Эрдэнэт үйлдвэрт нэг тоног төхөөрөмжөөр зэс, молибдены баяжмал гаргаж авах боломжтой болжээ

“Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон ажлууд хийгдсээр байна. Тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Зэсийн баяжмалын шугам дээр технологийн схемийн өөрчлөлт хийснээр тоног төхөөрөмж, ажиллах хүч, материалд хэмнэлт гарах юм” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн механик Х.Шинарбай ярилаа.

Мөн тэрээр, энэ сарын нэгнээс эхлэн суурилуулж байгаа  FLSMIDTH М900 FBM даралтат шүүлтүүрийн тоног төхөөрөмж бүрэн ирсэн,  Шүүн хатаах хэсэг, Барилга засварын цех, Баяжуулах үйлдвэрийн засварын хэсгийн хамт олон энэ ажлыг гүйцэтгэж байгаа тухай мэдээлсэн юм.  
 

 DSC0018
 

Үйлдвэрийн газрын Техник, эдийн засгийн үндэслэлээр Шүүн хатаах хэсгийн молибдены баяжмалын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тул дээрх ажлыг эхлүүлээд байна. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн шүүн хатаах хэсэгт 2005 оноос даралтат шүүлтүүрийг шат дараалалтай суурилуулж байгаа юм.   

Өмнө нь вакуум даралтат шүүлтүүртэй байхад шүүх, хатаах гэсэн хоёр үйлдэлтэй байсан бол шинэ даралтат шүүлтүүрийг суурилуулснаар  нэг тоног төхөөрөмжөөр зэс, молибдены баяжмал гаргаж авах юм. 

Ингэснээр засварын ямар нэгэн доголдол гарахад нэг төрлийн тоног төхөөрөмж захиалахад үнэ өртгийн хувьд ч хэмнэлт гарна.  

Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа, тоног төхөөрөмж эдийн засгийн хувьд хэмнэлт бүхий эдгээр ажлуудыг энэ онд багтаан дуусгах юм. Даралтат шүүлтүүрийн угсралтын ажил 11-р сарын 30 гэхэд дуусаж, тохируулга үйлчилгээний ажил 12-р сарын 10 хүртэл хийгдэж, ашиглалтад хүлээж авах юм. 
 

 DSC0005

 DSC0022

 

 DSC0026

 

А.Бямбамаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.