СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-09-24

Томуугийн А, В хүрээний вирус дэгдэх магадлалтай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэг нь таван бүлэгтэй, нийт 280 хүүхэдтэй аж. Бид ахлах ангиар зочилж хүүхдүүдтэй уулзах үеэр үдийн хоолны цаг болж байсан учир хүүхдүүд ширээндээ сууж, аяга халбагаа урдаа тавин хоолоо хүлээж байв. Энэ ангид нийт 55 хүүхэд суралцдагаас өнөөдөр 54 нь иржээ. Ойролцоогоор 60 ам метр бүхий өрөөнд 55 хүүхэд байх нь бүгчим, агааргүй мэт санагдав. Таван бүлэгт тус бүр 50-55 хүүхэд хичээллэдэг гэнэ. Өчигдрийн байдлаар ихэнх ангийн ирц бүрэн байгаа гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч хэллээ.

Сургууль цэцэрлэг эхэлснээр ханиад томуу ихэсдэг ч Сүхбаатар дүүргийн гурван ч цэцэрлэгт ханиадтай хүүхэд цөөн байна гэсэн баяртай мэдээ дуулгалаа. Гэсэн хэдий ч хүйтний улиралд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг учир бид санаа амрах эрт байна.

“ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР ХИЙДЭГ”

Цэцэрлэг, сургууль эхэлсэнтэй холбоотой, шинэ орчинд бага ангийн хүүхдүүд эхний хэд хоногт өвдөх магадлалтай байдаг. Бид энэ талаар Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн хүүхдийн их эмч Г.Даваажаргалаас тодруулахад. “Эхний 14 хоногт бага, дунд ангийнхан, ахлах ангийн цөөн хүүхдийн нус гоожих гэх мэт шинж тэмдэг илэрсэн. Одоо харьцангуй гайгүй болоод байна. Манай цэцэрлэг өглөө бүр хүүхдүүдийн хоолойг сода, давсны уусмал, царвангаар зайлуулж байгаа. Өнгөрсөн жил ханиад, томуу манай цэцэрлэг дээр хүйтний үед их байсан ч томуугийн вакциныг хүүхдүүд нийтээрээ хийлгэсэн учраас бусад цэцэрлэгийг бодвол харьцангуй гайгүй байсан гэж хэлж болно.

Томуугийн вакциныг зөвхөн эцэг эхийн зөвшөөрлийн дагуу хийлгэх ёстой. Зарим эцэг, эхчүүд вакцин хийлгэснээр хүүхдийн ханиад хүндрэх, ханиаднаас салахгүй гэж бодож вакцинаас татгалздаг. . Вакцин хийлгэвэл ханиад хүрэхгүй гэж бас зарим нь боддог. Ханиад огт хүрэхгүй байна гэж байхгүй. Хүрсэн тохиолдолд хөнгөхөн тусна л гэж ойлгож болно. Мөн хүүхдийн нус гоожих, халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж, зөвлөгөө авч, гэрт нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ ханиадтай үед цэцэрлэгт явуулснаас болж бусад хүүхдүүд өвддөг. . Урьдчилан сэргийлж болдог өвчин учраас бүгд анхаарах хэрэгтэй”гэв.

ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ЭРТ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тухай эцэг, эхчүүд тодорхой мэдээлэлгүй байдаг. Энэ талаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Г.Сарантуяагаас тодруулахад “. Архаг хууч өвчтэй, жирэмсэн эхчүүд, өндөр настан, эмнэлгийн ажилчид, тав хүртэлх насны эрсдэлтэй газар агаарын бохирдол ихтэй орчинд амьдардаг хүүхдүүдэд дүүргийн эмнэлгээс нэгдсэн журмаар хийж өгдөг. Вакцинд хамрагдснаар ханиад хүндэрэхгүй, хатгаа болохгүй байх магадлал өндөр. Мөн томуугийн вакциныг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө долоо, наймдугаар сард багтааж хийлгэвэл илүү үр дүнтэй.

Учир нь . Улсын эмнэлгүүд аравдугаар сараас эхэлж томуугийн вакцин хийдэг нь оройтоод байгаа юм шиг санагддаг. Хувийн эмнэлгүүд найман сараас уг вакциныг төлбөртэй хийж эхэлдэг. Өрхийн эмнэлгийн эмч нарыг чадваржуулах зорилгоор байнга сургалт зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар манай эмнэлэгт ажлын таван хоногт яаралтай болон амбулаторийн үзлэгээр нийт 200-240 хүүхэд үзүүлж байгаа нь хэвийн байна гэсэн үг. Хүүхдүүд өвдөх магадлал ихэсвэл эмнэлэг уртгасан цагаар ажиллаж, бэлэн байдалд шилждэг. 2019 онд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэх магадлалтай байна” гэв.

УЛСЫН ЭМНЭЛГҮҮД ВАКЦИНЫГ ИРЭХ САРЫН 20-НООС ХИЙЖ ЭХЭЛНЭ

Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн XIII их хурлыг манай улсад өнгөрсөн сард зохион байгуулсан. Хурлын үеэр энэ жил А хүрээний H1N1, H3N2 болон В хүрээний вирус дэгдэх магадлалтайг эрдэмтэд анхааруулсан гэдгийг албаныхан хэллээ. ЭМЯ уг гурван төрлийн үүсгэгчийн эсрэг вакциныг захиалсан байгаа аж. Мөн өнгөрсөн гурван сард Бээжин хотод дэлхийн ЭМБ-ын томуугийн экспертүүдийн зөвлөлдөх уулзалтаар 2019-2020 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад хэрэглэх томуугийн вакцины найрлагад орох омгуудын дөрвөн цэнт вакциныг зарласан.

ХӨСҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Сувдмаагаас тодруулахад томуугийн вакцин зайлшгүй хийх шаардлагатай хүмүүсийн тоог дүүргийн эмнэлгүүдээс долдугаар сард авсан. Дархлаажуулалтыг ирэх сарын 20-оос эхэлнэ. Мөн сайн дураараа вакцин хийлгэх хүмүүс харьяа дүүргийнхээ эмнэлгийн дархлаажуулалтын кабинетид хандах хэрэгтэй” гэв.

Д.Чанцалдулам 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.