Зүүн Өмнөд Азид популизм хүчээ авч эхлэв
Ц.Даваасамбуу
Популизм Азийн орнуудад сүүлийн үед хүчээ авах болсон талаар ажиглагчид онцлох болжээ. Популистууд ихэвчлэн гадуурхагдсан хүмүүс болон гэмт хэргийн эсрэг тэмцэх, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулах зэргээр эрх мэдлийг гартаа оруулсан хүмүүсийн хэрэглэсэн стратегийг хэрэглэдэг. Харин эцэст нь энэ бүх ажиллагаа ардчиллыг сулруулдаг. Бүс нутагтаа эдийн засгаараа зургадугаарт бичигдэж буй Филиппин, Тайланд зэрэг улс аль хэдийнэ авторитар дэглэм тогтож, популист удирдагчтай болоод байна.Сүүлийн арван жилийн хугацаанд популист удирдагчдын тоо нэмэгдэж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, ардчиллын тогтвортой байдлыг доройтуулж болзошгүй байгаа юм. Барууны орнуудын популизм Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Зүүн Азийнхаас ихээхэн ялгаатай. Зүүн Өмнөд Азийн орнууд ялангуяа Филиппин, Индонез, Тайланд зэрэг оронд зүүний популизм илүүтэй хөгжсөн байх жишээтэй.
ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДЫН ПОПУЛИЗМЫН ЯЛГАА

Зүүн Өмнөд Ази ялангуяа Филлипин, Тайландын популизм Европ, Хойд Америкаас нэлээн ялгаатай. Учир нь Зүүн Өмнөд Азийн орнууд цагаачлалын асуудал, эдийн засгийн өсөлтийн удаашрал, худалдааны асуудалд анхаарал хандуулах шаардлагагүй. Учир нь Зүүн Өмнөд Азийн хувьд эдийн засгийн өсөлт харьцангуй хүчирхэг хэвээр байгаагаас гадна цагаачлалын асуудал улс төрийн тэргүүлэх асуудал биш. Харин ч эсрэгээрээ гаднын улс орнуудад ажиллаж буй ажилчдын олонх нь филиппинчүүд байх жишээтэй. Түүнчлэн Зүүн Өмнөд орны популистуудын хувьд шашин болон угсаатны хуваагдал, мансууруулах бодисны наймаа, ажилчин болон дунд ангиудад анхаарал хандуулдаг. Учир нь дунд ангийнхан ардчилал тэгш бус байдал, гэмт хэрэгтэй тэмцэж, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүртээлтэй байлгаж чаддаггүй гэж үзэн ардчилалд сэтгэл хангалуун бус байдаг. Хэдийгээр Зүүн Өмнөд Азийн орнууд ч гэсэн ардчилсан тогтолцоотой ч Европ болон Хойд Америкаас ч сул хөгжсөн байдаг аж. 2016 онд Филлипиний Ерөнхийлөгчөөр Родриго Дутерте сонгогдсоноор Польш, Унгар зэрэг популист удирдагчтай орнуудаас ч илүү хүчирхийлэгч, дарангуйлагч болж хувирсан. Түүний хар тамхины эсрэг хийж буй тэмцлийн улмаас хамгийн багадаа 12 мянган хүн амиа алдсан гэж Хүний эрхийн ажиглагчид үзэж байна.
ДУНДАЖ ДАВХАРГЫНХНЫ ХАНДЛАГА

Зүүн Өмнөд Азийн орнуудын дундаж болон дундаас доод давхаргынхны хувьд хүчирхэг хүнийг дэмжих хандлага их байна. Шинжээч Ричард Жавад Хейдаригийн онцолж буйгаар, популист удирдагчид дундаж ангийнхны дунд гайхалтай нөлөөлж, шинэ дуу хоолой болох чадвартай байдаг аж. Ричард Жавад Хейдари Зүүн Өмнөд Азийн орнуудад 10 жилийн өмнөөс ардчилал суларсан гэж дүгнэжээ. Зүүн Өмнөд Азийн орнуудын дундаж давхаргынхны хувьд ардчилалд итгэх итгэлгүй болж, урам хугарсан бөгөөд энэ байдал нь бусад ангитай сөргөлдөхөд хүргэж байна. Учир нь дунд болон дундаас дээш ангийнхан элитүүд удирдлагаа өөрчилж, цэргийн эрх мэдэлтнээр хамгаалуулах сонирхол их байна. Энэ бүс нутагт популист удирдагч эрх мэдлийг гартаа авсан тохиолдолд дундаас дээш давхаргынхан эсэргүүцэж тэмцэж эхэлдэг. Энэ байдал Тайланд, Филиппин зэрэг оронд сүүлийн үед ихээхэн ажиглагдах болжээ. Харин энэ байдлыг сошиал медиа улам дэвэргэдэг байна. Түүнчлэн популист удирдагчид хэвлэл мэдээлэл төдийгүй, сошиал ертөнцийг ашиглаж, ард түмэнд шууд хүрэх тохиолдол хурдацтайгаар өсч байгаа юм.Тухайлбал, Филиппиний Ерөнхийлөгч Дутерте “Фэйсбүүк блоггерүүд болон хувь хүмүүсийн арми” гэх блог, груптэй байх жишээтэй. Филиппинээс гадна Тайланд, Мьянмар зэрэг оронд популизм хүчээ авч, дарангуйллын дэглэм тогтож байна. Тайланд болон Мьянмар Улс бол авторитар дэглэм буюу дарангуйллын олон жилийн түүхтэйгээс гадна үндэстнүүдийн хуваагдал болон ардчиллын талаарх ард иргэдийн ойлголтод бараг л дэвшил гараагүй гэхэд болно.

Тайланд-Авторитар дэглэмийг дэмжигч, популист Таксин Шинаватра 2001-2006 оны хооронд төрийн эрхийг барьснаас гадна Дутертетэй адилхан хэрцгий бодлого баримталж байсан. Тайландын арми 2006 онд Таксин Шинаватраг Ерөнхий сайдын суудлаас нь буулгаж, төрийн эргэлт хийж байсан юм. Гэхдээ байдал бараг дээрдээгүй.
Мьянмар-Ан Сан Су Чигаар удирдуулсан Засгийн газар улс төрийн орчинг өөрчлөх амлалтаа биелүүлээгүй гэхэд болно. Тус улсад цэргийн хүчин хүчирхэг хэвээр байгаа бөгөөд Рахин мужид болж буй рохинжа үндэстнүүдийн хомроголон устгах явдлыг өнөө хэр бүрэн зогсоогоогүй байгаа. Үндэстний цөөнхийн хувьд 2020 онд болохоор төлөвлөгдөөд буй парламентын сонгуульд Ан Сан Су Чигийг тэргүүлдэг Ардчиллын төлөөх Үндэсний либерал нам тэргүүлбэл байдал огт өөрчлөгдөхгүй. Үндэстний цөөнх болон рохинжо үндэстнүүд хоморголон устгах явдлыг тэсэхээ больж эхэлбэл Үндэсний либерал нам болон армийн удирдагч цэргийн эрхнээс бууж, автократ дэглэм тогтож, популист кампанит ажил эхлүүлэх боломжит замыг нь засах юм. Магадгүй автократ дэглэм тогтоод популист удирдагчид төрийн эрхэнд гарахыг тэтгэвэртээ гарсан цэргийн эрх мэдэлтнүүд болон, офицерууд дэмжиж магадгүй юм.
Индонез-Өнгөрсөн арваннэгдүгээр сард Сулавесигийн аралд газар хөдлөлт болж, цунами болж, урьд өмнө тохиолдож байгаагүй хохирол дагуулсан байгалийн гамшиг болсон нь тус улсыг ямар ч гамшигт бэлтгэл дутагдалтай байгааг харуулсан гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн сүүлийн үед индонезчууд санаа зовох нэг асуудал нь валютын ханшийн уналт болоод байна. Хэдийгээр тус улсын Ерөнхийлөгч Жоко Ваддод эдийн засгийн асар их туршлагатай зөвлөхүүдээр баг бүрдүүлэн хөгжиж буй орнуудтай харьцуулахад эдийн засгаа зөв замаар жолоодож байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт буурч, хөрөнгө оруулагчдын тус улсад итгэх итгэл мөн буурсаар байгаа юм. Энэ байдал буцаад популистууд төрий эрхэнд гарах боломжийг бүрдүүлж болзошгүй гэх таамгийг ажиглагчид дэвшүүлж байна. Одоогийн Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч нь генерал Прабово Субианто. Прабово нь Индонезийн үндэстэн ястны цөөнх рүү хэт довтолж, ардчиллын үндсэн зарчмуудыг хадгалан хамгаалах сонирхолгүйгээс гадна үл хүндэтгэдэг хэмээн шүүмжлүүлдэг.
АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ АЙДАС
Сүүлийн жилүүдэд Малайзыг эс тооцвол энэ бүс нутагт ардчиллын хүч суларч, популист удирдагчтай авторит дэглэм тогтож байна. Популист удирдагч төрийн эрхэнд гарснаар түүний явуулж буй бодлогыг эсэргүүцэгчид төрийн эргэлт хийх хандлагатай байдаг. Энэ бүхэн нь эргээд ардчиллыг булшлах аймшигт мөчлөгийг үүсгэдэг.
эх сурвалж: https://www.cfr.org/article/southeast-asias-populism-different-also-dangerous

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.