Х.Оргил-Эрдэнийг албан үүргээс нь түдгэлзүүлэх шийдвэрийг шүүх гаргажээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ЗТХЯ-ны Хэлтсийн дарга  Х.Оргил-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлж, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны орой ЗТХЯ-ны Хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг БНХАУ-ын иргэн Лу Хоннианаас 20,000 юаны авлига авч байхад нь үйлдэл дээр баривчилж, цагдан хорьсон юм.

Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Х.Оргил-Эрдэнийг үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнийг суллах шийдвэрийг гаргасан билээ.

Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Х.Оргил-Эрдэнэд авлига авах ямар ч санаа сэдэл байгаагүй. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын тендерт шалгарсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад хатуу шаардлага л тавьсан. Гэтэл түүний өрөөнд БНХАУ-ын хоёр иргэн орж ирээд боодолтой юм шидчихээд гараад зугтаасан гэсэн” гэх тайлбарыг өгсөн нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.