Д.Тэрбишдагва: Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Оюутолгойд дүгнэлтийг өгсөн

 

Өчигдөр/2019.05.07/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Байнгын хорооны гишүүд дүгнэлттэй танилцаагүй гэх шалтгаанаар хойшлуулсан билээ. Мөн гишүүдийг танилцахаас өмнө Оюутолгойд хүргүүлж, Оюутолгойгоос мэдэгдэл хүртэл гаргаад байгаа юм. Харин УИХ-ын гишүүд Оюутолгойг шалгасан дүгнэлттэй танилцахаас өмнө хэн Оюутолгойд дүгнэлтийг хүргүүслэн бэ гэдэг нь маргаан дагуулаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Оюутолгойг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва тайлбар өгсөн юм.

Д.Тэрбишдагва:

- Байнгын хороон даргад энэ асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэж бичиг өгсөн.  Түүнээс хойш ажлын хэсэг байтугай УИХ ч хуралдаж чадахгүй байсныг та бүхэн мэдэж байгаа. Сүүлдээ ажлын хэсгээ хуралдуулах гээд ч ирц хүрэхгүй байсан. Тиймээс би ажлын хэсгийн ахлагчийн хувьд нэгэнтээ гаргасан санал дүгнэлтийг нь аваад, дүгнээд Ажлын хэсгийн дүгнэлтээ гаргаад ажлын хэсэгт орсон 11 гишүүнд туслахаар нь дамжуулж тараагаад та нар санал нэгтэй бол гарын үсгээ зур, санал нэгдэхгүй бол өөр арга байхгүй гэж хэлээд хүргүүлсэн. Ингээд найман гишүүн зөвшөөрсөн гарын үсгээ ирүүлсэн учир би  УИХ-ын дарга болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд дүгнэлтээ хүргүүлсэн.  Ингээд миний ажил дууссан. Одоо цааш ажлын хэсгийн ажлыг үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдгийг УИХ шийдэх ёстой.

Мөн сар гаруйн өмнө Эдийн засгийн байнгын хорооны гишүүддээ материалаа тараасан. Эдийн засгийн байнгын хороон дарга "та надад материал өгөөгүй" гэсэн. Ном дүрмээрээ бол захирамж гаргасан УИХ-ын дарга өгөх болов уу гэж би хүлээж байсан. Гэвч УИХ-ын даргаас чиглэл ирээгүй учир би Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Эдийн засгийн байнгын хороон дээр өгсөн материалын хоёр нь нууц/Аудитын дүгнэлт, АТГ-ын дүгнэлт/ , нэг нь ил байсан.

Тийм болохоор би үүнийг маш ёсзүйгүй асуудал гэж үзэж байна. Үүнийг хуульзүйн байгууллага шалгах ёстой.

Гэтэл намайг нэг хэсэг нь муу шалгасан гэх дүгнэлт өгч, нөгөө хэсэг нь маш хатуу шалгасан мэтээр ярьж байна. Харин зарим хэвлэлүүд “Оюутолгойд материал өгөөгүй” гээд байхад надад хариуцлага хүлээлгэх гэж, хүчээр буруутгах гэж байгаа нь бас их сонирхолтой байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.