Э.Бат-Үүлийг шүүх хуралд ЕТГ-ын дарга З.Энхболд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргажээ

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэх зөрчлийн хэргийг хэлэлцэв.

Гэвч шүүх хурлын эхэнд ЕТГ-ын дарга З.Энхболд уг шүүх хуралд өөрийн биеэр оролцоно гэдэг хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасныг шүүх хүлээн авч энэ сарын 14-ний өдрийн 09.00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна.

Хэргийг сануулбал, 2019 оны зургадугаар сард Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэлээрээ миний ажил хэргийн нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн ЕТГ-ын дарга З.Энхболд цагдаагийн байгууллагад өргөдөл гарган Э.Бат-Үүлийг дөрвөн сая төгрөгөөр торгуулж байсан юм.

Харин НЗД асан Э.Бат-Үүл цагдаагийн шийтгэврийг үндэслэлгүй хэмээн торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  № 862 шийдвэрээр  “Э.Бат-Үүлд шийтгэл оногдуулахдаа процессын ноцтой алдаа гаргасан. Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь тогтоогдоогүй” хэмээн үзэж, цагдаагийн шийтгэврийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.