LIVE: Ж.Батзандан: Найрамдлын газраас С.Эрдэнэ тараасан гэх мэдээлэл надад ч, Ерөнхий сайдад ч бий

 

Уржигдар /2019-05-21/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ "Найрамдал зуслангийн 5220 га газраас 1200 га газар л үлдэж бусдыг нь эрх мэдэлтнүүд хувааж авчээ" гэж мэдээлсэн. Уг мэдээллийн мөрөөр Найрамдал зуслангийн газраас өмчилж авсан хүмүүсийн жагсаалт цахим орчинд тархсан. Уг мэдээлэл дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2,5 га, Л.Болд 4500 мкв газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан гэсэн байсан юм.

Энэ асуудлыг бид УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

IMG 9950 livetv

"Ах нь дөнгөж сая фэйсбүүкээс харлаа. Хуурамч гүтгэлэгт мэдээ гарсан байна. Бидний нэр дээр Найрамдал зусланд газар байвал иргэн та бүхэнд үнэ төлбөргүй өгье. Гэрчилгээг нь гаргаад ирээрэй. АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Найрамдлын газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жил тарааж өгсөн гэсэн мэдээлэл бий. Би одоо Л.Оюун-Эрдэнэ сайд дээр орно. Өнөөдөр та бүхэнд энэ жагсаалтыг гаргаад өгнөө. Ж.Батзандан, Л.Болд нарт нэг см газар ч байхгүй. Б.Хурц болон С.Эрдэнийн хамсаатнууд өөрсдийнхөө нэр дээр авчихсан байна. Хулгай нь илрэх гээд ирэхээр өөр хүмүүсийн нэрийг гаргасан жагсаалт гаргаад ирсэн байна лээ" гэлээ.  

-Танай ахыг ИНЕГ-ын дарга болох гэж байгаа гэх юм?

-Манай ахыг МИАТ-ын дарга, ИНЕГ-ын дарга болно гэх мэдээлэл яваад байх юм. Одоо гэртээ л сууж байна. Энэ ажилд томилогдчихвол надад хэлээрэй. Та нар ч бас эх сурвалжаа гурван талаас тодруулж байгаарай. 

-Та С.Эрдэнэ гишүүнийг энэ газрыг хамаатан саднууддаа тараасан гэдгийг яаж батлах юм бэ?

-Найрамдал зуслан чинь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанд байдаг зуслан. Тэр газрыг зөвхөн сайдын эрх мэдлийн хүрээнд газар олголт хийгдсэн гэх мэдээлэл надад бий. Ерөнхий сайд дээр ч тийм мэдээлэл бий. 

 

Найрамдалд 500мкв газартай хэмээгдсэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бас тайлбар өглөө.

Тэрбээр,

-Найрамдал зуслангийн 5000 га газрын 4000-ыг нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд авсан байна гэдэг асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар хөндөн тавьж, хүүхдийн ногоон байгууламжаас хумсалсан хүмүүст хариуцлага тооц гэж НХХ-ийн сайд Н.Чинзоригт үүрэг болгосон. Миний нэрийг энэ асуудалд хавчуулсан байна лээ. Надад Найрамдалд байтугай аль ч зуслангийн ойролцоо газар байхгүй. Ер нь надад аялал жуулчлалын чиглэлээр авсан ямар ч газар байхгүй гэлээ. 

 Ярилцлагыг дараах бичлэгээс үзнэ үү

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.