Өчигдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт болсон хурдан морины уралдаанд морь унасан 10 настай унаач хүүг “Морио түрүүлүүлж чадсангүй” гэх үндэслэлээр уяач М гэх хүн зодсон ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
Өчигдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт болсон дааган насны уралдаанд оролцсон 10 настай М-ийг уяач М гэх хүн зодсон хэргийг Төв аймаг дахь цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгалтын хүрээнд гэмтлийн зэргийг тогтоолгох, хэрэгт холбогдогч болон гэрчүүдээс мэдүүлэг авах зэрэг процессын ажиллагаа хийгдэж байна. Хүүхдийн гарыг зодож хугалсан эсэхийг шүүх эмнэлэг тогтооно. Хэдийгээр хохирогч хүүхэд цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй ч гэсэн олон нийтэд мэдээлэл нь түгсэн энэ хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа.