“Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
Улсын их хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах, гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, гарц шийдлийн талаар салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, Олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөлтэй санал солилцох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын эмэгтэй гишүүд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар Их дээд сургуулийн судлаач нар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцохоор ирсэн.

Хэлэлцүүлэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын “Халамжаас хөгжлийн үйлчилгээ рүү, Халамжаас дэмжлэг рүү” сэдэвт илтгэлээр эхлэв.
Үүний дараа МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, доктор С.Түмэндэлгэр “Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ” сэдэвт судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулах юм.
Мөн “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбат мэдээлэл хийнэ. Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Хүүхдийн хөгжил хамгаалалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийх аж.
Өнөөдрийн хэлэлцүүлгээс гаргасан санал зөвлөмжүүдээ Гэр бүлийн тухай хууль болоод холбогдох бусад хуулиудад тусган, цаашид гэр бүлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх боломж бүрдүүлэхэд анхаарахаар, УИХ-дахь эмэгтэй гишүүд нэгдэн ажиллах болж буйг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.