Чингис хааны үеийн түвшинд хүрэхүйц тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй
Монгол Улсын Их Сургууль, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI) хамтран Монголын бизнес эрхлэгч залуу эмэгтэйчүүдэд зориулсан “Cood governance” лекц, сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч О.Байгаль болон, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрамын урилгаар Германы Лайпцикийн Менежментийн Их сургуулийн харьяа, Компанийн засаглал судлалын төвийн захирал Кристиан Штренгер Монголын бизнес эрхлэгч залуу эмэгтэйчүүдэд улс төр, бизнесийн салбарт хэрхэн мэдрэмжтэй, амжилттай хөл тавих, манлайллаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд компанийн засаглалаа хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.
Герман улс Ангела Меркель гэх эмэгтэй удирдагчтай. Тэрээр 2005 оноос тус улсын Холбооны Канцлер буюу Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бол Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар эмэгтэй хүн сонгогдож байсангүй. Улс төрийн намууд эмэгтэйчүүдэд квот өгч байгаа хэдий ч, тэднийг удирдах түвшинд гаргах байдал “асуудал” хэвээр байна.

Харин Монголчууд Азидаа тэр дундаа Япон, Солонгос, Хятад улсуудын эмэгтэйчүүдийн улс төр, бизнесийн салбарын оролцоог илүүтэй анзаарч, өөрсдийгөө тэдгээр улсуудтай харьцуулсаар байгаа. Тэгвэл хойшид “Дэлхийн бусад улсуудтай харьцуулах шаардлагатай” талаар арга хэмжээний үеэр яригдлаа.
Тухайлбал зочин илтгэгч “Европын улс төрд эмэгтэйчүүд квотоор орж ирсэн гэж хэлэгдэх дургүй. Манай эмэгтэйчүүд өөрсдийн чадлаар эдгээр салбарт орж ирснээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд шаргуу ажилладаг. Тэгэхээр бизнес, улс төрийн тавцанд хөл тавих эмэгтэйчүүд эрдэм мэдлэг, туршлагын хувьд өөрсдийгөө маш сайн бэлдэж, манлайллын тал дээр хүлээн зөвшөөрөгдөх нь чухал юм” гэдгийг онцоллоо.
О.БАЙГАЛЬ: ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСҮҮДЭД АНХААРАХ НЬ ЧУХАЛ БАЙНА
(ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ)

Бид өнгөрсөн 9-р сарын 6-7-ны өдрүүдэд Монголд “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулсан. Хэдийгээр манай байгууллага бодлого тодорхойлогч биш хэдий ч энэ лекцээр Цахим эдийн засгийн шилжилт буюу дижитал экономик шилжилтэд Монгол улс, тэр дундаа манай эмэгтэй бизнес эрхлэгчид хэрхэн шилжих вэ? Технологи дээр суурилсан бүтээлч үйлдвэрлэл, бизнесүүдийг хэрхэн амжилттай хөгжүүлэх вэ гэдэг чиг баримжааг олж авахыг тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.
КРИСТИАН ШТРЕНГЕР: ЧИНГИС ХААНЫ ҮЕД МОНГОЛЫН ТӨРИЙН ТОГТОЛЦОО ТӨГС ТӨГӨЛДӨР БАЙЖ
-МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТА ЮУН ТҮРҮҮНД ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

-Би Монголд гурав дахь удаагаа ирж байна. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зөвлөхөд “Эмэгтэйчүүд яг өөрийнхөөрөө аль болох энгийн бай. Өөрийнхөө сурч мэдсэн зүйлд итгэлтэйгээр, түүнийгээ байгууллагынхаа үйл ажиллагаандаа ашигла” гэж хэлэхийг хүсч байна.
Монголд эмэгтэйчүүд бизнес эрхлэх суурь боломж нь сайн тавигдсан. Харин одоо үүний хэрэгжилтэд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Ингэхийн тулд олон улсын туршлага судлах, гадаад харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Европын орнуудтай харьцуулахад Монголд нэлээд өөр нөхцөл байдал ажиглагддаг. Гэхдээ хөгжиж буй бусад орнуудтай харьцуулж үзвэл ялгаагүй, ижил түвшинд явж байна. Түүнчлэн сонгууль бүрийн дараах өөрчлөлтөөс хамаарч улс төрийн тогтолцоо, бизнесийн салбарын үйл ажиллагаа нь тасралтгүй өсөн дэвжиж чадахгүй байгаа нь анзаарагдлаа. Чингис хааны үед Монголын төрийн тогтолцоо төгс төгөлдөр байж. Тэгвэл одоо ч тэр түвшинд хүрэхүйц тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй. Европт дээр үед эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд их тэмцэл өрнүүлдэг байсан. Гэхдээ тэд хүйсийнхээ хувьд “Би эмэгтэй учраас” гэдэг тодотголд дулдуйддаггүй. Харин өөрийн чадвараар хүлээн зөвшөөрөгдөхийг хэдийнээсээ чухалчилсан. Харин өнөөдөр Монгол орны бизнесийн талбар Европоос эрс өөр байна. Тухайлбал, Европт аж үйлдвэр түлхүү хөгжсөн, маш олон салбар чиглэлээр эмэгтэйчүүд бизнест хүч үзэж болж байна. Тэгвэл өнөөгийн Монголд гол төлөв уул уурхайд суурилсан бизнесийн орчин хөгжиж байгаа нь Европ, Монгол бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн амжилт ололтыг харьцуулахад хүндрэлтэй байна.
Ч.УНДРАМ: СУДАЛГААНД СУУРИЛСАН ШИЙДВЭРҮҮД ГАРГАХЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА
(МУИС-ИЙН САНХҮҮ ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ)
_livetv.jpg)
-Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногийг “Нийтийн удирдлагын долоо хоног” болгон зарлаад байна. Манай Нийтийн удирдлагын тэнхим бакалавр, магистр, докторын түвшинд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Кристиан Штренгер захиралтай хамтран ажиллаж, компанийн засаглалын тухай түүний мэдлэг туршлагаас монгол эмэгтэйчүүддээ хуваалцъя гэж шийдсэн.
Бид өнөөдрийн сургалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн амжилтад компанийн ил тод байдал маш чухал болохыг, үүн дотроо компанийн санхүү болоод менежментийн асуудалд төлөөлөн удирдах зөвлөл, түүнд ажиллаж буй хүмүүсийн боловсрол, ёс зүй маш чухал гэдэг дээр голчлон ярилцаж, нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн аж үйлдвэрийн 4-р хувьсгал, IT-гийн эрин үе рүү шилжиж буй энэ цаг үед компанийн Удирдах зөвлөлүүд мэдрэмжтэй, цаг үеэ дагасан технологид суурилсан менежмент хийх, гэхдээ судалгаанд суурилсан шийдвэрүүд гаргах ёстойг чухалчиллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.