Т.САЙХАН
“Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл өчигдрийн /07.03/Засгийн газрын хуралдаанаар “Жаст”-ын Ш.Батхүүгийн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтуудыг олон нийтэд ил болгохоор шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар “Жаст" группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй холбоотой 180 орчим объект байна гэжээ. Үүнийг 98 тэрбум төгрөгийн хөрөнгө гэж үнэлсэн байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Ийм байдлаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан бүлэг хүмүүс байна. Тухайлбал, Хөгжлийн банкинд нэг ч төгрөгийн зээлээ төлөөгүй хүмүүс байна. Эдгээр хүмүүс шүүхэд өг гэдэг. Шүүхэд өгнө гэдэг нь тэдний хувьд бахдалтай зүйл. Учир нь авсан зээлийнхээ 10-15 хувийг авилгач шүүгч нарт өгөөд хөөн хэлэлцэх хугацааг дуусгаад, хэргийг замхруулдаг. Ш.Батхүү улсыг 160 орчим сая ам.долларын өрөнд оруулсан. Тиймээс үл хөдлөхийн битүүмжлэлийг нь ил тод болгож болгож байна. “Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө “Жаст”-ын Ш.Батхүүд байна” гэлээ.