СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-12-20

LIVE: Б.Цогтгэрэл: Ц.Нямдорж нар эвслийг задлах технологи боловсруулахаа боль!

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байгаа билээ. Уг хуулийн өөрчлөлтөд парламентад суудалгүй улс төрийн 20 орчим намын төлөөлөл санал тусгуулсан ч ихэнхийг нь хассан байна гэсэн шүүмжлэл гарсан. Үүсээд байгаа асуудлын хүрээнд манай сурвалжлагч МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлээс тодруулга авлаа. 

-Өнөөдөр эцэслэн батлах сонгуулийн тухай хууль парламентад суудалгүй намуудад хэр ээлтэй хууль болсон гэж та үзэж байна. Бусад намуудын саналыг тусгахыг уг нь УИХ-ын дарга даалгасан байсан?

-Парламентад суудалгүй намууд нийлээд 20-иод санал өгсөн. Энэ нь арав болж буурсан. Сүүлдээ хоёрхон санал үлдсэн юм. Тэр нь эвсэл болсон намууд илүү тогтвортой ажиллахад чиглэсэн, эвсэл задрахгүй байх заалт юм.

Харамсалтай нь чуулган дээр энэ санал уначихсан. Ер нь эвслийг задална гэдэг нь парламентийн эсрэг үйл ажиллагаа юм. Ийм хуулийг олон сонгууль дамжин шургуулж байсан. Энэ бол олон үзэл баримтлалтай намууд улс орны хөгжлийн төлөө, бодлогын төлөө нэгдэж нийлэх гэсэн хүсэл эрмэлзэл юм.

Гэтэл эвслийг задлах зүйл заалтыг хуулинд оруулах гэж Ц.Нямдорж, О.Баасанхүү нар зүтгээд байна. Үүнийг "цагийн зохицуулалттай мина" гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд улс төрийн бүх намыг сонгуульд оруулахгүй байх зүйлийг зохион байгуулалттайгаар хийж байна. Ямар сэдэлтэй, хаанахын захиалгатайг хэлж мэдэхгүй байна. Улс төрийн намуудыг нэгдэж нийлэх боломжийг хааж, зөвхөн өөрсдөө байж байх л зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, монгол төрийг чадамжгүй болгох, сулруулах л заалт шүү дээ.

-Үндсэндээ парламентад суудалгүй намуудын нэг ч санал тусгагдсангүй гэсэн үг үү?

-Нэг ч санал тусгасангүй. Одоо Байнгын хороо дахиж хуралдаад авч үзэх үү үгүй юу мэдэхгүй. Үнэндээ жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж байна гэдэг шиг парламентад суудалгүй намуудыг огт хэрэгсэхгүй байна. Энэ бол Монгол улс парламентын засаглалтай, ардчилсан орон гэдэг нь худлаа, зөвхөн хоосон тунхаг гэдгийг баталж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.