СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Батчулуун: “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэнд монгол болон японы шилдэг компаниуд оролцоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

“Шинэ боломжийг хамтдаа нээцгээе” уриатай “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармаг энэ сарын 17, 18-нд “Blue Sky Tower”-ийн гуравдугаар давхарт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагч ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны ТУЗ-ын дарга, доктор Д.Батчулуунтай ярилцлаа

-Танай холбоо яагаад уг үзэсгэлэнг зохион байгуулахаар болсон юм бэ?

- ШУТИС-ийн төгсөгчдийн холбоо байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Манай холбооны эрхэм зорилго нь төгсөгчиддөө мэргэжлээрээ ажиллах боломжийг олгож, ажилд зуучлах, тэднийгээ ажлын байрандаа өсөн дэвших гарцыг зааж өгөхийг эрмэлздэг. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 гаруй оюутанг БНСУ-руу цалинтай сургалтад хамруулсан. ШУТИС-ийн нийт 80 орчим мянган төгсөгч байдаг бөгөөд жилд 4-5 мянган оюутан залуус төгсдөг.

Гэхдээ бид энэ удаагийн үзэсгэлэн яармагаар дамжуулж өөрийнхөө сургуулийн төгсөгчдийг ажлын байранд зуучлахыг бодсонгүй. Ажил идэвхтэй хайж байгаа залуус, их, дээд сургууль төгсөгчид, төгсөх курсийн оюутнууд, ажлын байраа өөрчлөх хүсэлтэй залуус, япон улсад ажиллах сонирхолтой инженерүүдэд зориулж энэ ажлын байрны үзэсгэлэн яармагаа зохион байгуулж байна.

Та манай экспод хүрэлцэн ирж Монголын ТОП-100 компанийн төлөөлөл болсон шилдэг 30 гаруй компанийн 1200 ажлын байртай танилцаж, сонголтоо хийх боломжтой. Мөн энэ үеэр нийслэлийн 6 дүүргийн хөдөлмөрийн хэлтэс Нэг цонхны үйлчилгээ ажиллуулна. 

Танд ямар боломж байна вэ гэдэг асуултын хариуг “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармаг танд мэдрүүлнэ

-“JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэнд яагаад оролцох ёстой гэж?

-Залуучууддаа хандаж хэлэхэд залуу хүн өөрийн гэсэн зорилготой байснаар ирээдүйгээ улам гэрэл гэгээтэй харах болно. Иймд танд ямар боломж байна вэ гэдгийг уг ажлын байрны үзэсгэлэн яармаг шууд мэдрүүлнэ. . Уг ажлын байрны үзэсгэлэн нь ашгийн бус арга хэмжээ гэдгийг тодотгоё.

Манай холбоо залуучуудыгаа өөрсдийн сурсан мэдлэгээ ашиглаж, мэргэжлээрээ ажиллах боломжийг нь хамт эрэлхийлдэг. “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн зөвхөн ажил олгогч болон ажил хайгч иргэдийг холбоод зогсохгүй төгсөх ангийн сурагчдад зориулан мэргэжлээ хэрхэн сонгох тухай сонирхолтой лекц илтгэлүүдийг тавина. Мөн тухайн ажил, мэргэжлийн талаарх онцлог давуу талыг шилдэг компаниудын төлөөлөл танилцуулна. Жишээлбэл, “Оюутолгой” компани ажил олгогчиддоо ямар шаардлага тавьж, яаж ажилд авдаг талаарх мэдээллээ манай үзэсгэлэнгийн үеэр танилцуулах юм. 

Японы шилдэг компаниудын гурван төлөөлөл инженерийн чиглэлээр ажиллах боловсон хүчнийг манай улсаас сонгон авахаар болсон

-Японы компани өөрийн хүсэлтээр уг ажлын байрны үзэсгэлэнд оролцож байгаа гэл үү?

-Манай улсын залуучууд гаднын оронд хар ажил хийх биш өөрсдийн мэдлэгээ үнэлүүлэн мэргэжлээрээ ажиллах боломж байна. . Энэ сонголтоо “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагийн үеэр хийх юм. Иймд японд инженерийн чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа иргэд манай үзэсгэлэнд хүрэлцэн ирж, илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

Мөн та ажлын байраа солих хүсэлгүй байсан ч “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэнд ирж, өөрийгөө хэр үнэ цэнэтэй мэргэжилтэн болох, цаашид ажил мэргэжлээ хэрхэн ахиулах, ирээдүйд ямар мэргэжилтэн эрэлт хэрэгцээтэй байгаа талаарх мэдээлэлтэй ч танилцаж болно. Бид танд загас өгөх биш загас барих аргыг зааж өгөхөөр ажиллаж байна.

-“JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагт ямар ямар төрийн байгууллагууд оролцож байгаа вэ? Мөн үзэсгэлэн болох өдрийн цагийг тодруулна уу?

- Үзэсгэлэн яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ШУТИС төгсөгчдийн холбоо ТББ, "Эм Жэй Си" ХХК ажиллаж байна. Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр LIVETV.MN сайт, Монгол HD television, дэмжигч байгууллагаар МҮХАҮТ, НЗДТГ ажиллаж байна.

“JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармаг 5-р сарын 17 -ны 14:00-18:00, 5-р сарын 18 -ны 11:00-18:00 цагийн хооронд “Blue Sky Tower”-ийн 3-р давхарт зохион байгуулагдана. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.