СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-14

К.Аксолтан: Шахмал түлшинд ололттой зүйл бий ч сул тал ихтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Баянгол дүүргийн 10-р хорооны иргэн, өндөр настан К.Аксолтантай шахмал түлшийг хэрхэн хэрэглэж байгаа талаар ярилцлаа.

-Энэ жил сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатарчууд түлэх болсон. Энэ түлшийг хэрэглэхэд ямар байна вэ?

-Сайжруулсан шахмал түлшээр иргэдийг хангаж байгаа нь сайшаалтай. Энэ түлшийг хэрэглэж үзээд ажиглаж байхад давуу тал ч байна. Мөн сул тал бий. Давуу тал нь гэвэл утааны гарц буурах чиг хандлага ажиглагдаж байгаа юм.

Тэгэхээр утааг хэдэн хувиар бууруулж байгааг тусгай багажаар хэмжиж байж мэдэх байх. Цогшилт нь нэлээд сайн байна. Тэгэхээр эсгийн гэрт, эсвэл дундаа пийшэнтэй хоёр өрөө байшинтай айлд дулаанаа удаан хадгалах талтай гэсэн үг. Харин сул тал нэлээд ихтэй гэж харлаа. Энэ бол миний бодол. Бодит зүйлд үндэслэн ярия. Үнс ихтэй. Түлэх үед хөө тортог их гардаг. Налайх, Багануурын нүүрснээс хоёр дахин илүү дулаан гаргадаг гэж дарга нар, үйлдвэрлэж буй хүмүүс нь яриад байгаа.

Энэ түлшийг хэрэглэж үзсэн хүний хувьд хоёр дахин илүү дулаан ялгаруулж байгаа нь худал гэж бодож байна. Урд нь Налайхын нүүрс түлхэд ямар байсаныг би мэднэ шүү дээ. Тэгээд шинэ түлшийг нүүрс түлдэг байсан үетэй харьцуулаад ярьж байгаа юм. Илч бага учраас нэлээд асуудал гарна. Нам даралтын зуухтай олон өрөө байшинг халаахад энэ түлш асуудалтай юм байна. Ялангуяа хүйтний эрч чангарч -20 хэм гараад ирэхээр манай зургаан өрөөтэй байшинг халааж чадна гэдэгт эргэлзэж байна. Гэрээ халаахын тулд ойр ойрхон олон удаа гал түлэх шаардлага гарах нь гэж бодож байгаа. Тэгэхээр надад ажил нэмэгдэнэ гэсэн үг. Мөн гал түлэх болгондоо дутуу шатсан үнс нурмыг нь цэвэрлэх шаардлагтай.

Ингэлгүй дээрээс нь нэмээд хийгээд байвал зуух дүүрээд аюул болно. Тэр үнс нурмыг нь цэвэрлэх болгонд ямар хий дэгдэж хордуулах бол гэсэн айдас надад төрж байгаа. Үүнээс гадна гал түлэх болгонд мод их хэмжээгээр орно. Мод ахиухан хийхгүй бол асахгүй юм билээ. Ер нь модны хэрэглээ эрс нэмэгдэх юм байна. Мод ахиухан хэрэглэвэл энэ түлшний утаа бага гардаг гэдгийг өөрөө туршиж үзээд мэдлээ. Мод бага хэрэглэвэл уугих, утаа гарах нь их байгаа.

Илчлэг бага тул нам даралтын зуухны усыг халааж эргүүлэх үзүүлэлт муу байна. Тэгэхээр энэ жил яаж өвөлжиндөө л гэж бодож байна даа. Бидний зууханд ийм байхад ханан пийшэнгээр халаадаг айлд нэлээд зовлонтой байх болов уу. Дөл гарахгүй бол тэр пийшэн халахгүй. Түлш нь хичнээн цогшиж байгаа ч ханан пийшэнгийн худаг, хоолоогоор галын дөл явахгүй тул халахгүй гэж бодож байна.

-Та одоо өдөрт хэдэн удаа гал түлж байна. Хүйтний эрч чангарсан үед урд нь хэдэн удаа нүүрс түлдэг байв?

-Манайх Налайхын нүүрс түлдэг байсан. Өвлийн ид хүйтэнд өдөрт гурван удаа гал түлдэг. Бүр хүйтэрч -30 хэм давах үед дөрөв дэх удаагаа гал түлэх удаа байдаг. Одоо нэг их хүйтрээгүй байна. Өглөө гал түлхэд өдрөө даагаад боломжийн дулаан байгаа. Гэхдээ нам даралтын зуухны усаа халаахын тулд дөрөв, таван том мод хийдэг.

-Тэгэхээр хүйтны эрч чангарч ес эхлэхээр өдөрт тав зургаан удаа гал түлэх нь ээ дээ?

-Тийм. Надад бас тэгж бодогдож байгаа. Тэгэхээр гал түлэхэд оролцдог миний ажил үлэмж нэмэгдэх нь шиг байна. Орой 17 цагт гал түлдэг. Тэгээд 22 цагт пийшэнгийхээ үнс нурмыг бүрэн цэвэрлээд унтдаг болсон. Би ингэж цэвэрлэхгүйгээр унтаж чадахгүй. Ямар гээчийн хий угаар нь дэгдээд сүйдэлчих бол гэсэн айдас төрдөг. Би хүүхдүүдэд ч хэлж байгаа. Шөнө унтахдаа гал түлсэн зуухаа бүрэн цэвэрлээд, үнс нурмыг нь ав гэж хэлдэг. Айдасгүй амарсан нь дээр шүү дээ. Их хүйтэрсэн үед шахмал түлшийг ахиухан хийж түлэхгүй бол болохгүй юм билээ.

-Нэг шуудай шахмал түлшийг хэдий хугацаанд түлж байна вэ?

-Манай түлш хийдэг саваар хоёр дүүргэж хийгээд жаахан юм үлдэж байна лээ. Миний ажигласнаар манайх түлш хэмнээд байхгүй шинжтэй. Харин нэмж түлэх асуудал гарч магадгүй. Дээр нь мод нэлээд нэмж хэрэглэх нь. Модоор шаталтыг нь дэмжиж өгөхгүй бол утаа гаргах, дулаан ялгаруулах асуудал нь сайн болж өгөхгүй юм шиг байна.

-Түлшний олдоц хангамж нь хэр байна вэ?

-Манай яг урд талын хашаанд шахмал түлш борлуулах цэг бий. Одоохондоо бол шахмал түлш байна лээ. Хүйтрээд ирэхээр хүмүүс гэнэт ухаарч хэд хэдэн шуудайгаар нь авах байх. Тэр үед энэ цэгийн түлш дууслаа гэхэд хаанаас очиж авахаа мэдэхгүй л сууж байна. Явж явж нэг газраас очиж авлаа гэхэд хэдэн шуудай түлш өгөх юм бол доо гэж бодож байна.

-Та мод ахиухан орно гэлээ. Тэгвэл нэг өвөлд зарцуулдаг түлшний зардал нэмэгдэх нь ээ дээ?

-Харин тийм. Манай түлшний зардал нэмэгдэх шинжтэй. Хамгийн гол нь зардал нэмэгдлээ ч гэсэн даарахгүй л өвөлжмөөр байна. Ялангуяа өндөр настай, бие муутай мань мэт нь аль болох гал түлж дулаанхан байхыг л бодно шүү дээ. Хэдэн ч төгрөг болдог бай түлшээ хангалттай авахыг бодно.

-Шахмал түлшний үнэ ханшийг ямар гэж та бодож байна вэ?

-Налайхын нүүрс олон янз. Манайх гялгар хар, гараар барихад хөө тортог байхгүй нүүрсийг нь авч түлдэг байсан. Энэ нүүрс нь 50-100 мянган төгрөгөөр илүү үнэтэй. Би гал түлэх болгондоо миний авч ирсэн нүүрс ямар байна гэдгийг байнга ажиглаж хардаг. Тэгээд гал түлчээд цаг харж хэдэн минут болоод халж байна. Ямар өнгийн утаа гарч байгаа зэргийг байнга ажигладаг. Бүр дадал зуршил болсон. Миний энэ яриад нүүрсийг түлхэд эхний 10 минутад шингэн цэнхэр утаа гардаг. Үүнээс хойш утаа гарч байгаа эсэх нь мэдэгддэггүй. Ийм нүүрсний олборлолт нь хүрэлцээ муутай, бас өндөр үнэтэй юм. Би баян таргандаа тэр нүүрсийг илүү мөнгөөр авч түлдэггүй. Хамгийн гол нь дулаан суух гэдэг нь чухал. Бас ажиллагаа бага шаарддаг юм.

-Улаанбаатар утаа бага байна гэж яриад байгаа. Гэтэл хүмүүс хордчих вий гээд гал түлэхгүй байгаа гэсэн. Та ойр хавын айлуудаа ажиглав уу?

-Угаарын асуудлаас болоод гал түлэхгүй айл олон байна. Бас гадаа нэг их айхтар хүйтрээгүй байгаа шүү дээ. Хүмүүс түлшээ хэмнээд, бас болзошгүй угаараас айгаад түлэхгүй байгаа байх. Иймд утаа бага юм шиг харагдаж байна. Утааны хэмжээг дүгнэж цэгнэх үе нь одоо биш. Арваннэгдүгээр сарын дунд үеэс хойш дуртай ч дургүй ч бүх айл гал түлж эхэлнэ. Мөн арванхоёр, нэгдүгээр сард их хүйтэрдэг шүү дээ. Энэ үед л утаа их бага байхыг харах хэрэгтэй юм. Асуудлын гол нь утаа их, бага гарахдаа биш. Хүн угаартахгүй, амьд байх гэдэг нь нэн тэргүүний асуудал юм. Дулаан хонох гэж гал түлээд өглөө босохгүй бол ямар хэрэг байх билээ. Түүнд ганц хүн хордохгүй шүү дээ. Тэр айл гэрт хэдэн хүн байна бүгдэд нь нөлөөлнө. Энэ нь хамгийн том аюул.

Т.Жанцан

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.