Боловсон хүчний урсгал 1990-ээд оноос эхлэн Азиас Ану, Канад, Их Британи руу чиглэн эрчимжжээ
2000 оноос Их Британийн Засгийн газар “Wolfson” сантай хамтран боловсролтой, чадварлаг залуусаа гаднын бусад орнуудаас авчрах бусад улсын чадварлаг боловсон хүчнийг татах олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Яг энэ хугацаанд АНУ-ын Засгийн газраас өндөр ур чадвар бүхий гаднын орнуудын чадварлаг боловсон хүчнүүдэд олгох H1B визнийхээ хугацааг сунгаж, жилд олгодог байсан визнийхээ тоог ч нэмсэн байдаг.
Тэгвэл үүнтэй адил буюу залуу боловсон хүчнээ хадгалж үлдэх бодлогыг Польшийн Засгийн газар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн тус улсын хоёр сая орчим залуу иргэн орлогын албан татвараас чөлөөлөгдөх юм байна. Тодруулбал, шинэ хуулийн дагуу жилд 85.528 злот буюу 22 орчим мянган ам.долларын орлоготой 26 хүртэлх насны залуус 18 хувийн орлогын албан татварыг төлөх шаардлагагүй гэнэ. Польш Улсын иргэдийн жилийн дундаж цалин 60 мянган злот буюу 15700 ам.доллар байдаг аж. Татвараас чөлөөлөгдөх залуусын тоог тус улсын Засгийн газраас хоёр сая орчим гэж тооцоолжээ. 2004 онд Польш Улс Европын холбоонд элссэнээс хойш тус улсын залуу үеийнхэн өрнөдийн орнуудад чөлөөтэй зорчиж, ажиллах боломж нээгдсэн юм. Үүний үр дүнд 15 жилийн хугацаанд Польшийг 1.7 сая гаруй чадварлаг боловсон хүчин орхижээ.
Мэргэшсэн боловсон хүчний урсгал 1990-ээд оноос Азиас АНУ, Канад, Их Британи руу чиглэн эрчимжжээ. Ер нь дэлхийн олон оронд чадварлаг боловсон хүчний шилжилт хөдөлгөөн өндөр байгаа бөгөөд одоогийн байдлаар чадварлаг боловсон хүчнүүдийн гол төв нь АНУ болоод байна. 1990 оноос хойш голчлон мэдээлэл технологийн салбарын өндөр ур чадвар бүхий 900 мянга орчим боловсон хүчин Энэтхэг, Хятад, Орос, Их Британи, ХБНГУ зэрэг улсаас “H1B” визний хөтөлбөрийн хүрээнд АНУ-д шилжин суурьшжээ.
Гэхдээ боловсон хүчнүүдийн хувьд АНУ цор ганц соронз биш юм. Сүүлийн үед Герман, Франц, Канад гаднын боловсон хүчинг татах арга хэмжээ авч эхлээд байгаа бөгөөд үр дүнгээ ч өгч байгаа юм. Түүнчлэн Шинэ Зеланд, Австри зэрэг орон ч гаднын боловсон хүчнүүдийг татах олон арга боловсруулж эхлээд байна. Хөгжиж буй орноос ирсэн боловсон хүчний олонх нь тухайн улсдаа үлдэх сонирхолтой байдаг нь судалгаанаас харагддаг. Тухайлбал, 1990-1995 оны хооронд АНУ-д докторт сурч байсан энэтхэг иргэдийн 79 , хятад иргэдийн 88 , япончуудын 15 хувь нь Америкт үлдэж, үргэлжлүүлэн ажиллаж амьдарсан байдаг аж.
Харин сүүлийн үед өндөр боловсролтой энэтхэгчүүд эх орон руугаа буцах тохиолдол өсч байгаа гэнэ. Олон улсын цагаачлалын байгууллагын тооцоолсноор, Африк тивийн 300 мянга орчим мэргэжилтэн Европ, Хойд Америкт ажиллаж байгаа гэсэн тоо байна. Ер нь Африкийн орнуудын өндөр боловсролтой иргэд гаднын орнуудыг зорьж ажиллаж амьдрах нь элбэг байдаг. “PwC” судалгааны байгууллагаас гаргасан “Modern Mobilty” тайланд онцолсноор цаашид хүний нөөцийн глобал нүүдэл хоёр дахин ихсэх хандлагатай байгаа ажээ. Бизнесийн хэл, мэдээлэл, тээврийн хөгжлийг дагаад хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн улам эрчимжинэ гэсэн үг. Компаниуд ч олон талт зах зээлд тоглохын тулд аль болох олон төрлийн мэргэжлийн хүн хөрөнгөөр багаа бүрдүүлэх сонирхолтой болж байна.
Эх сурвалж: http://oecdobserver.org/news/archivestory.php/aid/673/The_brain_ drain:_Old_myths,_new_realities.html

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.