"Номин холдинг" ХХК гарал үүслийн гэрчилгээгүй мах хадгалж байсан гэх асуудалд тайлбар өглөө
Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номин Холдинг” ХХК-ийн агуулахын гүн хөлдөөх зооринд 20 тонн орчим үхрийн махыг гарал үүслийн бичиггүй, бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсныг хууль хяналтын байгууллага илрүүлсэн тухай өнөөдөр манай сайт мэдээлсэн.
Тус компанийн энэхүү үйлдлийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин Номин Холдинг ХХК-ийн Улаанбаатар Импекс салбараас манай сайтад хандан тайлбар хүргүүллээ.
Уг тайлбарт,
"Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Номин Холдинг ХХК-ийн Улаанбаатар Импекс салбар нь Хөргөлттэй агуулахын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түрээсээр мах хадгалуулдаг болно. 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 20:30 цагийн үед манай агуулахаас гадны түрээслэгч махаа гаргаж байх үед Мэргэжлийн хяналтын байгууллага, Тагнуулын ерөнхий газрынхан телевизийн сурвалжлах багтай хамт гэнэтийн шалгалт хийсэн юм. Тухайн үе нь ажлын бус цаг байсан учир зөвхөн гэрээг үзүүлсэн байна. Махны гарал үүслийн гэрчилгээний хуулбар ажилчдад байгаагүйн улмаас цаг алдаж, 20:50 цагийн орчимд шалгалт хийсэн байгууллагынхан агуулахыг лацдаж явсан.
Манай компанийн зүгээс шаардлагатай бичиг баримт буюу махны гарал үүслийн гэрчилгээг маргааш нь буюу 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөнөөр агуулахын лацыг авч үйл ажиллагааг хэвийн үргэлжилж байна.
Энэхүү үйл явдал нь өнгөрөгч долоо хоногт болсон хэдий ч өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч буй нь манай байгууллагын бизнесийн нэр хүндэд халдсан хэрэг болж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.