Шинэ санаа өндөглүүлэгч дундын оффис
Монголд дундын оффис гэдэг зүйл дэлгэрээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. “Сoworking space” буюу дундын оффисыг “бусадтай хамт зэрэгцэн ажиллахад зориулсан орон зай” гэж ойлгож болно. Дундын оффис гэх тодорхойлолтыг Берние Дековен анх 1995 онд гаргаж байсан бол хамгийн анхны дундын оффисын төв 2005 онд Сан Францискод үүд хаалгаа нээж байжээ. Харин 2015 оноос эрчимтэй хөгжиж, одоогоор дэлхийн 105 оронд 11500 гаруй нээлттэй дундын оффис албан ёсны бүртгэлтэй ажиллаж байна. Ирээдүйд “чулуу” болох гоё санаа өвөртөлсөн, эсвэл дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа залууст хамгийн тохиромжтой орчин.
Зүүн өмнөд Азийн орнууд тэр дундаа Шанхай, Сингапурт энэ чиглэлийн оффис хүчтэй хөгжиж байгаа аж. Энд ажил олгогчийн хүсдэг өндөр үр бүтээмж, ажилтны хүсдэг тав тух хосолсон байдаг учраас л хүмүүсийн анхаарлыг татаж буй хэрэг. Ганцаараа дөрвөн хананы дунд ажиллаад байхаас илүүтэй бусдаасаа суралцах том давуу талтай. Эхлэл хөрөнгө шаардахгүй энэ газар зөвхөн нөүтбүүкээ аваад очиход л болох юм. Энэ газар манай улсад саяхан л ганц хоёроор тоологдож байсан бол өнөөдөр долоо болж өргөжжээ. Үүнийг дагаад манай залуус ч шинэхэн санаагаа өвөртлөөд дундын оффисыг олноороо зорих болсон байна. Ихэвчлэн гарааны бизнес эрхлэгчид нэг дор цугладаг учраас санал бодлоо солилцох, бизнесийн ментороос зөвлөгөө авах цаашлаад хөрөнгө босгох гээд олон боломж энд л бий. Хүссэн үедээ сууж ажиллан тухайн клубын зохион байгуулсан арга хэмжээнд оролцон бизнес загвараа хөгжүүлэх гээд олон давуу талтай.
Зөвхөн гарааны бизнес ч гэлтгүй орчин үеийн компаниуд уламжлалт оффисоос татгалзаж энэ чиглэлийн тав тухтай, бүтээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэжээ. Дундын оффист хүссэн хүн бүр очиж суух боломжтой бөгөөд үнийн хувьд ч боломжийн бөгөөд цаг, өдөр, долоо хоног, нэг сар, зургаан сар болон жилээр нь түрээслэх боломжтой юм. Ингээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дундын оффисуудыг шинэ санааг тээгч залуустаа танилцуулж байна.
Монголын анхны дундын оффис “Club working”
“Club Coworking” бол Улаанбаатар хотод байгуулагдсан анхны томоохон дундын оффис юм. Тийм ч учраас дундын оффис гэж ямар байдаг, юу, юу санал болгодгийг бидэнд анхлан танилцуулсан газар гэж хэлж болно. Хотын төвд байрлалтай энэхүү газарт Brainstorm, UB Passport, Happy Home, 24 тэргүүтэй гарааны бизнес эрхлэгчид байрладаг. Дотоод тохижилт, цонхоор харагдац сайтай бөгөөд үйл ажиллагаа нь тогтмол жигдэрсэн газар юм.
Хаяг: Blue Sky-ийн урд, ICC Tower-ийн 13 давхарт
Цагийн хуваарь: 09.00-19.00
Холбоо барих утас: 70070004
Фэйсбүүк хуудсанд зочлох: Club Coworking
Зөгийнүүдийн үүр “Sms-startup marketing space”
“Зөгий шиг бай” уриатай SMS дундын оффист ажилсаг зөгийнүүд ихээр цуглана. Гоёмсог дотоод тохижилтоороо шууд л анхаарал татах тус дундын оффисыг Монголын үндэсний маркетингийн холбоо эрхлэн ажиллуулж байгаа юм. Тийм ч учраас маркетингийн хүмүүст зориулсан олон сургалт, арга хэмжээг явуулах нь ойлгомжтой. Мөн гишүүддээ хэрэгцээт хүмүүс, байгууллагууд, үйлчилгээнүүдийг холбож өгөхдөө нэлээд анхаардаг байна. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөгөө, судалгаа, мэдлэг мэдээллийн бааз сайтай. Хэрэв та ямар нэгэн бизнес эрхэлдэг бол энд ирээд сонирхсон чиглэлийнхээ судалгаатай танилцах, мэргэжлийн зөвлөгөө авах бүрэн боломжтой. Одоогоор технологи, үл хөдлөх болон эко бордоо хийдэг компаниуд суурьшин ажиллаж байна.
Хаяг: удэт-ын дэргэд, Business Tower-ийн 19 давхарт
Цагийн хуваарь: 08.00-22.00
Холбоо барих утас: 75776777
Фэйсбүүк хуудсанд зочлох: SMS - Startup Marketing Space
Сингапурын дундын оффисын салбар “Workcentral mongolia”
Сингапур дахь “Work central” төвийн монгол дахь салбар юм. Цоо шинэхэн бас Сингапурт туршигдсан дундын оффис. Энэ төвд бүртгэлтэй бол Сингапур дахь төв салбарт нь үнэгүй суух боломжтой. Байгуулагдаад удаагүй ч аль хэдийнэ өөрсдийн гишүүдтэй болсон. “Work central”-ийн зорилго бол зүгээр л сандал ширээ түрээслэх биш илүү зүтгэлтэй, тууштай залуусыг ирээдүйд бизнес эрхлэхэд нь дэмждэг гарааны бизнес эрхлэгчдийн амжилтын төв болохоор ажиллаж байна. Үүсгэн байгуулагчид нь “Start up Mongolia” ТББ учраас зургаан жилийн туршлага, боловсон хүчин, чадварлаг менторуудтай.
Хаяг: “Pro One” оффисын 18 давхарт
Цагийн хуваарь: 08.00-23.00
Холбоо барих утас: 88137000
Фэйсбүүк хуудсанд зочлох: Workcentral Mongolia
Уран бүтээлчид цуглах “Greative club”
Хурц тод өнгөний шийдэл, амарч тухлах буйдан, цэлгэр цонх гээд яах аргагүй уран бүтээлчдийн орон зайг бүрдүүлж чадсан энэ газар бол Creative Club. Гишүүд нь ч зураач, дизайнер, зурагчин, сэтгүүлчид. Улаанбаатарт байгаа уран бүтээлчдэд зориулсан ганц дундын оффис. Телевиз, дуу бичлэгийн студи, хэвлэх үйлдвэр зэргээр ашиглах боломжтой. Гишүүдээ шалгуураар авдаг, уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд гэрэл гэгээтэй мэдээ мэдээлэл түгээх зорилготой.
Хаяг: 19-р хороолол, Петровис Штсын зүүн талд, “гэрэл Медиа” группийн байр
Холбоо барих утас: 70003535
Фэйсбүүк хуудсанд зочлох: Creative Club
Гарааны бизнесийг дэмжих “Startup terminal”
Стартап Терминал нь 2017 оны наймдугаар сараас хойш үйл ажиллагаагаа эхлүүлж өдгөө 16 гишүүн гарааны бизнес буюу 38 хүнтэй дундын оффисын ам бүлтэй болж нийтдээ 50 гаруй арга хэмжээг зохион байгуулжээ. Энэхүү дундын оффисын гол зорилго нь гарааны бизнесийн экосистемийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж, гарааны бизнесүүдийн дотоодын эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг нэмэгдүүлж, олон тооны амжилттай гарааны компаниудыг бий болгоход шаардлагатай хөнгөлөлттэй оффис, хурдасгуур хөтөлбөр, менторшипын үйлчилгээг үзүүлэх юм.
Хаяг: Баянзүрх дүүрэг, XXVI хороо, их Монгол цогцолбор 3 давхар
Цагийн хуваарь: 09.00 – 22.00 Холбоо барих
Утас: 7001981
Фэйсбүүк хуудас: Startup Terminal
Хамгийн сүүлд байгуулагдсан “Nomadico”
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зургаан дундын оффисын отгон нь “Nomadico” юм. Бусдаасаа ялгарах онцлогтой энэ газарт ихэвчлэн хурал, уулзалтууд болдог аж. Уулзалт, хурлын бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Хэрэв та “Nomadico”-д хурал уулзалт зохиовол уулзалтын үеэр үдийн цай, өдөр, оройн хоол гэх мэт зүйлсийг цогцоор нь шийдэж өгдөг байна. Товчхондоо хурал, уулзалтад зориулсан дундын оффис юм.
Хаяг: Муис-ийн бизнесийн сургуулийн ард “GB” төвийн байранд
Цагийн хуваарь: 09.00-18.00 Холбоо барих
Утас: 70000923
Фэйсбүүк хуудас: Nomadico Business Center
Улаанбаатар инновацийн төвийн “HUB coworking”
Ажлын орчны ирээдүй болсон “HUB Coworking” нь таатай байршил, тухлаг орчинтой, эрч хүчтэй олон залуучууд цугласан, оюунлаг арга хэмжээ, хөтөлбөрөөр буцалсан газар юм. Оффис нь хүн хүний ажиллах арга барилд тохирсон долоон өөр суух байршилтай. Мөн инновацийн төв байрладаг учраас инновацийн төвийн бүхий л үйл ажиллагаанд хөнгөлттэй болон үнэгүй оролцох боломжтой байдаг гэнэ.
Цагийн хуваарь: 08:00-22:00
Хаяг: Төв бассейны хойно байрлах улаанбаатар чуулгын залгаа HUB инновацийн төв
Холбоо барих утас: 99126977, 99118236
Фэйсбүүк хуудас: HUB innovation center
М.Дуламсүрэн

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.