Хар тамхины наймаачин хуралдааныг голланд хэлээр явуулахыг хүсэж, Монголын шүүхийг доромжилж байна
Зургийн тайлбар: Тэрээр n.24.mn сайтад ярилцлага өгсний дараагаас түүнийг зарим уншигч “Гэр хороололд амьдардаг голланд өвөө” гэдгээр нь сайн мэддэг болсон
Нидерланд улсын иргэн Фройт Вандерхарст /жинхэнэ нэр нь Вандэр Харст Фридтжоф.Сур/-т холбогдох хар тамхи, мансууруулах бодисыг удаа дараа худалдан, борлуулсан хэргийн шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болно.
Хэргийг нэхэн сануулбаас, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2017 оны аравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсан Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г /Ганболор.Сур/ нарыг илрүүлэн, бусад этгээдийн хамт баривчилж байсан юм.

Зургийн тайлбар: Нидерланд улсаас олон улсын шуудан илгээмжээр хар тамхиа авдаг байжээ
Фройт Вандерхарст нь Нидерландын Вант улсаас шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодисын төрөлд багтах “ЛСД” бодис 100 ширхэгийг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсан нь тогтоогдсон. Тэрээр хэрэгт шалгагдаж байх үедээ хар тамхи, мансууруулах бодис наймаалах гэмт үйлдлээ дахин үйлдсэн нь тогтоогдон, зүйл анги нь хүндрээд байгаа юм.
Фройт Вандерхарстын наймаалж байсан “марк”-ыг худалдан авсан залуус хэлэн доороо тавьж хэрэглэж байснаа хүлээжээ. Тухайлбал, 2017 оны аравдугаар сарын 2-нд Чингэлтэй дүүргийн II хорооны нутагт Б.Тэнгис, Э.Осорсүрэн зэрэг залууст ширхэгийг нь 120 000 төгрөгөөр худалдсан. Мөн, эхнэрээрээ дамжуулан дээрх ханшаар У.Наянтай, Т.Бархас нарт хууль бусаар худалдсан байсныг мөрдөгч нар тогтоогоод байгаа юм.


Зургийн тайлбар: Ном болон цомогт "марк" хэмээгддэг хар тамхи "ЛСД"-гээ нуун, илгээмжээр удаа дараа оруулж иржээ
Хар тамхи, мансууруулах бодисын төрөл “ЛСД” нь олон улсад 1988 онд илэрч бүртгэгдсэн бөгөөд хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байсныг сануулъя.
Барилгачдын талбай, Хүнсний 50 дугаар дэлгүүр хавиар зардаг байжээ
Нидерланд улсын иргэн Фройт Вандерхарст энэхүү “марк”-аа Барилгачдын талбай, Хүнсний 50 дугаар дэлгүүр орчмоор худалдан борлуулдаг байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид тогтоогоод байна. Борлуулж байгаа газрын цахилгааны утсанд үдээсээр нь холбож уясан хоёр ширхэг гутал өлгөдөг байжээ. Энэ нь олон улсын хэллэгээр “Энд бараа борлуулж байна” гэсэн үг юм байна. Ингэж үйлчлүүлэгчээ олдог байсан аж.

Зургийн тайлбар: Та Барилгачдын талбай, Хүнсний 50 дэлгүүрийн ойролцоо ийм гутал харж байсан уу? Энэ нь олон улсын хэллэгээр "Энд тамхи зарж байна" гэсэн үг аж
Мөн, түүний “цөм” борлуулалтаа хийдэг байсан газар нь жил бүр “Монгол шилтгээн”-д зохион байгуулагддаг “Плэйтайм” наадам юм. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тарьж ургуулсан өвсөө тэрээр 5000 төгрөгөөр баруун, солгойгүй борлуулдаг байсныг цагдаа нар тогтоожээ. “Фройтын өвс” нэртэй энэхүү өвсний уутын ард “М” үсгийг цохон “брэнджүүлсэн” байдаг нь цагдаагийн хурц хараанаас мултарсангүй.

Зургийн тайлбар: Фройт "Плэймтайм" наадмын үеэр энэхүү зургаа авахуулсан бөгөөд доор нь "ЗАРНА" гэж бичсэн байжээ


Зургийн тайлбар: Фройтын Дархан-Уул аймагт тарьж ургуулсан өвсний дээж. Түүнийгээ ороож, "Плэйтайм" наадмын үеэр нэг ширхэгийг 5000 төгрөгөөр "брэнджүүлэн" борлуулдаг байжээ
2017 онд илэрсэн энэхүү хэргийн анхан шатны шүүх хурал гурван жилийн турш хойшилсон шалтгааныг “ЛСД” бодис шинжлэх төхөөрөмж Монгол улсад байдаггүй байсантай холбоотой гэж ярьж байна. Цаашилбал, Фройт Вандерхарст нь шүүх хуралдааныг “Голланд хэлээр явуулахыг шаардаж байна” гэхчлэн зүй бус шаардлага тавин, цаг хожих гэж оролдож байсан гэлээ.

Тэрээр n.24.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Өөрийгөө Монгол улсад 13 дахь жилдээ амьдарч байна” хэмээгээд цахилгаан халаагуураар халдаг байшингаа танилцуулсан нь архивт үлдсэн байна. Түүнийг уншигчид “гэр хороололд амьдардаг Голланд өвөө” гэдгээр нь сайн мэддэг юм билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.