СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-11-12

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж залилан хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Тодруулбал, “Мэргэжлийн хяналтын байцаагч Ууганбаяр, Батсүх, Оюунболор байна. МХЕГ, НМХГ-аас танай байгууллагыг шалгахаар сонгосон. Мөнгө шилжүүлбэл шалгахгүй” гэсэн байдлаар холбогдож, Хаан банкны Х.Батсүх нэртэй 5082144815 тоот дансаар мөнгө авсан байна. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжийг урьдчилан судалж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс байцаагчийн дүрд тоглон ярьдаг аж. “Тэдний дуу хоолойны өнгөнөөс залуу хүмүүс гэдэг нь тодорхой байсан” хэмээн хохирсон иргэд ярьжээ. Түүнчлэн мөнгөө шилжүүлж хохирсон аж ахуйн нэгж, иргэд залилагч этгээдтэй дахин утсаар холбогдоход доог тохуу хийн, хоорондоо инээлдэж байсан гэнэ. Дээрх хоёр дугаарын нэг нь холбогдох боломжгүй бол нөгөөгийнх нь орох ярианы эрх хаагдсан байв.

Залилан хийсэн байж болзошгүй иргэнийг хоригдож байгаа гэжээ

Энэ хэрэг анх өнгөрсөн сарын 24-нд Өвөрхангай аймагт гарсан байна. Мөн л дээрх дугаараас залгаж “НМХГ-ын байцаагч Ууганбаяр байна. Танай байгууллагад Онцгой байдлын газартай хамтран нууцын зэрэглэлтэй шалгалт хийнэ. Хоол, буудлын мөнгө шилжүүлэх юм бол шалгалтаас аргалъя. Хэрвээ шилжүүлэхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно” гэж бизнес эрхлэгч иргэнийг сүрдүүлжээ.

Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт хандахад “Иргэн Х.Батсүх нь мэргэжлийн хяналтын байцаагч нэрээр аж ахуйн нэгж, иргэдээс мөнгө нэхсэн үйлдэл тогтоогдсон боловч гэмт үйлдэл нь бүрэн төгсөөгүй, хохирсон иргэн байхгүй байгаа нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд уг хэргийн холбогдогч этгээд нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, цагдан хоригдож байгаа” хэмээн хариу ирүүлжээ.

Гэтэл цагдан хоригдож байгаа гэх хүн нь өнөөг хүртэл аж ахуйн нэгжээс дансаараа мөнгө авсаар байгаа юм. Одоогийн байдлаар энэ хэрэгт 176 иргэн, аж ахуйн нэгж холбогдсон гэх мэдээлэл байна. Харин МХЕГ-аас энэ талаарх нэгдсэн тоо баримт хараахан гаргаагүй гэнэ.

 

Т.Балжинням: Мэргэжлийн хяналтын байцаагч “Мөнгө шилжүүл” гэх үндэслэл байхгүй

МХЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Балжиннямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогийн байдлаар хэчнээн аймаг, дүүрэгт энэ залилангийн хэрэг үйлдэгдээд байна вэ?

-Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь зэрэг аймагт энэ хэрэг гараад байгаа. Ингэхдээ цайны газар, буудал, сургууль, цэцэрлэг, ресторан гэх мэт бүх төрлийн бизнес эрхлэгчид рүү холбогдож, “Мэргэжлийн хяналтын байцаагч байна. Манайхаас танай байгууллага руу шалгалтаар Улаанбаатараас гарах гэж байна.

Шалгалтын ажлын бүрэлдэхүүнд байгаа хүмүүсийн хоол, унааны мөнгө 250 мянган төгрөгийг яаралтай энэ данс руу явуул” хэмээн “Хаан”, “Улаанбаатар”, “Голомт” банкны данс өгдөг байгаа юм. Дээрх дансуудаар Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймгийн найман аж ахуйн нэгжээс 150 мянгаас 500 мянга хүртэлх мөнгө шилжүүлэн авсан баримт байна. Мэргэжлийн хяналтын байгууллага залилангийн шинжтэй ийм үйлдэл гарч эхлэхэд холбогдох материалуудыг бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газарт хандсан.

Гэсэн ч энэ хэрэг үйлдэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгжээс 300 мянган төгрөг авсан. Тухайн аж ахуйн нэгж нь манайд “Ийм утсаар ярьж, мөнгө авсан” гэж хандаад байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас залилангийн хэрэг гарч эхлэнгүүт хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэм­жлүүлэг явуулсан. Гэсэн ч аж ахуйн нэг­жүүд мэдээлэл аваагүй­­гээс хохир­­­соор бай­на.

Иргэд, аж ахуйн нэгжид онцгойлон хэл­эхэд, мэргэж­лийн хянал­тын байгууллагаас “Мөнгө шилжүүл” гэдэг байдлаар хандах үндэслэл байхгүй, байх ч ёсгүй. Хэрвээ ийм асуудал гардаг бол тухай бүрт нь манайд болон холбогдох байгууллагад хандах хэрэгтэй. 

-Иргэд, аж ахуйн нэгжээс нийт хэдэн төгрөг залилж, аваад байгаа вэ?

-Бид аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудад “Танай хэдэн аж ахуйн нэгж рүү залгаж, хэдэн төгрөг авсан талаарх мэдээллээ ирүүл” гэж хандаад байгаа. Одоогийн байдлаар, дансны хуулгаар ирүүлсэн баримтаар 1.6 сая гаруй төгрөгийг иргэд, аж ахуйн нэгж “Хаан” банкны данс руу шилжүүлсэн байна. Энэ бол бидэнд мэдэгдсэн тоо. Мэдэгдээгүй аж ахуйн нэгж, иргэд байх магадлал өндөр.

-Зөвхөн мэргэжлийн хяналтын байгуул­лагын нэрийг барьж байгаа юу?

-Онцгой байдлын газрын нэрээр бас ярьсан байсан. Гэхдээ ихэвчлэн “Мэргэжлийн хяналтын байцаагч хотоос гарч байна” гэдэг. Иргэд нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч харьяаллын дагуу зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт л шалгалт хийнэ, тэрнээс орон нутагт хийхгүй. 

-Данс, утасны дугаар байсаар байтал хэрэгтнийг илрүүлдэггүй юм болов уу. Цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Аравдугаар сарын 29-нд Цагдаагийн ерөнхий газарт албан тоотоор хандсан. Үүнээс хойш утсаар “Хэрэг үүсгээд, шалгаж байгаа” гэснээс өөрөөр албан байдлаар хариу өгөөгүй. “Энэ хүнийг саатууллаа, дансыг нь хаалаа” гэх мэт мэдээлэл алга. Хянаж шалгадаг байгууллага журмынхаа дагуу ажиллаж байгаа гэж бодож байна. Гэхдээ 10 гаруй хоногийн өмнө хүсэлт тавиад байхад, хэрэв энэ хүн шалгагдаж байгаа бол дахин ийм хэрэг гарах ёсгүй.

-Иргэд, аж ахуйн нэгж мөнгө шилжүүлэхээсээ өмнө танайд хандаж болоогүй юм болов уу?

-“Шилжүүлсэнийхээ дараа юу билээ гэж бодоод, судлаад үзтэл танайхаас ийм сэрэмжлүүлэг гарсныг харлаа” гэж ярьдаг. Бид тэр бүрт баримтаа цуглуулан, харьяа газрынхаа цагдаагийн байгууллагад хандаарай гэдэг зөвлөгөө өгч байна.

-Танайд ажиллаж байгаад гарсан ч юмуу, эсвэл танайд ажилладаг хүн юм биш үү?

-Ажиллаж байгаад гарсан эсэхийг мэдэхгүй. Ажиллаж байгаад гарсан ч бай, ажиллаж байгаа ч бай энэ бол байж болохгүй үйлдэл. Иргэд, аж ахуйн нэгжээс манай байцаагч ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг нэхсэн болон хууль бус шаардлага тавьсан бол дор бүрт нь МХЕГ, холбогдох байгууллагад хандах хэрэгтэй.

-Танай байгууллагын нэрийг барьсан ийм залилан өмнө нь гарч байсан уу? 

-2015 онд гараад, одоо нэр дурдагдаад байгаа иргэн Х.Батсүхийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Тухайн үед ямар арга хэмжээ авсныг мэдэхгүй. Өнгөрсөн нэгдүгээр сард эмнэлэг рүү ярьсан, ийм төрлийн залилан гарч, бид Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт шалгуулах хүсэлт тавьсан ч “Гэмт хэрэг үйлдэгдээгүй байна” гэдэг шалтгаанаар шалгаагүй. Мөн өнгөрсөн наймдугаар сард залилангийн хэрэг гарсан ч гэмт хэргийн шинжтэй баримт олдоогүй юм билээ. Харин энэ удаагийн үйлдэлд олон аж ахуйн нэгж, иргэн хохирсон. Тиймээс цагдаагийн байгууллага дорвитой арга хэмжээ авах байх гэж найдаж байна. 

-Хамгийн анх энэ хэрэг Өвөрхангай аймагт гарсан гэлүү?

-Өвөрхангай аймгаас анх аравдугаар сарын 24-нд энэ талаарх мэдээлэл ирсэн. Өвөрхангайн Мэргэжлийн хяналтын газар руу иргэд, аж ахуйн нэгж утасдан “Байцаагч мөнгө нэхлээ” гэж мэдэгдсэн байгаа юм. Тэр даруй бид аймгийн Цагдаагийн газарт ханд гэдэг үүргийг өгөөд байтал удалгүй Дархан-Уул, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговь аймагт адилхан залилан гарах болсон. Хамгийн сүүлд Орхон, Дархан-Уулд гарсан. Дархан-Уул аймгийн нэгэн буудал руу яриад “Шалгалтаар очих гэж байна. Буудал, хоолны мөнгө өг” гэхэд нь шилжүүлэлгүй, аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газар руу холбогдсон байгаа юм. Мэргэжлийн хяналтынхан “Мөнгө шилжүүлэх боломжгүй байна. Манай буудалд үнэгүй буу” гэж хэл гэсэн боловч залилагч этгээд “За” гээд, эргээд хариу өгөөгүй байна лээ.

Э.Эрдэнэцэцэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.