссөн эхийн мээмийг нь аманд нь хийсэн ч хөхөлгүй уйлаад байдаг гэнэ. Угжны сүү бол өөрөө урсаад ам руу нь орчихдог.

Эхийн мээм заавал сорж байж сүү нь гардаг юм байна. Эхээс төрсөн юу ч мэдэхгүй нялзрай амьтан сорохоосоо залхуурч байна даа. Тэгэхдээ хүн бүхэнд байдаг залхууг зөв залбал зүйтэй юм шиг байна. Шинэ бүтээл зохиож, шинэ технологи бүтээсэн хүмүүс нэлээд залхуу байдаг. Өөрийн хийж буй ажлыг ямар аргаар хялбар хийх вэ гэж үргэлж бодсоор шинэ зүйлээ бүтээдэг юм байна. Үүнийг би сайн залхуу гэж ангилж байгаа юм. Нөгөө нь юу ч хийхийг хүсдэггүй залхуу. Монголчуудын хэлдгээр залхуу эмгэн цаваг дахь махандаа хүрч чадахгүй шиг. Үүнийг адгийн муу залхуу гэнэ. Сайн залхууг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. 

Монголынхоо өнөөгийн боловсролын талаар таны санаа зовж явдаг зүйл юу байна вэ?

С.Хүрэлбаатар: -Түрүүнд таны дурдсанаар монгол ёс заншил, уламжлал, соёл, монгол сэтгэлгээгээ хаялгүй түүндээ суурилж боловсрол эзэмшүүлэх ёстой. Зарим залуучууд Монгол царайтай гадаад хүмүүс болчхоод байна. Монгол ёс, жудаг гэдэг юм алга болоод байна. Дунд үеийн залуучуудыг харахад хаана боловсрол эзэмшсэн гэдгээс хамаараад Америк, Герман, Япон сэтгэхүйтэй, монгол соёл, түүхээ сайн мэдэхгүй, монгол ёс зан заншлаа бүдүүлэг муухай юм гэсэн маягтай, юугаараа бахархахаа ч мэдэхгүй байна.

Болж өгвөл бакалаврын төвшний боловсролыг Монголдоо олгоод магистр, докторын зэргийн боловсролыг өндөр хөгжилтэй орны шилдэг их сургуулиудад эзэмшүүлмээр л байгаа юм. Тэгэх юм бол жинхэнэ Монголоо гэсэн Монголын ирээдүйд юу хийхээ мэдсэн монгол мэргэжилтэн гарна даа. Ингэхийн тулд сургуулийн өмнөх боловсролоос эхлээд тогтолцоогоор нь шинэчилмээр байна. Тогтолцооныхоо зарим хэсгийг нь аваад, тухайлбал дээд боловсролыг шинэчилнэ, Азийн 100 их сургуулийн нэгд багтана, судалгааны их сургууль болно гээд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролоо шинэ шатанд гаргахгүй бол энэ зорилт бүтэхгүй болно. 

Монголын өнөөгийн боловсролын тогтолцоо шатлал, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зэрэг баримт бичгийн хувьд дэлхийн төвшинд ойртсон байна. Энэ баримт бичигт заасан мэдлэгийн төвшнөө сурах бичигтээ яаж тусгав. Түүнийг багш нар нь ямар аргаар яаж хэрэгжүүлж, сурагчид нь яаж эзэмшиж байна вэ гэдэгт л дутагдал байна.

Өнөөдөр монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар долоо дугаар байр, оюуны чадавхаа хэрэглэх чадвараар 49 дүгээр байр, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59 дүгээр байр, ноу хау бүтээх үзүүлэлтээр 111 дүгээр байрт орж байна. Эндээс бид маш сайн түүхий эдээр тааруухан, хатуухан хэлбэл маш муу бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж дүгнэхээс өөр аргагүй биз дээ. Ийм л боловсролын тогтолцоотой байна шүү дээ. 
Үүнийг өөрчлөхөд төр засгаас ч, сургууль, багш нараас ч, эцэг эхээс ч оюутан сурагчдаас өөрсдөөс нь ч их зүйлийг хийхийг шаардана. Өөрөөр хэлбэл боловсролыг шинэчлэх бүх нийтийн үйл өрнөх ёстой. 

С.Төмөр–Очир: -Бидний урилгыг хүлээн авч сайхан ярилцлага хийсэн танд баярлалаа. Урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье. Ажлын өндөр амжилт хүсье. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.