АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав
Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг их сургуулиудын нэг Оксфорд хиймэл оюун ухааны ёс зүйн судалгааны шинэ хүрээлэнтэй болох гэж байна. Хүрээлэнгийн бүтээн байгуулалтад зориулж АНУ-ын тэрбумтан Стивен Шварцман 150 сая фунт стерлингийн хандив тусламж үзүүлсэн нь нэг хүний өгсөн хамгийн том хандив болж байгаа юм.
Их Британийн Засгийн газар ноён Шварцманы хандивыг дэлхий дахинд онцлох чухал хөрөнгө оруулалт гэж мэдэгдсэн байна. Брекситээс шалтгаалан Их Британийн их дээд сургуулиудын судалгааны төсвийг цаашид хэрхэн шийдвэрлэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. Энэ удаагийн хандиваар босох шинэ судалгааны төв концертын танхим болон бусад олон нийтийн арга хэмжээнд зориулсан төвүүдийг байгуулна.
Шварцман нь Blackstone фирмийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд Америкт олны танил тэрбумтнуудын нэг. Түүнийг хэтэрхий гар султай, үрэлгэн хэмээн эдийн засгийн сэтгүүлүүд шүүмжилж байсан ч сүүлийн жилүүдэд боловсролын салбарын гол хандивлагч болсон.
“Хиймэл оюун ухаан бол манай эриний чухал технологи учраас дэмжихийг хүссэн. Оксфорд бол дэлхийн шилдэг их сургуулиудын нэг” гэж тэрбумтан ярьсан байна.

Шварцман Оксфордоос өмнө Массачусеттсын технологийн хүрээлэнд 350 сая ам.доллар хандивлаж хиймэл оюун ухаан, комьпютерын төв барихад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Хиймэл оюун ухаан технологийн чухал ололт амжилт боловч хэт их хөгжвөл хүн төрөлхтөн ажлын байраа алдах зэргээр нийгэмд сөрөг нөлөөтэй байж болзошгүй хэмээн зарим эрдэмтэд сэрэмжилдэг.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.