Ж.Батзандан: Мухар хутга шиг энэ байгууллагад эрхийг нь олгох хэрэгтэй
“2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг бид өмнө нь баталсан. УИХ-ын 2016 оны 83-р тогтоолын хэрэгжилт 2018-оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байх ёстой. Энэ дагуу өнөөдөр гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Мэргэжлийн хүмүүсийг дүрэмд заасны дагуу оруулж ирж байгаа гэж бодож байгаа. Улсын төсөв тогтворгүй болсон учраас төсвийн тогтвортой байдлын хэрэгжилтэд хяналт тавиулахаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл”-ийг байгуулж байна гэж ойлгоно. Гэхдээ энэ зөвлөл нь зөвхөн дүгнэлт болон зөвлөмж гаргаж, УИХ дахь Төсвийн байнгын хороонд хүргүүлэх, Монгол банк болон Сангийн яам мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах ийм л байгууллага. Яг л авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй адилхан. Зөвлөмж хүргүүлдэг, дүгнэлт гаргадаг.
Гэтэл та бүхний дүгнэлт зөвлөмжийг хүлээж авахгүй бол яах вэ? Өнөөдөр Монголын төрийн зовлон ийм болчихоод байна. Бүгд дүгнэлт гаргадаг, зөвлөмж хүргүүлдэг. Жишээлбэл, “Хүний эрхийн комисс” хэмээх байгууллага байгуулсан зөвлөмж гаргадаг, дүгнэлт хүргүүлдэг. Хүний эрхийн комиссын зөвлөмжийг хүлээж авахгүй бол яах нь тодорхойгүй. Мухар хутга шиг. Ийм иргүй хутга шиг байгууллагуудыг байгуулаад байдаг болчихлоо. Уг нь энэ бол байх ёстой л байгууллага. Гэхдээ дүрэм нь энэ байгууллагыг мухар үхэр шиг болгочихлоо.
Төсвийн байнгын хороонд зургаан сар болгон зөвлөмжөөр дүгнэлтээ хүргүүлнэ гэж байна. Төсвийн байнгын хороо чинь хүлээж авахгүй бол яах юм? гэдэг асуудлыг гишүүд бодоорой. Олон байгууллага байгуулж, олон хууль Монгол Улс баталлаа. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй юм. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд дахиад байгууллага байгуулахдаа эрхийг нь өгөхгүй байгаа асуудлыг Төсвийн байнгын хорооны дарга, эрх баригч нам бодож үзнэ биз.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хяналт тавина гэж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа барьж байгаад “өөрчилнө” гээд оруулж ирж байна. Энэ хуулиар төсвийн алдагдал, түүний хэмжээ зэргийг тодорхой заасан. Олон ч удаа өөрчиллөө. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын 3/2-оор өөрчилнө гэсэн хуулийн заалттай байсныг Үндсэн хуулийн цэц дээр аваачаад унагачихсан. Одоо өрийн хэмжээг дураараа нэмдэг болсон. Энэ мэтээр та бүхний өмнө том үүрэг даалгавар байгаа. Төсвийг тогтворгүй болгодог дураараа дургидаг байгууллагуудтай та нар тэмцэх ёстой. Харамсалтай нь та бүхэнд бодит эрхийг бас л өгөөгүй. Гэхдээ байгаа эрх үүргийнхээ хүрээнд хичээж ажиллаарай, заавал Төсвийн байнгын хороо хуралдахыг хараад байлгүй, гишүүдийн өрөөгөөр ороод төсөв хэтрэлт ийм хувьтай явж байна гээд мэдээлэл тодорхой өгч байгаарай” хэмээн хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.