СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-09-25

Б.Баатархүү: Хохирогчийг эмнэлэгт хүргэх үед цагдаагийн алба хаагчдын биед дөрвөн залуу халдсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

-Цагдаа хүний амь хөнөөсөн үү-

Цагдаагийн хоёр албан хаагч хүний амь насанд халдсан байж болзошгүй тухай мэдээлэл нийгмийг цочроож байна. Тодруулбал, есдүгээр сарын 23ны өдрийн 17.00-18.00 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч “Ёл тариа ХХК”-ийн захирал Г-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул согтуурлын зэргийг тогтоож, эрхийг нь хасах нэрийдлээр автомашиндаа суулган “Атар” сум руу авч явсан тухай эх сурвалж мэдээллээ. Энэ үед машин дотор хамт явсан 14 настай гэрчийн мэдээллээр “явах замдаа цагдаа нар “Г” ахтай маргалдсан.

Дүрэмт хувцастай, хувцасгүй хоёр цагдаа нэг нь машинаа барьж, нөгөөх нь зодсон. Тэгээд “Г” ах ахынх нь дотор эвгүй байна, үхлээ шүү дээ” гэж хэлэхэд яасан их аргатай юм бэ гээд гарыг нь өчөөд, хоолойг нь боогоод байсан, ухаан алдсан хойно нь баашлаад байна гээд сэрээх гэж ус цацаад байсан. Тэр хоёр цагдаагаас архи үнэртэж байсан. Болиоч дээ ах аа, хүн аллаа гэхэд “Чамд хамаагүй, энийг энд нь буулгаад чамайг шоронд аваачиж хийнэ шүү гэсэн” хэмээн мэдээлсэн юм. Хэргийн талаар талийгаачийн охин “Угтаалцайдамд зүрхний өвчнөөр хүн нас барлаа гэсэн ташаа мэдээлэл фэйсбүүк, сайтуудаар түгж байна. Бид үүнд итгэхгүй байгаа. Тухайн машинд хамт явсан, тэр хоёр цагдааг авч явахыг харсан, машины араас дагасан зэрэг гэрчүүд байна.

Цагдаагийн албан хаагчид аавын минь аминд хүрсэн гэж бодож байна. Одоо хөндлөнгийн хоёр гэрч, миний төрсөн ахыг байлцуулан урьдчилсан үзлэгт орох гэж байна.

Цагдаагийн байгууллага тэр хоёр албан хаагчаа нуугаад бид нарт харуулахгүй, уулзуулахгүй байна. Энэ харамсалтай мэдээг сонсоод би өөр сумаас ирсэн үнэхээр гомдолтой байна” хэмээн ярьсан юм.

Угтаалцайдам сумыг бүрэн хянах хяналтын камертай, хохирогчийн ар гэрийнхэн болон иргэд камерийн бичлэг шүүлгэхийг хүсэхэд холбогдох албан тушаалтан “Дээрээс дарга нар ирсэн, надад үзүүлэх ямар ч эрх мэдэл байхгүй” гээд үзүүлээгүй гэв. Хохирогчийн гадна биеийн үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон “Гадны нөлөөтэй харагдаж байна. Хувцас нь урагдсан, өмдөндөө өтгөн алдсан, шээсэн байдалтай чих, ам, хүзүүнд нь хүрэн эрээн толбо үүссэн харагдлаа” хэмээн ярьжээ.

Харин Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Дэд хурандаа Б.Баатархүү албан ёсны мэдэгдэлдээ “Есдүгээр сарын 23-ны 19.40 цагт сумын эмнэлэгт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Төв аймгийн Цагдаагийн газрын “Заамар” сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан.

Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүхдээс тайлбар мэдүүлэг авч, зам шалгалтаар явж байх хугацаанд тус сумын нутаг дэвсгэр дээр гар нь цус болсон хүн орилсон байдалтай харагдсан. Үүний дагуу цагдаагийн хоёр албан хаагч очиж шалгасан байна. Цагдаагийн алба хаагч болон хохирогчийн хооронд маргаан үүссэн. Улмаар цагдаагийн алба хаагчид хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахаар сумын цагдаагийн хэлтэсрүү авч явсан. Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид хохирогчийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Энэ үед хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэж өгсөн гэдэг тайлбар мэдүүлэгтэй байгаа. Цагдаагийн албан хаагчдыг хэргийн газраас зугтсан гэдэг асуудал яригдаж байгаа. Хохирогчийг эмнэлэгт хүргэх үед цагдаагийн алба хаагчдын биед дөрвөн залуу халдсан. Ахлах офицерийн толгой хавдсан, машин жолоодож явсан цагдаагийн толгой хагарсан гэсэн мэдээлэлтэй байна. Бид хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Хэн нэгнийг өмгөөлөх биш бодит үнэнийг тогтоох нь манай цагдаагийн байгууллагын хийх ёстой үүрэг” гэсэн юм.

Тэрбээр “Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Өчигдөр хохирогчид гадна биеийн үзлэг хийсэн. Улаанбаатар хотод задлан шинжилгээ хийгдэх учраас энэ үхлийн шалтгааныг одоо тодорхой хэлэх боломжгүй” гэдгийг онцоллоо. Үнэхээр төрийн хувцас өмссөн цагдаагийн албан хаагчид хүний амь хөнөөсөн үү, гэдэг дээр цагдаагийн байгууллагаас өгөх дүгнэлтийг Угтаалцайдам сумын иргэд амьсгаа даран хүлээж байна. Цагдаагийн байгууллага өргөсөн тангарагтаа эзэн болж хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт ар гэрийнхэн нь итгэж буйгаа илэрхийллээ.

Г.Ган-Эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.