СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-21

Н.Энхболд сайд аа, эр цэргүүд энх цагт амь эрсэдсээр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

-Эх орны ирээдүй болсон залуус хөл, гар, нүд, амьгүй болж байхад батлан хамгаалахын салбар сайдтай байгаад ч яах юм бэ-

...Эцэг эхийнхээ энгэрт эрхэлж суусан энхрий үрс эр цэрэг болохоор, эх орныхоо энхийн манаанд гарахаар эх орон нь дуудахад дайчлагдана. Харин тэдний хэд нь эргэн ирэх бол...

Ийм л бодол тээн эрийн цээнд хүрсэн хүүгээ ээж нар нь эх орондоо тушааж, эр цэргийн албанд мордуулахдаа эргэцүүлэх болсон. Арга ядахдаа аль нэг танилынхаа ая талыг харж, хүүгээ эсэн мэнд байлгахыг захиж үлдээдэг болсон. Учир нь Монголын Зэвсэгт хүчинд энхийн цагт эр цэргүүд амь эрстэж, эрүүл мэндээрээ хохирох нь ердийн үзэгдэл болоод байна.

Баримт 1: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А нь 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр амь насаа алдсан хэрэг гарсан. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан хэмээн үзэж буй. Талийгаач Орхон аймгаас цэргийн албанд татагдсан аж. Тус аймгийн ЗДТГ-аас ар гэрийнхэнд нь 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Баримт 2: Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч 51 настай Г нь өнгөрсөн 2019 оны хоёрдугаар сарын 28-нд элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан. Осол Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа н.Баянжаргал талийгаачтай хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар явсан. ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан бөгөөд 310 дугаар ангийнхан засч байжээ.

Баримт 3: Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очсон 18 настай залуу “Дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор 2019 оны тавдугаар сарын 14-ний 18.00 цагт яаралтай хагалгаанд оржээ. Тус ангийн дарга, салаан дарга нар нь ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Ямар ч гадны нөлөөгүй” гэжээ. Гэвч үүнд ар гэрийнхэн нь итгэхгүй байна.

Баримт 4: 2019 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 19.30 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн алба хаагч Б нас барсан хэрэг гарсан. Холбогдох байгууллагуудын зүгээс ийм хэрэг гарсан нь үнэн гэх тайлбарыг өгсөн ч илүү мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж буй. Харин талийгаачийн амиа алдсан шалтгааныг холбогдох байгууллагаас нууцалжээ.

Баримт 5: 2019 нэгдүгээр сарын 31-нд Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311 дүгээр ангид алба хааж байсан Завхан аймгийн байлдагч Ц.Вангансүрэн оргосон юм. Тэрээр тухайн өдрийн 01.30-09.30 цагийн үед хилийн харуул дээр үүрэг гүйцэтгэж байгаад зэвсэгтэйгээ харуулын байрлалаа орхин явжээ. Улмаар 19 настай байлдагчийг хоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Тува хилчин амиа алдсан байдалтай олсон байна. Талийгаачийн ээж хэвлэлд "Миний хүү цэргийн албанд жин, сар нь хүрээгүй байхад өөрөө дурлаж явсан. Хүүг маань цэргийн албанаас оргосон гэдгийг хэн ч нотолж чадахгүй байгаа. Бүр муугаар бодоод орголоо гэхэд монгол хүн нутаг ус руугаа л явна. Яах гэж юуны төлөө хүний нутаг руу явах вэ" хэмээн ярьсан байдаг.

Баримт 6: Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд чирэгдэж амиа алдав.

Баримт 7: Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр ээлжийн ахлагч нь алба хаагч Ж.Баярцогтыг өвлийн хүйтэнд шөнийн 02.00-03.00 цагийн үед бусад дөрвөн цэргийн хамт дарамталж, бие нүцгэлж, цээж рүү нь хүйтэн ус цацсан. Мөн хүйтэн цементэн дээр хөл нүцгэн удаан хугацаанд зогсоосны улмаас байлдагчийн хөлийн хуруунууд нь хөлдөж, өнөөдөр хөдөлмөрийн чадвараа алдаад байна.

Баримт 8: 2017 оны хоёрдугаар сард нь гранат дэлбэрч, шинэ цэрэг хоёр гаргүй болсон хэрэг Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гарсан. Дэлбэрэлтийн улмаас байлдагч хараагүй болж, хоёр гараа тайруулсан байна.

Баримт 9: Дээрх мэдээллийн араас буюу 2017 оны дөрөвдүгээр сард Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдсан. Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан.

Баримт 10: 2017 оны наймдугаар сарын 28-нд гурван цэрэг Ховд голд живж амиа алдсан. Цэргүүд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 ангийн байлдагч нар байв.


Энэ мэт амиа алдсан, хүнд гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан цэргүүдийн тухай мэдээллийг жагсаавал уртаас урт лист үүснэ. Энэ бүхнээс болж өнөөдөр эцэг эхчүүд эр цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үдэх боллоо. Өнгөрсөн амралтын өдөр цэрэг татлага эхэлсэн. Хүүгээ цэрэгт явуулахаар зэхэж буй Иргэн Г.Оюунгэрэл ярихдаа, “Аль ангид хуваарилахыг нь мэдэхгүй байна. Танил талаараа яриулж байгаад хотын ойролцоох ангид илгээхээр хөөцөлдөж байна. Тэгэхгүй бол хаа байсан баруун эсвэл зүүн аймаг руу “цөлчихвөл” хүүтэйгээ уулзаж чадахгүйд хүрнэ.

Ямар байгааг нь мэдэхгүй санаа сэтгэл зовнино. Танилынхаа ангид оруулчихвал арай зөөлөн хандах байх” хэмээн ярив. Яг ийм л сэтгэлзүйгээр ээж нар хүүгээ цэргийн албанд мордуулдаг болсон.
2019 оны эхний зургаан сарын байдлаар дөрвөн цэрэг харамсалтай байдлаар нас барсан бол нэг цэрэг хүнд бэртээд байна. Энэ бүхнээс үзэхэд, зэвсэгт хүчинд үнэ цэнээ алдсан, хуулийн хариуцлага бүдгэрсэн нэг л асуудал байгаа нь цэргийн амь нас, түүнд холбогдох хариуцлагын асуудал.

Хамгийн өндөр төсөвтэй, хамгийн хангалт сайтай салбар бол зэвсэгт хүчин. Хоол, хувцас нь хүртэл улсаас олгогддог ийм салбарт үхэл хагацал хэрээс хэтэрсэн нь үнэндээ даварсан сайд, генералуудтай шууд холбоотой. Өнөөдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар амь насаа алдсан цэрэг эрсийн дэндүү харамсмаар хэргийн хариуцлагыг хэн ч дээгүүрээ хүлээхгүй, хэн ч тоохгүй, шударга бус хандаж байгаад үнэндээ зэвүү хүрч байна.

Өнөөдөр батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт хүний амь эрсэддэг байдал энгийн хэрэг мэт болсон. Монгол хүн хатуу чанд дэглэлтийн бай болж нас барчхаад байхад генералууд, дарга, сайд нар “Тэр цэрэг өөрөө гоожуур байсан. Байгалийн хууль нь ийм шүү дээ. Чоно хүртэл ан хийхдээ сүргийн хамгийн арчаагүйг нь барьж иддэг. Цэрэгт энэ мэт дэглэлтийг даахгүй үхэж байгаа нь тухайн хүний бие махбод дархлаагүй, сул дорой, суурь өвчтэй байсныг л илтгэнэ” гэсэн утгатай зүйл ярьж, мэдээлэл тарааж суугаа сайд дарга нарын өмнөөс ичиж бас эмгэнэж байна. Ер нь

Тэрчлэн хариуцаж буй салбарт нь удаа дараа хүний амь үрэгдээд цагдаа, хилийн цэргийн алба хаагчид, ДХИС-ийнх нь сонсогч, ажилтан, офицер, ахлагч нар цаг бусаар хорвоог орхиод, зарим нь хээл хахуулийн хэрэгт шалгуулаад байхад мэнгэтэй хүний багийнхан хариуцлагаа хүлээхгүй тэсээд л байх юм даа. Монгол хүний аминаас үнэтэй салбарын нэр хүнд гэж байх ёсгүй.

Дархлагдсан салбарын сайд нар аа, хүн үхэж байхад, амьдрал зогсч байхад, ёс суртахуун нуран унаж байхад юу ч болоогүй аятай суудалдаа шигдэж өөрсдийгөө хаацайлсаар байх уу. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудалд ул суурьтай хандаж, салбараа зөв менежмэнтээр удирдаж чадахгүй байгаа Н.Энхболдыгоо огцруулж, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахгүй бол маш олон залуус үхлийн оронд очиж олон аав ээжийн гомдол цөхрөл, харуусал таныг бүчих болно. Цэрэг бол хүн биш гэсэн ойлголт, цэрэг бол зэрэгц гэсэн командлалын доор чимээгүй ярга байсаар байх уу. Ирээдүйд цэрэг болохоор, эх орныхоо хилийг манахаар дуудагдах бидний үрсэд дэглэм, яргагүй цэргийн эрдэмд суралцах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү, Ерөнхий сайд аа.

Б.Бямбасүрэн

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.