СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-24

Зовлонгоор зоолсон төрийн “Ноёд”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Өвөл бол эрх баригчдад бөөн боломж. Харин энгийн ард иргэдэд өчнөөн зовлон. Амьтны ертөнцийн хууль хүчтэй нь хүчгүйгээ мөлжиж амьдрах. Энэ хуулийг хүн төрөлхтний хууль болгох гэж төр байгуулагдаж нийтээр дагаж мөрдөх хууль гэгчийг гаргаж, нийгэм журмыг бий болгосон юм.

Гэтэл . Эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ мөлжих. Өөрөөр хэлбэл хүмүүнлэг гэж тунхагласан нийгмийн зарчим, замнал аль хэдийнээ бүдгэрэн алга болжээ. Монголд өнөөдөр хүмүүнлэг, шударга ёст, тэгш эрх нийгэм байгаа юу. Гуравхан сая хүний амьдрал гунигт мэдээгээр дүүрэн. Өдөр бүр автозамын осол, хорт хавдар, угаарт арав хориороо амь үрэгдсээр.

Зуднаар нохой зоолж, зовлонгоор ноёд баяждаг гэдэг үг Монголд бүрнээ хэрэгжлээ. Тиймээс олон нийт илүү их зовлон бэрхшээлтэй байх нь тэдэнд зол завшаан аж. Тухайлбал өвөл зудтай, утаатай, хальтиргаатай байвал мөнгөө өсгөх боломжууд гарч ирнэ.

Сүүлийн арваад жилийн турш зөвхөн утаагаар төр засгийн удирдлагууд түүний хамаатан садан, найз нөхөд хэчнээн төсөл, төсөв завшсан тооцоог одоо нарийн тооцож гаргах боломжгүй болсон. Түүнийг тооцож гаргах сонирхол аль ч төрийн байгууллагад байхгүй. Бүх зүйл сүржин амлалтаар эхэлж дунд нь хүний амиар туршигдаж эцэст нь ард иргэдийн өөрсдийнх нь буруу болоод төгсдөг улигт давтамж энэ удаа ч бас явагдаж байна.

Сар гаруйн хугацаанд дуулиан шуугиан болсон шахмал түлшний асуудал нас барсан хүний тоо нь арав дөхөөд ирэхээр оройн мэдээний хачир төдий болоод өндөрлөх тийшээ хандаж байна. Гадаад дотоодын лаборториуд руу дээжийг нь шинжилгээнд явууллаа хэмээн сүржигнэж байсан төр засгийн удирдлагууд таг чимээгүй болж дараагийнхаа сенсаацийг зохиох гээд завгүй.

Гэтэл зүв зүгээр унтаад сэрээгүй гурван настай охины эцэг охиныхоо амийг хэнээс нэхэхээ мэдэхгүй дээлтэйгээ хатаж, нулимстайгаа холилдон дэмий л нэг хэдэн сэтгүүлчдийг царайчилж сууна.

Эцэст нь хүний амиар төлөгдсөн шахмал түлшний шахааг дамжуулсан хэдэн сэтгүүлчийг дандаа хар мэдээ дамжуулдаг, сөрөг энергитэй муусайн хүүхнүүд гэсэн нэр цолыг зүүж сошиалаар тархи угаалтаа эрчимжүүлээд буй. Хүний амь насаар тоглосон дарга нар биш шахмал түлшийг муу гэж бичсэн, ярьсан хүнийг хариуцлагад татна гэж Хотын дарга нь мэдэгдэж, угаартай түлшээ сайжруулахын оронд “Сайжруулсан түлш бол маш сайн, утаа арилсан” гэсэн пи ар-даа Засгийн газар мөнгийг сайн хаяж байгаа бололтой хаа сайгүй “хичээл зааж”, магтсан ард иргэдийг олноор нь яриулсаар.

Мөн түүхий нүүрс түлсэн өрхийг сая хүртэл төгрөгөөр торгоно гэсэн айлган сүрдүүлсэн тушаалаа ч гаргаад амжлаа. Түлж, муулсныг нь торгох юм бол сайшааж магтсанд нь ямар урамшуулал өгч байгаа юм бол?

Хэдэн тэрбумын төлөө найман хүний амь золив?

Шахмал түлшний цаана ямар том эрх ашиг яваад, яагаад өдий болтол бүрэн төсөв хөрөнгийг ил гаргахгүй байна вэ?

Анх 220 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшийг хийх тухай нэг тоо дурьдагдаад чимээгүй болсон. Гэтэл гэж байгаа.

Өнөөдөр сайжруулсан түлш сайн, бид утаагүй болно гэж сошиал болон хэвлэл мэдээллээр тасралтгүй сурталдаж байгаа болохоос амь эрсэдсэн ар гэрийнхний асуудал болон шахмал түлш үнэхээр сайн уу, шинжилгээний хариу юу болсон, энэ төсөлд нийтдээ хэчнээн төгрөг төсөвлөсөн хэдийг нь хаана зарцуулаад байгаа талаарх мэдээ мэдээллийг санаатайгаар бүрхэгдүүлсээр байна.

Угаартсан нь арчаагүйнх, айдастай байгаа нь муу зуухтайнх гэсэн оношийг амархан тавьж асуудалтайгаа биш мэдээлэлтэй тэмцэх аянг өрнүүлэв. Бодит мэдээлэлтэй тэмцэх аян нь амжилттай хэрэгжиж ард иргэдийн сонирхол буураад ирэнгүүт одоо “зуухтай тэмцэх” аян өрнөхөд бэлэн болчихоод байна.

Учир нь бас дахин мөнгө завших боломж гарч айл айлын хашааны хаалга балбаж алга дарам заавар нэртэй цаас тараахдаа судалгаа нэртэй хэдэн тоог тэд зохиогоод амжив. Тэр нь гэр хорооллын айл өрхүүдийн 65 хувь нь зориулалтын зуухгүй байна. Бас л ард иргэдийн буруу. Өмнө нь шахсан дамласан үнэтэй зуухуудыг аваагүй нь буруу. Эсвэл хэн нэгэн дарцагласан дарга гарч ирээд шахмал түлш хийгээд хэзээ нэг өдөр шахна гэдгийг тааж мэдээд өмнө нь түүнд тохирсон зуух аваагүй нь бас буруу байх.


Нэгэнт галаа ч түлж, зуухаа ч сольж чадахгүй байгаа гэм нүгэлтнүүдийг ийнхүү тогтоосноос хойш одоо “авран хамгаалагч”-ийн дараагийн ажиллагаанд шилжих ёстой.

Өмнөх 6,6 тэрбумаар 220 мянган өрхөд утаа мэдрэгч тавих тэнгэрийн мэргэн санаа хаана яваа юм бол? Нэгэнт л мөнгө унагах, нугалах ажил юм хойно тэр бүтэж л таараа. Учир нь хотын дарга С.Амарсайхан ширхэг бүрийг 15 мянгаар авна бараг л наашаа ачуулаад ирж яваа шахуу юм ярьсан. Одоо харин дахиад гэр хорооллын айл өрхийн 65 хувийг зуухаар хангах ажил өрнөх байх. Азаар ойрын өдрүүдэд дулаахан байгаа учраас “Бид утааг арилгаж чадлаа” хэмээн тархи угаалтаа явуулж байгаа. Хүйтэрсэн эхний өдөр л зуух тарааж төр засгийн ивээл хайраа үзүүлэх тухай мэдээлэл гарахад гайхах юмгүй.
Энэ бүхний эхнээс нь эрүүл ухаанаар эргэн харвал их “но”-той санагдана. Анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв.

Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв гэх мэт асуултууд энэ их рекламны цаана бүдгэрээд үлдлээ.


Тухайлбал “Энержи ресурс” ХХК-ийн захирал Г.Батцэнгэл “…Засгийн газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцад ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг, мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм гэж мэдэгдэв.

Мөн 2019 оны аравдугаар сарын 10-нд “Энержи ресурс” ХХК гаргасан тайлбартаа “…Төр, засгийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу нийт 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн” гэсэн байна. Найман зуун тонн нүүрсээ яагаад үнэгүй өгөв. Хор найруулав уу, хогоо шахсан уу гэх мэт асуултууд байна.

Сайжруулсан хэмээх түлшний наана арваад хүний амь нас үрэгдсэн бол цаана нь хэдэн тэрбумын асуудал, хэний эрх ашигт үйлчилж байгааг мэдүүлэхгүй гэсэндээ гэр хороолллынхныг нь галаа түлж чадахгүй гэж загначихаад үлдсэн хүмүүсийн тархийг пи ар-аар угаартуулан хэнийг ч, юуг ч санахгүй болгох бодлого явагдаад байна уу?

А.Минжин

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.