Харилцан уялдаагүй төрийн байгууллагууд хариуцлагагүй байдлыг өөгшүүлж байна

П.Батзаяа

Монголчууд бид ямар нэг дуулиан шуугиантай мэдээ, мэдээлэл олон нийтийн дунд түгэх үед нийтээрээ шуугилддаг. Ингээд хэсэг хугацааны дараа шуугиан тарьсан мэдээлэл нь хэрхэн шийдэгдсэн, хэн нэгэн хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээлэлд төдийлөн ач холбогдол өгдөггүй муу зуршилтай хүмүүс. Хэсэг хугацааны дараа нөгөө их мэдэгчээс яг юу өрнөсөн талаар асуухад тодорхой, ойлгомжтой байдлаар хариулт өгдөг хүн тун цөөхөн. Мэддэг хэрнээ мэддэггүй, мэддэггүй хэрнээ мэддэг юм шиг байдлаар асуудалд хандаад удсаных биз. Энэ зан нь магадгүй олон асуудлыг даамжирч газар авахад хүргэдэг ч байж мэднэ. Ингээд энэ удаа KFC Сүлжээ хоолны газраас хордлого авсан хүмүүсийн шалтгаан нь юу байв, хэн ямар хариуцлага хүлээв, цаашид юуг анхаарах ёстой вэ гэдгийг “Дараа нь юу болов” булангаараа онцолж байна.

Нийслэлд KFC-ийн 12 салбар үйл ажиллагаа явуулдаг

1930 онд 40 настай Харланд Сандерс тухайн үед ажиллуулж байсан шатахуун түгээх станцдаа өөрийн тусгай нууц жороор амталсан шарсан тахиаг жуулчдад амтлуулж, бизнесийн анхны гараагаа эхлүүлж байсан түүхтэй. Тэрээр тэтгэвэрт гарах хугацаагаа 10 жилээр хойшлуулсны үр дүнд Америк болон Канад улсад 600 гаруй франчайз ресторантай болсон байв. Өнөөдөр KFC -гийн 45,000 салбар дэлхийн 135 оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдөрт 12 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилдэг байна. KFC-гийн эрхийг эзэмшдэг “Yum! Brands Inc” нь дэлхий дахинаа өдөрт дунджаар долоон шинэ ресторан нээдэг аж. Харин Монгол Улсад KFC-гийн анхны салбар 2013 оны тавдугаар сарын 29-ний өдөр албан ёсоор үүд хаалгаа нээсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 12 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хордлого хэзээ гарав

Өнгөрсөн . Зайсан дахь салбараар үйлчлүүлж хоол идсэн гэх 9-40 насны 20 хүн халуурах, бөөлжих, суулгах, зовиуртайгаар ХӨСҮТ-д очжээ. Эдгээрийн 10 нь бага насны хүүхэд байсан юм. Хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалсан бол зарим нь “Гэр бүлийн багц” авсан байжээ. Тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гарсан гэдэг. Энэ асуудалтай холбоотойгоор уг салбарт ажилладаг 27 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Тухайн өдөр НМХГ-ынхан дээрх салбараас 52 дээж авчээ. Гэтэл эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактер, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн юм.

Хоолны хордлогыг “Шигелла нянгаар үүссэн, хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт” гэж дүгнэжээ

Хоол хүнсээр дамжих өвчлөл гарсантай холбогдуулан “Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг зогсоож, бусад 11 салбарын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А/328 тушаалаар батлагдсан “Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам”-ын дагуу ХӨСҮТ-тэй хамтран өвчтөнүүдэд илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг, халдвар судлал, эмнэл зүйн лабораторийн шинжилгээний дүнгүүд, хяналт, шалгалтаар тогтоогдсон зөрчлийн нөхцөл байдал, хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг эрүүл ахуйн талаар мөрдөж шалгасан материалыг нэгтгэж “Зайсан KFC” салбарт гарсан хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт нь “Нэг эх уурхайтай, шигелла нянгаар үүссэн, хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт” гэж дүгнэжээ.

49 сая 407 мянган төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг бүрэн барагдуулж 14 сая төгрөгийн торгууль ногдуулав

Монгол Улсад Зөрчил үйлдсэн Таван богд фүүдс ХХК-д Зөрчлийн хэрэг нээж, прокурорын тогтоолоор KFC сүлжээ хоолны газрын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 6.14. дүгээр зүйлийн 4, 6.15 дугаар зүйлийн 3.1, 5.1, 6.15.2 дахь заалтуудын дагуу 14 сая төгрөгийн торгууль, 8.500.550 төгрөгийн хууль бус орлого, 49 сая 407 мянган төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг бүрэн барагдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна. Мөн сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг, 31.1 кг амталсан, амтлаагүй тахианы мах, бэлэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгуулан KFC салбаруудын ажлын байранд “Цэвэр–Орчин” ХХК-аар төлөвлөгөөт бус халдваргүйжилт хийлгэжээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор 64 зөрчил, дутагдал илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн таван салбар дээр мөнгөн торгуулийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар дөрвөн албан даалгавар, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг үндэслэн улсын ахлах байцаагчийн хугацаатай долоон албан шаардлагыг хүргүүлэн, хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт тавьж ажилласан байна.

KFC сүлжээ хоолны газарт гарсан хордлогын талаар сануулахад ийм байна. Харин энэ дуулиан гарснаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч тус газраар үйлчлүүлэх иргэдийн тоо буураагүй нь ажиглагдлаа. Хордлого гарсны дараа KFC-ийн салбарууд эл хульхан үйлчлүүлэгч цөөнтэй байсан. Харин өчигдөр 3,4 дүгээр хороололд байрлах KFC хоолны газар луу 13 цагийн үед ороход үйлчлүүлэгч олонтой байсан.

Ингээд зарим нэг хүний сэтгэгдлийг хуваалцъя.

Урьдчилан хэлсэн шалгалтыг ямар шалгалт гэх вэ

-Хоолны хордлого гарсан гээд хэсэг хугацаанд шуугьж байсныг санаж байгаа. Гэхдээ улаан цайм үүд хаалгыг нь бариад хаачхаагүй иргэдэд нээлттэй байдлаар үйлчилж байгааг бодоход мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлсэн байх. Хүүхдүүд энд хоол идэх дуртай болохоор яах ч аргагүй үйлчлүүлж байна. Одоо чанар, аюулгүй байдалдаа илүү сайн анхаардаг болсон байх. Нэгэнт орж ирээд үйлчлүүлж байгаа юм чинь энэ газарт итгэсэн л гэсэн үг.

-Ер нь манайхан хордлого, янз бүрийн халдвар гарлаа гэхээр “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр бөөн дуулиан шуугиан болох юм. Холбогдох байгууллагууд нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үзлэг шалгалтаа нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээ явуулдаг газрууддаа тогтмол явуулж болдоггүй юм уу. Тэгээд бөөн бөөнөөрөө хордсоны дараа л асуудлыг ярих юм. Миний мэдэхээр мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгалт оруулахын өмнө эхлээд байгууллагууддаа мэдэгддэг гэсэн. Тэгэхээр ямар шалгалт болох вэ дээ. Гэнэтийн байдлаар л шалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр чанар стандартыг өдөр бүр мөрдөхгүй, шалгалт ирнэ гэхээр л мөрдөх байлгүй дээ. Эднийхээс хордлого гарлаа гээд бөөн юм болоод байсан одоо нам жим болчихсон юм чинь гайгүй болсон байлгүй. Хэн ямар хариуцлага хүлээсэн талаар мэдэх юм алга.

-Хордлого гарсан гээд зурагтаар гараад байсан байх аа. Гэхдээ яг юу болсон талаар мэдээгүй ээ. Манай сургууль ойрхон болохоор бид хааяа эднийхээр үйлчлүүлдэг. Одоогоор ямар нэг сөрөг бодолгүй л байгаа. Гэхдээ заримдаа “Гахай, тахианы мах идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тахианы махаа том болгох гээд тариа тарьчихдаг” гэж найзууд маань ярьдаг. Тэгэхээр заримдаа тийм ч юм болов уу гэж боддог боловч реклам үзээд шарсан тахиа идмээр санагддаг. Үнийн хувьд оюутан хүүхдүүдэд тийм ч хямд тусдаггүй болохоор хоёр долоо хоногтоо нэг ч юм уу, сардаа нэг орж ирж үйлчлүүлдэг. Цаашдаа тахианыхаа махыг хаанаас бэлддэгээ үйлчлүүлэгчдээ тодорхой болгочихвол хүмүүсийн итгэл нэмэгдэх байх аа.

Нэг хүн хордвол хордлого гэж тооцохгүй

Иргэд ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа. Саяхан KFC-тэй холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан юм. Нэгэн аав арван настай хүүтэйгээ KFC-д хооллосны дараа хүүгийн бие тавгүйрхэж ХӨСҮТ-д хандсан аж. Гэсэн хэдий ч тус хүүхдийг хордлого аваагүй гэсэн эмчийн дүгнэлт гарчээ. Нийтийн хоолны салбартай холбоотой эхний дуулиан намдаагүй байтал дараагийн асуудлыг “Кимбаб Чонгүг” солонгос хоолны газар өртөөлөв.

Эдгээр асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дариймаагаас тодруулахад

“Арван настай хүүтэй холбоотой асуудлыг ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн дүгнэлтээр хордлого гэж үзээгүй. Хэрэв хоёр болон түүнээс дээш хүн хордсон гэдэг нь тогтоогдвол хордлого гэж үздэг.

Дээрх асуудал KFC-тэй хамааралгүй. Тус байгууллагын өмнө нь гаргасан зөрчил дутагдлыг арилгуулж, чанар стандартыг хангаж ажиллуулах тал дээр холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Харин “Кимбаб Чонгүг” хоолны газрын хувьд “Дүнбэгмайл” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Кембаб чонгүг” салбарт эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, хүнс түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан, хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, 3-4 хонуулж чанар нь муудсан тос ашигласан, хоолыг олон дахин халааж үйлчлүүлэгчид олгодог, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зэрэг нь хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл үүссэн байсан тул Баянзүрх дүүргийн прокурорын №07 тоот тогтоолоор үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээж, албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Манай байгууллага бол ямар нэг зөрчил илэрсэн байгууллагын талаар дүгнэлт гаргаж, зөрчлөө арилгах хүртэл түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоодог.

Ингээд зөрчил дутагдлаа арилгасан тохиолдолд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлдэг. Ер нь тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх Нийслэлийн захирагчийн ажлын албан дээр байдаг. Бид одоогоор 120 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлсэн боловч одоо болтол шийдвэрлээгүй байна. Нийслэлийн захирагчийн ажлын алба ямар шаардлага шалгуур тавьж, тусгай зөвшөөрлийг нь цуцалдгийг би мэдэхгүй” гэв.

Сүлжээ хоолны 42 газар бүгд тусгай зөвшөөрөлгүй

Энэ талаар тодруулахаар Нийслэлийн захирагчийн ажлын албыг зорьсон юм. Ингээд НЗАА-ны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Я.Бадмаатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар хүсэлт илгээсэн аж, ахуйн нэгжүүдийг хянаж шалгах ажил ямар шатанд явж байна? Тухайлбал, KFC сүлжээ хоолны газарт тусгай зөвшөөрөл олгосон уу?

-. Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиар хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа үйлчилгээ эрхэлдэг газруудыг мэргэжлийн хяналтын мэдээллийн санд бүртгэдэг. Үүний дагуу бүртгэсэн аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийнхээ үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулсны үндсэн дээр үйлчилгээ явуулдаг. Нийслэлийн хэмжээнд сүлжээ хоолны 42 газар үйл ажиллагаа явуулдаг. Тэд бүгд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас мэргэжлийн хяналтын байгууллага эдгээр газруудад үүрэг даалгавар өгөх, үйл ажиллагааг нь түр болон бүрмөсөн зогсоох эрх нь хуулийн дагуу тэдэнд бий.

- Тэгвэл танай байгууллага руу илгээсэн тусгай зөвшөөрөл цуцлуулах хүсэлт ямар учиртай юм бол?

- Тусгай зөвшөөрөл гэх ойлголт зөвхөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, кафед хамааралтай асуудал. Өнөөдрийн байдлаар орон сууцны үйлчилгээний хэсэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 557 газар бий. Тэгэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн бичиг нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд манайхаас тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгодог.

-Өнгөрсөн онд тусгай зөвшөөрлийг нь цуцалсан тохиолдол бий юү?

-2018 онд 190 орчим газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

-Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан газрууд стандарт нормоо хангаад дахин тусгай зөвшөөрөл авах боломжтой юу?

-Хэрэв цуцалсан бол боломжгүй. Харин түдгэлзүүлсэн бол дахин авах боломжтой гэв.

Уншигч та бүхэн анзаарсан .

Энэ мэдээллээс харахад Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон, Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан бие бие рүүгээ хариуцлагыг тохож байх шиг. Үнэхээр энэ хоёр байгууллага хэн нь ямар ажил үүргийн хуваарьтай ажиллахаа мэдэхгүй болоод иргэдийг төөрөгдүүлээд байна уу эсвэл мэдсэн ч мэлзээд байна уу. Үүнээс үзэхэд төрийн байгууллагын уялдаа холбоо гээч зүйл бүх шатны байгууллагад алдагдсаны бас нэгэн том жишээ гэлтэй. Энд сонирхол татахуйц нэгэн баримт дэлгэе.

2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр НЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст АТГ-ын ажилтнууд ажиллаж дараах асуудлаар холбогдох хүмүүсээс нь тайлбар авсан байна.

Үүнд “Стандартын шаардлага хангаагүй, зөрчил гаргасан, орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа газруудын үйл ажиллагааг зогсоох саналыг НМХГ-аас удаа дараа ирүүлсэн байтал арга хэмжээ аваагүй талаар” тайлбар авчээ. Энэ тайлбараас нэгийг нь энд буулгая. “Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хандаж НМХГ-аас 2018 оны долдугаар сарын 17-ний өдрийн 02-01/2656 тоот албан бичгээр шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, иргэнд олгосон зөвшөөрлийг үе шаттай цуцлах санал ирүүлсэн. Гэсэн хэдий ч тус албаны чиг үүрэгт хамааралгүй буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч бус, МХЕГ-ын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, Дүүргийн ЗДТГ-тай үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг 22, үйл ажиллагаа нь зогссон зургаа, зөрчлийг арилгасан нэг, зөрчлийн шинж байдлаас шалтгаалан арга хэмжээ авсан 17 аж ахуйн нэгжийн жагсаалтыг ирүүлсэн. Дээрх 17 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менеже рийн Зөвлөлийн 2018 оны 20 дугаар хурлаар хэлэлцэж, НМХГ арга хэмжээний мөрөөр гүйцэтгэлийн шалгалт хийсэн эсэх, зөрчлөө арилгасан эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэж оролцоог хангаж, сонсох ажиллагаа хийсэн эсэх талаар тусгаагүй байсан тул цуцлах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэжээ.

Энэ баримтаас үзэхэд аль байгууллага нь ямар ажил үүргийн хуваарьтай гэдгээ мэддэггүй, наад зах нь тусгай зөвшөөрлийн талаар ч мэдээлэлгүй байгааг харж болно. Ингэж хэн хэнийхээ ажил дээр ажил нэмж, би, чи гэж хөндлөнгийн байгууллагаар хүртэл шалгуулж байхаар удирдан толгойлж байгаа хүмүүс нь нүүр нүүрээ хараад хэн нь юуг, яаж хийхээ яг таг болгоосой билээ. Манайхан шиг хуулийн цоорхой ашиглаж, хийдүүлэх дуртай хүмүүст хариуцлагаас мултрах орон зайг олгох вий дээ. Төрийн байгууллагуудын уялдаагүй байдал иргэдийг хохироож, хариуцлагаас мултрахыг өөгшүүлж боломгүй санагдана.

55823715 369987376928837 1203697256520220672 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.