СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европын холбоог нацист германтай адилтгадаг Ерөнхий сайд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Их Британийн эрх баригч Консерватив намын даргаар тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон сонгогдоод байна. Ингэснээр тэрбээр Тереза Мэйний халааг авч, Ерөнхий сайдын албан тушаалыг хашихаар болж байгаа юм. Консерватив намын 160 гаруй мянган гишүүний дунд явуулсан санал хураалтаар Борис Жонсон 92153 хүний санал авсан бол түүний өрсөлдөгч Жереми Хантын төлөө 46656 гишүүн саналаа өгчээ. Ерөнхий сайд хийгээд Консерватив намын даргаар Борис Жонсон сонгогдох магадлал өндөр байгаатай холбогдуулан өнгөрсөн даваа гарагт тус улсын Гадаад хэргийн сайд Алан Дункан огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн Жонсоныг сонгогдсон тохиолдолд албан тушаалаасаа огцорно гэдгээ Сангийн сайд Филип Хаммонд, Хууль зүйн сайд Дэвид Гауке нар илэрхийлээд байгаа юм. Гадаад төрхөөрөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг санагдуулам төрхтэй Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон нийгмийн дундаж давхаргаас гаралтай нэгэн. Тэрбээр зарим илтгэлээ латин хэлээр тавих зэргээр дээд давхаргынхны имижийг харуулдаг гэх шүүмжлэлийг багагүй хүртдэг билээ. Улстөрч, түүхч, бас сэтгүүлч. Түүний хувьд 2008-2016 онд Лондон хотын захирагчаар, 2016-2018 оны хооронд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрчийн нэг. Борис Жонсон Их Британийн улс төрийн эрин үеийг тэргүүлэгч гэж үнэлэгддэг улстөрчийн нэг бөгөөд жилийн 50 мянган ам.долларын төлбөртэй сургуульд өндөр боловсрол эзэмшсэн гэдгээрээ ч консервантчууд дундаасаа ялгардаг.

Түүний аав Стэнли Жонсон Колумбын их сургуульд эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бол өвөө нь сэтгүүлч мэргэжилтэй. Тэд өөрсдийгөө Их Британийн II Георг хааны үр удам гэдэгт гүнээ итгэдэг. Борис Жонсонгийн эцэг эх 1963 онд гэрлэсэн бөгөөд энэ жилдээ хосууд Америк руу нүүж байжээ. Түүний ээж нь сэхээтэн гаралтай зураач. Борис айлын ууган хүүхэд бөгөөд хоёр дүүтэй. 1969 онд тэдний гэр бүл Их Британид буцаж ирсэн байна. Дүү нартай нь харьцуулахад тэрбээр дуу цөөтэй атлаа нэлээд шаргуу хөдөлмөрч нэгэн байжээ. Тэрбээр ахлах сургуулиа төгссөний дараа “Eton” коллежид тэтгэлэгээр суралцсан бөгөөд дараа нь “Oxford”-ийн их сургуульд мөн л тэтгэлэгээр сурсан байна. 1987 онд Мостин Оуен гэх эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд ажлынхаа гарааг “L.E.K” хэмээх хувийн компанид менежмэнтийн зөвлөхийн карьераар эхлүүлж байв. Тэрбээр ажлынхаа хажуугаар сонин болон сэтгүүлд нийтлэл бичдэг байсан нь олон хүнд хүрч өөрийн гэсэн уншигчидтай ч болоод амжжээ. Тун удалгүй ажлаа ч сольж өдөр тутмын “Telegraph” сонинд ажиллах болов. Түүний нийтлэлийг голчлон дунд эргэм насныхан болон консерватив үзлийг дэмжигчид уншдаг байв. Учир нь тэрбээр латин болон хуучны үг хэллэг ашигладаг байсан бөгөөд зарим нэгэн нийтлэл нь эртний уран зохиолыг санагдуулам байдаг байж. 1999 онд “Telegraph”сонины ерөнхий редактор болов. Харин 2000 онд Консерватив намаас нэр дэвшиж парламентын гишүүн болсноор түүний улс төрийн карьер эхэлжээ. Тэрбээр Лондон хотын даргаар ажиллаж байхдаа 2008 оны Лондоны зуны олимпийг амжилттай зохион байгуулж байсан юм.

ДУГУЙГААР АЖИЛДАА ИРДЭГ САЙД

Борис Жонсон унадаг дугуйгаар ажилдаа ирдгээрээ багагүй алдаршаад авсан. Түүнийг өндөр албан тушаал хашдаг хэдий ч энгийн, ард иргэдийн адил эгэлгүй даруухан байдлаар аж төрдөг хэмээн олон нийтийн сүлжээгээр магтан, зураг хөрөг нь хаа сайгүй тархаж байв. Гэвч Британийн Цагдаагийн газраас сайдыг унадаг дугуйгаар ажилдаа ирэхийг хориглосон байна. Түүнийг террористуудын бай болж болзошгүй хэмээн сэрэмжилж ийм арга хэмжээ авчээ. Тэрбээр хот дотор унадаг дугуйгаар явахыг ихэд хөхиүлэн дэмждэг хүн бөгөөд чухам энэ төрлийн унаа л Лондон хотыг түгжрэлээс сэргийлнэ гэж үздэг байна.

ДОНАЛЬД ТРАМПТАЙ ҮНСЭЛЦЭВ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсных нь дараа Дональд Трамп Борис Жонсон нарын халуун дотноор үнсэлцэж буй зураг Британийн Бристолд асар том хананд зурагдсан. Энэ зураг маш том учир агуулгатайгаар зурагдсан гэнэ. Тодруулбал, Их Британи Европын холбооноос гарах эсэх талаар санал асуулгаас урьтаж энэ зургийг зурсан аж. Европын холбоонд үлдэхийг ард иргэд дээ хандан уриалах үүднээс “Бид бол Европ” гэх байгууллага захиалан зуруулжээ. Зураг дээрх хоёр эрхэм хоёулаа Их Британийг Европын холбоог орхихыг дэмжигчид юм. Тус байгууллагын нэгэн ажилтан “Ард иргэд энэ ханыг хараад нэгийг бодох ёстой” хэмээн ярьжээ. Өмнө нь Литва Улсад Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын үнсэлцэж буй зураг зурагдаж байсан удаатай билээ.

ЗӨРЧИЛДСӨН Ч НАЙЗУУД ХЭВЭЭР

Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон, Борис Жонсон нар дотны найзууд. Тэдний намтар ч ойролцоо. Хоёр улстөрч нэг сургууль төгссөн, хамтдаа улс төрийн карьераа эхэлж, бие биеэ үргэлж дэмждэг байжээ. Гэвч Их Британийг Европын холбооноос гарах тухай асуудал хоёр найз, улс төрийн хамтрагчдыг салгаж орхив.

Дэвид Кэмероны хувьд Их Британийг холбооны гишүүнчлэлээ хадгалж үлдсэнээр хямралаас зайлс хийж чадна гэж үзсэн юм. Харин Борис Жонсон Европын холбоо өргөжиж байгааг нацист Германы төлөвлөгөөтэй харьцуулжээ. Жонсоны үзэж байгаагаар Европын холбооны удирдлагууд Европын бүх орныг нэгтгэж, нэгдмэл хүчирхэг улс байгуулахыг оролдож байгаа гэнэ. Өмнө нь Наполеон, Гитлер нар ийм зорилго тавьж байсан бөгөөд үүндээ хүрэхийн тулд өөр өөр арга барил хэрэглэж байсан гэж Жонсон мэдэгдсэн юм. Ийнхүү улс төрийн үзэл зөрчилдсөнөөс болж анд нөхдийн харилцаанд сэв суужээ. Дэвид Кэмерон энэ талаар “Би Бористой урьдын адил найзууд хэвээрээ. Гэхдээ тийм ч дотно биш” хэмээсэн байна.

ГУДАМЖИНД ХОНОВ

Их Британийн орон гэргүй ахмад дайчдыг дэмжиж, тэдэнтэй нэгдмэл байгаагаа илэрхийлэн Борис Жонсон Лондон хотын дарга байхдаа, “The Independent” сонины эрхлэгч Евгений Лебедев нар хотын гудамжинд хоносон. Тэрбээр кортонон цаасан дээр унтаж, даарч хоносныхоо маргааш нь хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Хэцүү цаг үед улс орныхоо төлөө алба хааж байсан ахмад дайчид төсөөлж барамгүй хүнд нөхцөлд амьдардаг юм байна. Одоо хотын захиргаа энэ иргэддээ туслах ёстой. Засгийн газар, сайн дурын байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд эзэндээ хүрэх ёстой” гэж ярьсан байдаг. Лондоны гудамжинд 2040 жил амьдарч байгаа ахмадууд цөөнгүй байдаг аж. Гэхдээ тэр хэлсэн үгэндээ хүрч орон гэргүй хүмүүсийг байрлуулах газар олноор байгуулсан бөгөөд түүнийг хотын дарга байхад орон гэргүйчүүдийн тоо эрс буурсан байна.

ЛОНДОН ХОТЫН ДАРГА БАЙХДАА 1.5 САЯ ФУНТИЙГ АГААРТ ЦАЦАВ

Лондоны засаг дарга байхдаа Борис Жонсон агаар цэвэршүүлэх ажиллагаанд 1.5 сая стерлингийн фунт зарцуулсан ажээ. Энэ нь үнэн хэрэгтээ агаарын бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэж, мод зүлэг суулгаж, дугуйн зам тавихаас ч үр дүн муутай зүйлд зарцуулагдсан гэнэ. Тэрбээр агаар цэвэршүүлэх химийн бэлдмэл агаарт цацжээ. Тус химийн бэлдмэл нь бохир бөөмсөд наалдаж, газарт буулгах ёстой байж. Энэ арга барилыг Лондон даяар 15 цэгт хэрэглэж байсан ч үр дүнгээ өгөөгүй байна.

БАРАК ОБАМАГ ИХ БРИТАНИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧ ХЭМЭЭН ҮЗДЭГ

“The Sun” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа Европын Холбоонд Их Британийг үлдээхийг дэмждэг Обамагийн бодлогыг шүүмжлээд “Барак Обамагийн эцэг Кени гаралтай тул колоничлолын үеэс уламжилж ирсэн Британийн эсрэг үзэлтэй хүн” хэмээж байжээ. Зүүн Африкийн Кени Улс нь 1963 онд цуст тэмцлийн дүнд Британийн колоничлолоос салж байсан юм. Жонсон 2012 онд Обамаг Цагаан ордонд ирснийхээ дараа тус ордны алдарт Зууван танхимаас Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хөрөг зургийг гаргасан явдлыг дурдаад “Уг шийдвэрт Ерөнхийлөгч оролцсон эсэхийг мэдэхгүй ч зарим хүн үүнийг Кени гаралтай Ерөнхийлөгчийн Британийн Эзэнт гүрэнд таагүй ханддагын илрэл гэж үздэг. Учир нь Черчилль бол Бри танийн төлөө цогтой тэмцэгч байсан юм” гэж байжээ. Харин Обама Жонсоны мэдэгдлийг уншчихаад “Хар арьст хүн Британичуудад дургүй байдаг юм уу” гэж Аюулгүй байдлын зөвлөх Родсоос асууж байжээ. Борис Жонсон хэлсэн үгнийхээ төлөө дотооддоо хүчтэй шүүмжлүүлж бай гааг энэ үед Родс тайлбарлахад Обама “Тэгвэл Бо рис тэдний хувьд Трамп юм байна” гэж хэлсэн байдаг.

ХУВИЙН АМЬДРАЛ

Ер нь Борис Жонсоныг үлгэр жишээ нөхөр гэж хэлж болно. Тэр хоёр удаа гэрлэсэн бөгөөд дөрвөн хүүхэдтэй. Гэхдээ Британийн хэвлэл байн байн түүнийг эхнэрийнхээ араар тавьдаг гэж буруутгадаг. Тэд 2004 онд сэтгүүлч Петронелла Уайатт гэдэг эмэгтэйтэй, 2006 онд Анна Фазакерли гэдэг бас нэг сэтгүүлчтэй явалдсан хэмээн бичиж байжээ. Өнгөрсөн 2017 онд Лондоны хэвлэл мэдээллийнхэн уран барилгачин Хелен Макинтайрын охиныг Жонсоны хүүхэд гэв. Ямар ч тохиолдолд гэр бүлийн тогтворгүй байдлын бэлгэдэл болохыг хүсэхгүй учир Жонсон шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байсан юм.

ХАТАН ХААНЫ ГЭР БҮЛИЙГ УНАДАГ ДУГУЙГААР ХАНГАГЧ

Шинээр мэндэлсэн Британийн хаан ширээ залгамжлагч Кембрижийн хунтайж Жоржид анхны хувийн унаа болох гурван дугуйтыг бэлэглэсэн хүн бол Борис Жонсон. Уг унадаг дугуйны номер нь Жорж хунтайжийн төрсөн сар, өдөр бөгөөд жолоон дээрх логог жаалхүүгийн нэрээр орлуулан сийлжээ. Борис Жонсон бол дугуйн спортод үнэхээр хорхойтой нэгэн. Тэрбээр хатан хааны гэр бүлийн бараг бүх гишүүнийг унадаг дугуйгаар хангасан гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, 2011 онд дөнгөж гэрлэ сэн Уильям, Кейт хоёрт хоёр хүний унадаг дугуй бэлэглэж байсан түүхтэй.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.