Нөөцийн махны дараалсан хүмүүс урт цуваа үүсгэжээ
Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулж байна.
Гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаж байгаа гэх боловч тэдгээр цэгт нь нөөцийн мах огт зарагдахгүй байгаа гэдгийг иргэд хэлж, шүүмжилж байлаа.
Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Нөөцийн махыг 2-3 кг-аар жижиглэн савлаж, нэг хүнд хоёр уут мах л зарж байгаа боловч нэг машин мах ердөө 50-70 хүнд хүрээд л дуусч байв.
Нисэхийн Буянт-ухаа-1 хорооллын баруун талд байрлалтай нөөцийн мах борлуулах цэгт дугаарлаж буй иргэд "Махны үнэ 10 мянга дотор байхад уг нь болоод л байдаг юм. Гэтэл энэ жил бүр 16,000 хүрсэн нь иргэдийг туйлдуулж байна. Бид хоногийн хоолны махаа худалдаж авахын тулд л амьдарч, ажиллаж байна шүү дээ. Энэ төр засаг яагаад дандаа юмыг туйлд нь хүргэж байж хөдөлдөг байнаа. Нөөцийнхөө махыг эртхэн ингээд зараад эхэлсэн бол яалаа гэж махны үнэ 16 мянга хүрэх вэ дээ" хэмээн хоорондоо ярилцаж байлаа.
Нөөцийн махыг худалдан борлуулж буй хүмүүс НӨАТ-ын баримтыг олгохгүй байсны зэрэгцээ зөвхөн бэлэн мөнгөөр л худалдаа хийж байгаад бухимдаж буйгаа ч иргэд нуусангүй.
Хонины махнаас хоёр уутыг авсан иргэд дунджаар 24-26 мянган төгрөг төлж байсан бол хонь болон үхрийн махнаас нэг уутыг авсан хүмүүс 28-32 мянган төгрөг төлж байлаа.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:
Сонгинохайрхан дүүрэг
1.Баянхошууны эцэс
2.Толгойтын эцэс
3.Содон хороолол
Хан –Уул дүүрэг
1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
2 .Яармагийн хуучин эцэст
Сүхбаатар дүүрэг
1.Хангай хороолол
Баянгол дүүрэг
1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.
Баянзүрх дүүрэг
1.Жуковын талбай
Чингэлтэй дүүрэг
1.Бөмбөгөр худалдааны төв
2.Хайлаастын эцэс
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.