СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмгөөлөгч Л.Санжаасүрэн: 15 жил нууцалж, Монголын нэр хүндийг сэвтээсэн хариуцлагаа төр үүрэх цаг ирсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Г.Отгонжаргал

Цаг хугацаа хэрвээ өөрөө шүүгч байдаг бол гэсэн бодол заримдаа та бид ний хэнийг нь ч ээрэх үе байдаг байх. Яг л тийм бодолд ээрэгдэж, басхүү өнгөрсөн хугацааны ээдрээт түүхийн үнэнээс олж мэдэх хүсэлд хөтлөгдөн өмгөөлөгч Л.Санжаасүрэнтэй ярилцах цаг тохироод чамгүй өдрийг үджээ. Энэ хугацаанд УИХ-аас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо гэгчийг байгуулж, цөөн тооны сэтгүүлчид болон УИХ­-ын гишүүдэд уг хэргийг илрүүлэх явцад яллагдагч, сэжигтнүүдэд хэрхэн эрүү шүүлт үзүүлсэн тухай бичлэгийг дэлгэсэн гээд цөөнгүй үйл явдал өрнөсөн байх юм. Эдгээртэй зэрэгцэн уг хэрэгт сэжиглэгдэж, хилийн чинадаас баривчлагдаж ирсэн ч эцэстээ эрүү шүүлтийн улмаас амиа алдсан талийгаач Д.Энхбатын хүүхдүүд аавынхаа нэр хүндийг сэргээн, цагаатгуулахаар төрийн өндөрлөгүүдэд өргөдөл бичсэн нь ч хэвлэл мэдээлэлд ил болсон.

Бүр цаашилбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг үүрэг гүйцэтгэсэн мөрдөн байцаагчдынх нь хамт баривчилсныг ч орхигдуулж болохгүй. Энэ мэт нэг эмгэнэлт хэргийг тойрсон ээдрээтэй, дуулиантай шуугиантай атлаа учир нь үл олдох олон үйл явдлын араас түү нийг албан ёсоор дахин ярилцлагад урьж, дараах асуултад хариулт авснаа хүргэе. Нэгэн цагт Хууль зүйн дэд сайд, Сөрөг тагнуулын газрын дарга явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа улсын нууц задруулсан хэргээр ял сонсож байсан бөгөөд энэ сарын 8-­ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга болон Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт хандан цагаатгах өргөдөл бичсэн юм.

 

АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН ҮЕД НАМАЙГ БНМАУ-ЫН ТУШААЛААР ЯЛЛАСАН

-Таны өргөдлийн хариу хэзээ гарахыг мэдэхгүй ч ярилцлага авахаар уулзаж буй шалтгаан нь ер нь өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөн юм бэ гэдгийг тодруулах хүсэлтэй холбоотой гэдгийг юун түрүүнд уламжлая. таныг татгалзахгүй гэж найдаж байна.

-Асуудалгүй дээ. Асуултаа л асуу.

-Тэгвэл юун түрүүнд таны харж байгаачлан, бодож санаж байгаачлан цагаатгах үндэслэл чухам юу вэ?

-Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт барь сан өргөдөлдөө ямар ч гэмт хэрэг үйлдээгүй учраас намайг цагаатгана уу гэсэн хүсэлтээ илтгэсэн. Тэр тухайгаа ч өргөдөлдөө нэлээн дэлгэрэнгүй сайн тайлбарлан өгүүлсэн байгаа.

-Асуудлыг эхлэлээс нь ойлгох үүднээс хоёулаа 1994 он рүү очих ёстой болов уу даа. Учир нь, танд шүүхээс 1994 онд ял оноосон байдаг.

-Товчхон хэлэх юм бол Монгол Улсын нууц задруулсан гэж 1994 онд шийтгэгдсэн. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 25 жил өнгөрсөн байна. Би бас асуудлыг тодорхой ярихын тулд жижигхэн түүх эхлээд ярих ёстой юм болов уу гэж бодоод байна. Учир нь, 1990 онд МАХН-ын засаглаж байсан БНМАУ бүрэн унасан. Ингэснээр ардчилсан гэх Монгол Улс тогтсоныг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ төр нь унасан ч босоо МАХН­-тай хамт ардчилсан гэж өөрсдийгөө өргөмжилсөн олон нам нийлж байж 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, улс орон даяар мөрдсөж эхэлсэн. Гэтэл 1994 онд надад Монгол Улсын нууц БНМАУ-­ын Сайд нарын Зөвлөлийн 1991 оны 206 дугаар тогтоол, мөн БНМАУ-­ын НАХЯ-­ны Сайдын тушаал мөрдөж, 1966 онд гарын үсэг зурсан “баталгаа”-­г буцаан хэрэглэх замаар ял өгсөн байдаг юм.

-Ингэж шийтгэх болсон шалтгаан нь тэгвэл юу юм бэ? 

­Болсон явдал ер нь бол их тодорхой л доо. Миний бие тухайн үед Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт ажиллаж байсан. Миний хариуцсан алба маань Монгол Улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж болох үйлдлийг хууль нийцүүлэн таслан зогсоох, баримжуулах үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байлаа. Гэтэл тэр үед Монгол Улсад өмч хувьчлал нийгэмд эрчтэй өрнөсөн. Улсын гэх бүх өмч хөрөнгийг МАХН болон шинэ төрийн эрх баригчид овжин ашиглаж, хээл хахууль, хүнд суртлын сүлжээ үүсгэсэн байдаг. Өмнөх төрд эрх мэдэлтэй явсан зарим нэг нь хуучнаа сэдэж, тухайн үеийн албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөрөнгөжих, нөгөө талаар шинэ үетэй тооцоо хийж эхэлсэн. Улмаар эрх мэдэлтэй цөөнх нь эдэлж байгаа албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглан, танил тал ах дүүс хуйвалдсан сүлжээ буюу МАФИ үүссэн. Гэтэл тэр мафитай тэмцэж эхлэнгүүт шууд БНМАУ-­ын тотгоол ашиглаж, намайг улсын нууц задруулсан гэж ялласан. Энэ тухай цагаатгах хүсэлт гаргасан хүний хувиар би өөрөө дэлгэрэнгүй ярих нь жаахан зохисгүй үйлдэл болж мэдэх учраас дараа хоёулаа дэлгэрэнгүй үргэлжүүлж ярьсан нь дээр байх аа. 

-Асуудалгүй ээ. гэхдээ таныг ер нь цагаатгах болов уу. Танд итгэл төрөх юм уу?

-Түрүүн би ардчилсан Монгол Улсын үед БНМАУ­-ын хууль, сайд нарын тогтоолыг буцаан хэрэглэх замаар намайг шийтгэсэн гэдгийг хэлсэн. Иймд намайг шийтгэсэн тэрхүү шийтгэлээ цагаатгасан шийдвэр гаргах нь өөрөө өнөөдрийн Монгол Улс чинь социалист БНМАУ юмуу, ардчилсан Үндсэн хуулийн засаглалтай Монгол Улс юмуу гэдэгт хамгийн том нотлох баримт болох учиртай юм.

 

С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ ГЭЭД БАЙНА УУ, НУУХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ БҮҮ МЭД

-Өнгөрсөн өдрүүдэд талийгаач С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд учир нь олдохгүй олон үйл явдал, сэжиг таамаг, бүр сүүлдээ яллагдагчдыг нь суллах тухай, тэд гэм буруугүй талаарх улстөрчдийн мэдэгдэл ч олонтаа хийгдсэн. таны хувьд мэдээж энэ бүх дуулианыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээгүй байх. дараа дараагийн асуулт энэ сэдэвтэй холбогдох тул та ерөн хий нэг бодлоо эхлээд хуваалцахгүй юу? 

-Тэр тухай мэдээлэл энд тэнд гүй л байх шиг. Энэ хэргийг илрүүлэх гээд байгаа юм уу, эсвэл нуух гээд байгаа юм уу бүү мэд. Сонгууль бүхний өмнө энэ оршил үргэлж болдгийн нэг жаяг нь. Энэ хэргийг илрүүлнэ гэж хийлсэн хөөсрөл, сонгууль дуусмагц авч өгөлцсөн албан тушаал, авлига нь нийгэмд дэлгэрч, олныг алмайруулаад л хөөс нь замхарна. Тэгж ч замхардаг. Ингээд хоёр жил нам гүм болж байгаад гуравдахаас дахин хийрхэж, нөгөө алагдсан алсан үйлдлийг нэр хаяг дүрээр дэлгэж нийтийг тарчлаана. Энд хүнлэг сэтгэл огт байхгүй. Үнэнч шударга гайхуулсан, тулаан гэр дотор нь эхэлж, намын хооронд тэрсэлдүүлнэ. Төрийн албаны албан тушаалыг зарах “нийгмийн зах” дэлгэгдэж сонирхогчид суудлын үнэ хөөргөж, үнэ хөөсрүүлж, дамлана. Олны сэтгэл бодлыг нь галзуурлын тавцанд хүргэдэг нь намын нэр зүүсэн мафийн үнэн төрх. Монгол Улс төрийн эрхэнд одоо байгаа нь нам уу, мафи уу гэдэг асуултад өгөх хариу өөрт чинь бэлэн байгааг сана. Энэ нам мафийн хийрхэл тоос. Сөхөж биежүүлсэн намд ээлжит сонгууль хожоотойг олон нийт гадарлах байх. Хэн хэн нь хожиж, алдаж байсан нь, байгаа нь яг үнэндээ надад илүүц. Үг ч харам санагдаж байна.

-Таны хувьд 2004 онд талийгаач Д.Энхбатад эрүү шүүлт тулгах замаар с.зориг агсны амь насыг хөнөөсөн, цаашлаад захиалагчийг нь тодорхой нэр зааж нэрлүүлэхээр дарамталсан асуудлыг олон нийтэд ил болгож тавьсныхаа төлөө мөн л улсын нууцыг задалсан хэрэгт ял авсан. гэтэл өнөөдөр хориход эрүү шүүлт байдаг нь ил болж, бүр уих-ын гишүүд ч, улстөрчид ч үүнд шимширч, санаа зовж буйгаа ил тодоор илэрхийлж байна. үүнийг хараанд танд таны үүрсэн ял, өнөөгийн бодит байдал хоёр нь хувь заяаны шоглоом шиг санагдахгүй байна уу. танд эмзэглэх эрх бий гэж бодох хүмүүс цөөнгүй байгаа нь ойлгомжтой.

-Ер нь бол их тодорхой асуудал шүү дээ. Би өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Бусад хүмүүсийн нэгэн адил л намайг өмгөөлж өгөөч гэсэн хүсэлтээ өгсөн. Тэр дагууд нь л өмгөөлсөн. Миний хувьд Францаас 2003 оны тавдугаар сарын 18­ны өдөр Монголд авчирсан, өвчтэй, одоо өмчлүүлж байгаа, Тагнуулын ерөнхий газраас мэдээлэгчээ болго сон гэдэг орон гаран асуудал дээр л ажилласан. Яг үнэндээ нарийн учрыг нь зааглах хугацаа надад олдоогүй юм л даа. 

-Талийгаач Д.Энхбатын хүүхдүүд аавынхаа нэр төрийг сэргээлгэхээр өргөдөл гаргасан. Ер нь энэ өргөдлийн хариу эер гээр гарах боломж хэр байгаа вэ?

-Хөөрхийдөө, зовсон үрсийн зовлонг эрх баригчид мэдрэх болов уу даа. Улстөрчдийн амнаас голдуу л ашиг гэдэг үг цухалзах юм билээ. Ашиг гэдэг нь авлигын код гэж ухагдахаар болчихоод байна. Иймд яг үнэндээ ашигтай бол өргөдөл хүсэлтийг нь биелүүлэх л байх. Гэхдээ бас яахав, нам болоод авлигын сүлжээнд торлогдоогүй шударга хуульчид их олон байгаад би итгэдэг шүү.

“Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш. Хүнийг нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан га дуур хаж үл болно” гэсэн заалт хэрэгжээгүй байхад би яаж итгэх юм бэ. УИХын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Тэр бүү хэл УИХ хуралдаж байхад хэрэлдэж, зодолдсон ч хариуцлага хүлээхгүй байна. Ийм нөхцөлд ер нь бол хэн ч итгэхгүй байх. Яг үнэндээ энэ бүх завхрал, хөөсрөлт, зүй бус үйлдлийн зэс нь 1993 онд цухуйж, 2003 оны үеэс батжиж эхлэхэд намайг улсын нууц задруулсан хэргээр хоёр удаа шалтаг гаргаад шийтгэчихсэн юм. Ийм болохоор би яаж ч итгэхэв дээ. Хэцүү шүү дээ.

-Та хүүхдүүдтэй нь холбогдсон уу. талийгаач Д.Энхбатыг цагаатгалаа гэхэд таны асуудал мөн давхар шийдэгдэх боломжтой гэж харагдаад байна?

-Холбогдоогүй л байна. Өнөөгийн төр засаг нь унагасан Социалист БНМАУ­-ынхаа хуулийн “хог”­ийг мөрдсөнөө арилгах засах эсэхийг харая. Ардчилсан Монгол Улсын хууль тогтолцоо нь өөрсдийн унагасан БНМАУ­-ын эрхийн актыг одоо зөвшөөрөх, эсэхийг нь хүлээж байна, миний хувьд. Унасан унагасан хоёр системийн цус холилдсон МАХН буюу МАН болон АН­ыг хоорондоо цус ойртсон эсэхийг харах л үлдлээ.

 

ЕВРОПТ Б.ХУРЦ ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЖ, МОНГОЛД ХАМТРАГЧИД НЬ ШАГНУУЛСАН

-Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.хурцын эхнэр талийгаач д.энхбаттай холбоотой энэ хэргийг улсын нууцаас гаргаж өгнө үү гэдэг хүсэлт төрийн гурван өндөрлөг болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудад гаргасан байна билээ. мэдээж энэ нь нөхрөө өмгөөлсөн эхнэр хүний арга ядсан арга байх л даа. Гэсэн ч та энэ хэргийг нууцаас гаргаснаар хэн хохирч, хэн аврагдана гэж харж байгаа вэ? 

-Эх эцэг үрийн холбоо нь хайр энэрэл хүндэтгэлт жаяг юм. Гэм буруугаа нийтээрээ үүрдэг болсон өнөөгийн Монголын нийгэмд эцэг эх, үр хүүхэд, хань ижил нь чулуун тээрмийн будаа болчихоод байгаа нь яаж ч бодсон амар биш л байгаа байх. Яг үнэндээ цухалдах ч багадах үе бас байна л даа. Нууцаас гаргалаа гэхэд ямар ч байсан нэг гэлтгүй олон хүн нэр төрөө эргүүлэн сэргээх боломжтой л болох байх.

-Ер нь бол энэ асуултад танаас ултай суурьтай тодорхой ха риулт авмаар байна л даа. Б.Хурц гэдэг хүн д.энхбат агсныг ганцаараа баривчлаагүй байх. энэ тухай талийгаач танд мэдээлэл өгч байсан удаа бий юу?

-Тухайн үед Англид Б.Хурцыг баригдлаа гэхэд төр засгийн түшмэд, олон нийт ардчилагдсан, ардчилагдаагүйгээрээ үл ялгаран санаа бодлоо зурагтаар илэрхийлж, хамгаалсан санагдана. Үүнийг би буруутгахгүй. Харин ч зөв. Яагаад гэвэл төр засгийн өгсөн даалгаврыг Франц, Германд Европт Б.Хурц биелүүлсэн. Хамтрагчид нь харин Монголд ирээд шагнуулсан гэх яриа байдаг. Харин Монголд авчраад, эрүүдэн шүүх замаар байцааж, мөрдөж зодсон. Сүүлдээ тагнуулын нууц ажилтан болгоод ч байх шиг. Мөн би “Өмгөөлсөн, өмгөөлүүлсэн хоёр бол хэн ч биш” гэж Германд суугаа Монголын Элчин сайд нь хэлж байсан гэж сонссон. Үнэндээ тэр хүн л хэлсэн болохоос биш ёстой л бид хоёр хэн ч биш болж, өмгөөлсөн нь шоронд, өмгөөлүүлсэн хөрсөнд шингэсэн дээ.

Яг үнэндээ Элчин сайд нь үнэнийг урьдчилж олон нийтэд дэлгэсэн юм билээ. Үүнийг нь мэдэхгүй тухайн үед ухаангүйгээр том алдаа хийснээ хожим мэдсэн дээ, би. Иймд . Одоо яахав, үүнийгээ мэдэрсэн үү яасан мэдэхгүй Б.Хурцад өөрсдийн хумсаа шигтгэж, бүх зэвсгээ агсаж байх шиг байна. Цаана нь бас “Алуулсан, алсан” гэдэг сонгуулийн өмнөх ажилд сэжиглэгдэж хэлмэгдсэн хэлмэгдүүлсэн гэх хүний тоо ганц биш олон арван тоонд шилжих магадлалыг үгүйсгэх зоригтон хэр олон байгаа бол гэдэг бас сонин байна. Тэндийг ер нь бүгдийг нь шалгах цаг болсон байх. Үндсэн хуульд “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэдэг заал байдаг байх аа. Үүнийг л одоо харна даа.

-Ер нь Д.Энхбат гэдэг хүн яг хэн байсан юм бэ. сүүлдээ “үл бүтэх этгээд” гэдэг тайлбар нэг хэсэг явсан. үхсэн хүн үг хэлэхгүй гэдгээр бодвол нэг талын тайлбарт итгэж дүгнэх нь бас өрөөсгөл байж мэдэх юм?

-Сайн мэдэхгүй юм. Алдаж эндэх болсон шалтгааныг нь би тодорхой мэдэхгүй. Хүний хуучинг сэргээж асуух нь тийм ч таатай бус гэдэг утгаар нь тухайн цаг үедээ харилцаж байсан. Ямар ч байсан хоригдож байхдаа ядарсан нэгнийг өмөөрч, тус дэм үзүүлдэг байсан гэдгийг нь хамт хоригдогсод нь ярьдаг юм билээ. Ёстой “Үхсэн хүн үг хэлэхгүй” гэж өөрийн чинь хэлснээр өнөөдөр тэр хүнийг хэн ч юу гэж хэлж болно. Гэхдээ үр хүүхэд нь бий гэдгийг бас бодох ёстой л болов уу даа.

Ц.НЯМДОРЖИЙГ НАМАЙГ ХАМГААЛСАН ҮГ ХЭЛСЭНД ТАЛАРХАЖ ЯВДАГ

-Та монголын тагнуулд буюу нахя-нд 1966 оноос ажилласан хүн. өнөөдөр бол хэзээ ч арилахгүй ялтан гэдэг толбо таны намтарт бичигдэж байна. Хаяа харамсаж гомдох сэтгэл төрөх юм уу?

-Миний хувьд 1966 оноос эхлэж бай гууллагад ажилласнаараа бахархдаг. Хөх өвгөдийн үлдээсэн Монголын маань газар нутаг бүтэн, түүний эзэн нь монголчууд байсан тийм сайхан цаг үеэс улсын аюулаас хамгаалах байгууллагад ажилласандаа цаашид ч бахархана. Энэ бол миний түүх намтар, улс орныхоо төлөө оруулсан өчүүхэн ч атугай хувь нэмрийн маань баталгаа юм. Зөвлөлт Холбоот Улсад КГБ­-ын дээд сургууль, Коммунист намын дээд сургууль дүүргэсэн. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны намын хорооны даргаар ажиллаж байсан намайг коммунист байсан гэж хажигласан хүнд “Үнэн” гэдгийг нь дахиж хэлье.

Харин Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын дарга болсон нь миний сонголт биш байсан юм. Тэр үед би НАХЯ-ны Сайдын тушаалыг биелүүлсэн нь буруу биш болов уу. Тэр дундаа, та хаяа харамсдаг уу гэж байна. Хэзээ ч үгүй. Хэзээ ч харамсахгүй. Яагаад гэхээр Монгол Улсын аюулгүй  байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэдэгтээ харамсах сэтгэл хэзээ ч надад төрж байгаагүй юм. Цаашид ч төрөхгүй байх. Гэхдээ 1992 оноос хойш нам гэдэг дарангуйлал мафи буюу хээл хахуулийн сүлжээ болж эхэлснийг нийтэд мэдээлснээсээ болж би 1994 онд буруудсан. Тэр үеэс хойш буюу нам гэдэг нь мафи болсон юм байна гэдгийг мэдсэнээсээ хойш үнэндээ төрөөс холдсон доо. 

-Сүүлийн үед тагнуулын байгууллага улс төрийн гар хөл боллоо, нэр бүхий тусгай албаны албан хаагч улсын нууц задруулсан хэргээр ял авлаа гэх мэт мэдээлэл гарах болсон. Энэ бүх мэдээлэл, дүгнэлт, сэжиг таамаг ер нь нийгэмд хэр хортой вэ. Тусгай алба шүү дээ?

-Өнөөгийн тагнуул гэдэг нэр доор ямар ажил хийдгийг үнэндээ нарийн сайн мэдэхгүй байна. Харин аюулаас хамгаалах гэсэн үйлдлийн хүрээг бол гадарлана. Аюулаас хамгаалах гэдэг нь өөрөө ирт хутга гэсэн үг. Эзэн нь хутгаа хэдийд хаана, хэрхэн хэрэглэхээ мэддэг, түүнээс нь үүдэн гарах учир шалтгааны хариуцлагыг бүрэн хүлээдэг тогтолцоо БНМАУ-­ын үед байсан. Ардчилсан Монгол Улсад тагнуулын хэдэн газар байгааг, хэрхэн ажиллаж байгааг ч би мэдэх гүй. Гэхдээ энэ хутга олон хүний гарт байж, эрх чөлөөтэйгөөр эзэмшиж байгаа бололтой.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг 1990-ээд онд хууль зүйн тэргүүн дэд сайдаар ажиллаж байхад та мөн тус яамны дэд сайдаар ажиллаж байсан түүхтэй юм билээ. Тухайн үеийн талаар сэтгэгдлээ хуваалцах уу?

-Тийм ээ, 1990­-ээд онд бид хоёр нэг яаманд ажиллаж байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай намайг дэд сайдын ажлаас халахад Ц.Нямдоржийг намайг хамгаалсан үг хэлсэнд миний хувьд талархаж явдаг. Ц.Нямдоржийн үнэн зөвийг ялгаж, салгаж хэлсэн тэр үгийг би одоо хүртэл мартдаггүй юм шүү.

 

ХОРИХЫН АЖИЛТНУУД БОЛОН ПРОКУРОРУУД ХАМТЫН ХҮЧЭЭР ХОРИГДЛУУДЫГ ТУРААЛ, ӨЛСГӨЛӨНГӨӨС АВАРСАН ТҮҮХТЭЙ ЮМ ШҮҮ

-Дараа нь та, засан хү мүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрыг удирдаж байсан. Тэр үедээ таныг шүүхийн шийдвэрийн даргын хувиар хорихуудад нэлээн сайн шинэчлэл хийсэн гэж ярьдаг юм билээ. Мэдээж одоо нөхцөл байдал нь харьцангуй сайжирсан байх л даа. Гэхдээ суурь үндсийг нь өөрчлөхөд хэцүү орчин нөхцөл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Иймд таны үед хийгдсэн шинэчлэл, тухайн үед байсан орчин нөхцлийн ялгааг харьцуулахад хэр их өөрчлөлт хийгдэж байсан юм бэ? 

-1990-­ээд онд Засан хүмүү жүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрыг удирдаж байхдаа, хорих ангиуд, хоригдолтой ажиллах хэвшмэл арга барилыг эрс өөрчилж, хоригдолтой жирийн хүн гэдэг утгаар нь харилцаж орон байр, ор дэвсгэр, хоол хүнс, үг хэлээ олох, хир буртагаа цэвэрлэх, эргэлт уулзалт, ар гэртээ, захидал бичих зэрэг олон асуудлыг шинэчилж байсан. Монголын бүх шоронд жил бүр 1956 оноос 1990 оны хооронд 6000 орчин ялтан байдаг байсан. Жилд 2000 нь суллагдахад шинээр 2000 ирэх жишээний. 1996 онд Монгол Улсын хорих ангиудад үндсэндээ өлсгөлөн нүүрлэсэн байсан. Тураал, үхэл хоёр зэрэгцсэн тэр хүнд үед шоронгоос суллаг даад удаагүй намайг 1996 оны арванхоёрдугаар сарын 10­-нд дахин Хорих байгууллагад ажиллах тушаалыг ШШБЕГ гаргасан. Дөнгөж шоронгоос суллагдчихаад эргээд тэр газраа ажиллана гэхээр зарим хүнд хатуу санагдаж магадгүй л юм. Гэхдээ л амьдралын төлөө гэх үү, тэнэгтээ гэх үү би зөвшөөрөөд л ажилласан.

Тухайн үед ямар ч байсан хамт олныхоо хүч дэмээр хорихын үхэл, тураалыг хазаарлаж зогсоосон ажлын минь үр дүнг гаднын зарим улс, олон нийт чамгүй өндрөөр үнэлж байсан түүхтэй л юм. Харин улстөрчдийн хувьд бол өөр байсан. Нэрийг нь хэлээд яахав. Зүгээр зах зухаас нь хэлэхэд нэр бүхий УИХ-­ын гишүүн “Хоригдлын тураал, амь насаа алдсан тохиолдлуудад УИХ-­ыг буруутай” гэж хурандаа Санжаасүрэн хэлсэн үү” гээд намайг буруутгах үндэслэл хайгаад явж байсан тухай яриа ч байдаг. Энэ мэтчилэн төрийн зарим нэг эрх мэдэлтэн миний хаз гай гишгэхийг мөшгиж, их ч гярхай ажиглаж байсан байдаг юм. Сүүлдээ бүр хамт олны минь гаргасан үр дүн гаднын олон улсын байгууллагын үнэлэмж, үнэлгээнд нийцэж, 1998 оны хоёрдугаар сарын 18­-ны өдөр Вашингтон хотод болсон АНУ-­ын Ерөнхийлөгч Билл Клинтоны “Өдрийн цай” арга хэмжээнд урилгаар оролцож ч байлаа. Пентагонд болсон уулзалтад ч оролцсон. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр бүх үйл явдалд баярлах хэрэг байгаагүйг нь Монголд ирээд мэдсэн. Нэг ёсны шүүлгэ байсан юмуу даа. Вашингтон руу явж ирэнгүүтээ дахин өндрийн салхинд өртөж, даргын суудлаас зайлуулагдсан. Зарим үед бас мэдэхгүй, чадахгүй зүйл аминд орох нь байдаг юм байна гэдгийг тэгэхэд л ойлгосон. Яагаад гэхээр англи хэлгүй, орчуулгагүй шууд ярьж чаддаггүй байсан маань намайг энд хүлээж байсан шүүлгээс аварсан байдаг юм. 

-Хорихуудын нөхцөл байдлын талаар мэдээллэсэн тухай та яриад байна уу?

-Яахав нэгэнт “Ажиллана” гээд зөвшөөрчихсөн хүн чинь тэр үед жинхэнэ утгаараа тамд мөлхөнө гэдэг нь л болсон. Тураалтай хоригдлуудын амь насыг аврах, өлсгөлөнг зогсоох, хир буртаг, бөөс нөөс нь салгах, санхүүгийн хүндрэлийг зохицуулах, хорих дэглэм зэргийн дотоод гадаадгүй олон нийтэд дэлгэсэн. Хүүний эрхийн байгууллагуудад ч мэдээллэсэн. Их ч ажил хийсэн. Олон хүнээ ч алдсан. Манай газар орон тоо багатай байсныг ч хэлэх үү тэрд үед ажиллаж байсан албан хаагчид маань ч чамгүй бэрхшээлийг туулсан даа. Одоо бодоход хууль хүчнийхэн намайг хянаж мөрдөж байсан нь арга ч үгүй биз гэж санагддаг.

-Яагаад?

-Ер нь бол байна шүү дээ, тураал, үхэл болон төрийн хуулийн нэхэл, дэнс гэж байдаг юм. Хууль биежилт, эс биежилт намайг нударгалсан. Гэхдээ үүнд хуулийг мөрдүүлсэн прокурор, шүүх буруугүй юм. Хүний амийг аврах гэж хууль зөрчсөн би ч яг үнэндээ буруугүй. Харин хүнээ тураалтай өлсгөлөн хулгайч болгосон төрийн намхан шийдвэр хэзээ ч өндийхгүйг бол би ёстой ойлгосон доо.

-Гэхдээ та бас тухайн үед алдаа гаргасан юм биш үү. Хүний амийг аврахын тулд хууль зөрчсөн гэхээр?

­Үнэнээ л хэлье. Би 1992 оны Үндсэн Хуульд үл нийцсэн хуулийн заалт бүрийг зөрчиж байсан. “Шоронд  шорон байддагүй юм гэж” гээд хорих ангиуд дахь сахилгын байруудыг хаасан. Тэгэхэд Төв аймгийн прокурор нь “Хурандаа та Монголын олон хууль эрхийн актыг зөрчлөө. Хүний амь насыг аврах гэсэн ажлаа л үр дүнд хүргэхээ бод” гэж хэлж ч байсан. Энд бас хариуцсан прокурорууд нь олон ч хоригдлыг тураал өлсгөлөнгөөс аварсныг заавал хэлэх ёстой. Прокурор болон хорихын албат ажилтны хамтын хүчээр тэр үеийн хоригдлууд өлсгөлөнг давж байсан учраас үүнийг хаяа бас дурсах, ярих ёстой юм болов уу гэж бодогддог. Мөн тухайн үед төр нь иргэдээ шийтгэх яллахыг гол болгох бус зөвхөн учруулсан хохирлоо бүрэн өгч барагдуулах ёстой гэдэг бодлоо би нэлээн олон удаа нээлттэй хэлдэг байсан. Одоо бол бүр итгэдэг болсон. Хүн болгоныг хоригдол болгоход бэлэн хууль тогтоомж байж болохгүй. Тиймээс ийм хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөж гаргах цаг ирсэн гэдгийг энэ ярилцлагандаа заавал оруулаарай. 

-Таныг гэхэд нэлээн их эрүү шүүлтэд орж байсан гэж ярьдаг юм билээ. Тэр бүхнийг эргэн дурсахаас татгалзахгүй бол та ярих уу?

-Хоёр удаа шийтгэгдсэн хүнд үнэндээ тэр бүхнийг ярих нь илүүц санагдах юм л даа. Хохирсон гэдэгт бол би Монгол төрдөө хэзээ ч буруу санахгүй. Монголчуудыг ядууралд хүргэсэн хашсан, нам нэртэй гэмт хэргийн бүтцийг л задлах цаг ирсэн гэж боддог.

-Д.Энхбат агсан та хоёртой НҮБ-ын хүний эрхийн хорооны төлөөлөл уулзаж, “энэ хоёр хүн үзэл санааны хоригдол болсон байна. Иймд сулла” гэдэг зөвлөмж өгч байсан юм билээ. Үүнийг тухайн үеийн улстөрчид ер нь анхаарч үзсэн үү?

-Амгалангийн хорих ангид байхад буюу 2005 оны зургадугаар сарын 7­-ны өдрийн өглөөний найман цаг 45 минутад олон хүн гэнэт орж ирж байсан юм. Тэр дунд НҮБ-­ын Хүний эрхийн дээд комиссарын тусгай шалгагч Менфрид Новак гэж хүн орчуулагчтайгаа хамт нэг цаг 25 минутын хугацаанд уулзсан. Гэхдээ манайхан тоогоогүй л дээ.

 

ОДООГИЙН ҮНДСЭН ХУУЛИА БҮРЭН МӨРДӨӨГҮЙ БАЙЖ ШИНЭЭР ЯМАР ХУУЛЬ ГАРГАХ ГЭЭД БАЙГААГ НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА

-Өмгөөллийн эрхийг тань хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сэргээсэн. Одоо өмгөөллийн ажил хийж байна уу. Ер нь юу хийж байгаа вэ?

-Эрхийг маань сэргээсэн. Гэхдээ миний хувьд одоогоор өмгөөллийн ажил үйлчилгээ эрхлээгүй байгаа. Өмгөөллийн байр, даатгал гэсэн асуудлыг шийдэх боломж байсангүй л дээ. 

-Эргээд ер нь энэ хуулийн шинэчлэл, эрүү болон эрх зүйн орчны алдаа, онооны тухай танд хэлэх зүйл хэр байна вэ?

-Хэлэх үг ч байна. Бодол ч байна. Гэхдээ цаг нь болоогүй ээ.

-Яахав ганц жишээн дээр сонирхоод хариулт авчихмаар байна л даа. Учир нь, үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх нь тодорхой болж байна. Энэ тухай ядаж санал бодлоо хуваалцаач?

Одоо байгаа Үндсэн хуулиа бүрэн мөрдөөгүй өнөөдрийг хүрчихсэн хэрнээ шинээр ямар хууль гаргах гээд байгааг нь би ойлгохгүй байгаа. Хууль батлахдаа өөрсдийн булхайг нуух, ашиг оруулах “гарч орох нууц хаалга” хийдэг, түүнийгээ олон түмэнд илрэхээр нь хуулийн цоорхой гэж тайлбарладаг нь нууц биш шүү дээ.

Ардчилсан Үндсэн хууль 1992 оны арванхоёрдугаар сарын 12­ны өдрийн 12 цагаас үйлчилж эхэлсэн. Үндсэн хуульд үл нийцсэн бүх хууль тогтоомжийг 1993 ондоо багатаан өөрчилж мөрдөх, Үндсэн Хуульд үл нийцсэн хууль тогтоомжийг улс орон даяар дагаж мөрдөхгүй гэсэн заалтыг тухайн үеийн эрх баригч нам болоод төр нь зөрчсөн.

Нам, олон нийтийн бусад байгууллага гэж Үндсэн Хуульд хуульчилсан. Гэтэл нам нь олон нийтийн байгууллагаас илүү эрхийг өөртөө олгочихоод байна. Аливаа асуудлыг хууль биш, намын удирдлага, хээл хахууль, шийддэг. Үүнийг гэмт бүлэглэл буюу мафи гэж нэрлээд байгаа юм. Ийм байхад Үндсэн хуулийг өөрчлөх нь онохоосоо илүү алдах нь их байх болов уу гэж бодож байгаа.

-Та тэгэхээр ямар ч байсан үндсэн хуулийн өөрчлөлтөд итгэхгүй байгаа байх нь. Тийм үү?

­“Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш. Хүнийг нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуур хаж үл болно” гэсэн заалт хэрэгжээгүй байхад би яаж итгэх юм бэ. УИХ­ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Тэр бүү хэл УИХ хуралдаж байхад хэрэлдэж, зодолдсон ч хариуцлага хүлээхгүй байна. Ийм нөхцөлд ер нь бол хэн ч итгэхгүй байх. Яг үнэндээ энэ бүх завхрал, хөөсрөлт, зүй бус үйлдлийн зэс нь 1993 онд цухуйж, 2003 оны үеэс батжиж эхлэхэд намайг улсын нууц задруулсан хэргээр хоёр удаа шалтаг гаргаад шийтгэчихсэн юм. Ийм болохоор би яаж ч итгэхэв дээ. Хэцүү шүү дээ.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.