100,000 иргэн лаа барьж Тяньаньмины талбайд амиа алдсан жагсагчдыг хүндэтгэв
Хятадын нийслэл Бээжин хотын төв талбайд 30 жилийн өмнө болсон жагсаалыг Хонконг, Тайвань, Макаод эргэн дурсав. Өчигдөр Тяньаньмины талбайн орчимд аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалж нам гүмхэн байсан хэдий ч Хятадын тусгай бүсүүдэд олон зуун мянган иргэн лаа барьж амиа алдсан гэм зэмгүй оюутнуудын дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.
Хонконгийн олон нийтийн эзэмшлийн Викториа цэцэрлэгт хүрээлэнд 100,000 иргэн цуглаж эрх чөлөө, ардчиллын төлөө амиа алдсан залуусын дурсгалыг хүндэтгэж лаа барив. Харин цагдаагийн газраас 40,000 хүн жагсаалд оролцсон гэжээ. Викториа цэцэрлэгт хүрээлэн хөлбөмбөгийн зургаан талбайтай дүйцэхүйц хэмжээтэй юм.
Хятадын Засгийн газар 1989 оны зургадугаар сарын 3-4-ний шөнө жагсагчдыг хүчээр дарж номхотгосон тухай аль болох үр хойчдоо мартагнуулахыг хүсч байна гэж олон улсын эх сурвалжууд мэдээлэв. Тус улсын тусгай бүс Хонконг, Макаогоос бусад газарт энэ өдөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах эрхгүй юм. Тайвань болон Макаод мөн иргэд нэгдэж лаа барин жагссан тухай BBC мэдээлжээ.

Хонконгийн лаатай жагсаалд оролцогсод хар өнгийн хувцас өмсөн гашуудлаа илэрхийлсэн бол зарим нь уйлж, зарим хэсэг нь “ард түмэн мартахгүй” хэмээн уриалж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.