Хакухо М.Даваажаргал: Хаалга нь байвч гарах үүд нь байхгүй болчихлоо
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Даваажаргал иргэншлээ солино гэсэн мэдээ сонсогдох боллоо. Хэдий баталгаатай мэдээ биш ч гэлээ олон жилийн өмнөөс яригдаж байсан "хуучин мэдээ" юм. Хэрэв ийм зүйл болсон тохиолдолд бөхөд хайртай монгол түмний хувьд энэхүү мэдээ гунигтай мэдээ хэдий ч энгүй хүчит аваргыгаа ойлгон хүлээн авах биз ээ. Сошиал сүлжээгээр их аваргыг "2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан" хэмээн мэдээлж байна. Үгүй л болов уу!!! Нээлтэд тууз хайчлахын төлөө иргэншлээ солих хэмжээний "жижиг" аварга биш гэдгийг монгол түмэн мэднэ.

Японы мэргэжлийн сумо бөхийг Монгол хүчтэнүүд эзэгнээд, сумо бөхөд Монгол аваргууд ноёрхлоо тогтоогоод удаж байна. Хэдхэн хоногийн дараа эхлэх шинэ тооллоо япон аваргатай угтах япон түмний хүсэл байгаа ч биз.
Гэвч улиран одож буй Хэйсей эзэн хааных нь он жилүүдэд үндэсний спортод нь Монгол хүчтэнүүд бүрэн ноёрхож байлаа. Цаашдаа ч ноёрхох биз. Япон аваргаар эзгүйрээд байсан сумо бөхөд олон жилийн дараа япон хүн (Кисеносато) аварга болсон хэдий ч амжилт үзүүлж чадахгүй байсаар зодог тайлсан нь саяхан. Хэдийнээс дэг, ёс хатуутай мэргэжлийн сумо бөхийн холбоо монгол аваргуудыг төрөл бүрээр шахаж, багахан шалтгааны улмаас зодог тайлуулж байвч аварга болчих хэмжээний япон бөх одоохондоо харагдахгүй л байна. Магадгүй ойрын хэдэн жилдээ үгүй л болов уу. Харин шинээр аварга болох магадлалтай бөхчүүдийг нэрлэвэл мэдээж монгол бөхчүүд байна. М.Даваажаргал аваргыг иргэншлээ сольж Япон улсын нэрийн өмнөөс барилдахыг ч шахаж шаардаж байж ч мэдэх.
Аварга маань иргэншлээ сольсон ч бөхөд хайртай Монгол түмнийхээ хувьд тэр Монгол бөхийн удамд Монгол аварга хэвээрээ үлдэх нь дамжиггүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.