СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатар талбайг тойруулсан боржин чулууг ямар ч тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Сүхбаатарын талбайг тойруулан боржин чулуун хаалт тавих ажил олны шүүмжлэлд өртөөд байгаа. Тэгвэл тус ажлыг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, "Боржин суварга" ХХК-тай шууд худалдан авах гэрээ байгуулан хийсэн байна. 

 

Боржин чулууг анх хийлгэхээр болсон тухайд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” 2019 оны А/914 дугаар захирамжаар иргэдийн аюулгүй байдлыг хангах баталгаажуулах зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын нэрэмжит талбайд автомашин, техник орох боломжгүйгээр хамгаалах байгууламжийг барих ажлыг зохион байгуулахаар болсныг та бүхэн доорх захирамжаас харна уу.

Харин уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэг нь НЗДТГ-ын даргаар ахлуулсан дараах 7 хүний бүрэлдэхүүнтэй байжээ.  

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэх 396 боржин чулуу нь анх хэлсэн шиг 100 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсангүй. Нийтдээ 152,231,237 төгрөгийн төсөвтэйгээр анх төлөвлөгдөж хийгдсэн ажил байв.

Боржин чулууг "Боржин суварга" гэх компани нийлүүлжээ

Хамгаалалтын боржин чулууг “Боржин суварга” ХХК нийлүүлжээ. Хамгийн ноцтой нь 152.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр дээрх худалдан авалтыг ямар нэгэн тендергүйгээр шууд худалдан авах нөхцөлтэйгээр хийсэн байж болзошгүй байна.

АТГ-аас өнгөрсөн сард нэвтрүүлсэн opendatalab хайлтын системээс “Боржин суварга” ХХК-ийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд ямар нэгэн тендерт оролцон шалгарсан гэх мэдээлэл гарч ирсэнгүй.

Мөн НЗДТГ-ын шилэн дансыг шүүрдэж үзэхэд 2019 оны аравдугаар сарын 08-ны өдөр “Боржин суварга” ХХК руу НЗД-ын А/914-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа хэмээн  60,892,495  төгрөгийг шилжүүлсэн байв. Аливаа тендерийн сонгон шалгаруулалт дор хаяж 45 хоногийн хугацаатай үргэлжилдэг. Харин 152.2 сая төгрөгийн төсөв өртөгтэй томоохон худалдан авалтыг ТБОНӨХБАҮХАТХ-ийг ноцтойгоор зөрчиж, шууд гэрээ байгуулах замаар зохион байгуулсан байж болзошгүй нь эрхгүй анхаарал татаж байна.

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Боржин чулуугаар Сүхбаатарын талбайг тойруулах ажлыг хариуцан хийлгэсэн мөртлөө ямар төсөвт өртгөөр хийснийг би ёстой мэдэхгүй” хэмээн мэлзэж байсан билээ.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.