- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
С.Бат
УИХ-ын гишүүн Л.Болдын ажлын албаны хуульч Р.Батбаяртай ярилцлаа.
-Хан-Уул дүүргийн ардчилсан намын хороо УИХ-ын гишүүн Л.Болдын намын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлтийн хариуг өгсөн тухай тодруулна уу?
-Дүүргийн Ардчилсан намын хорооноос УИХ-ын гишүүн Л.Болдын намынхаа гишүүнчлэлээс татгалзах хүсэлтийн хариу ирсэн. Ирэхдээ илт хууль зөрчсөн хариу өгсөн байна. Тухайлбал, “Намын гишүүнчлэлийн асуудлаа УИХ-ын гишүүний асуудалтай хамт шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул таны ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ.
-Ардчилсан намаас гарахыг хүсвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалз гэсэн шаардлага гэж ойлгож болох уу?
-Тийм утга бүхий хариу өгсөн гэж ойлгож болно. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёрт, “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, мөн Үндсэн хуулийн 23-р зүйлийн нэгт, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэсэн УИХын гишүүний бүрэн эрхэд холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн нь намын гишүүнчлэлээс шалтгаалан гишүүний бүрэн эрхээсээ татгалзахтай холбоотой төдийгүй намтай холбоотой нэг ч заалт байхгүй байгааг харж болно. Хууль зөрчиж шахалт, дарамт үзүүлж байгаа л нэг хэлбэр юм. Ардчилсан нам Л.Болд гишүүнийг намаас татгалзах хүсэлт өгснөөс хойш шат шатандаа маш их гүтгэлэг, дарамт, шахалт үзүүлж байгаа.
Тодруулбал, парламент дахь АН-ын бүлгээс гарвал МАН-ын бүлэгт заавал орох ёстой, хэрвээ МАН-д орохгүй бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ гэх утга бүхий ярилцлагыг хуульчаараа яриулсан байх жишээтэй. УИХ-ын тухай хуулийн 26.10, 26.11-р зүйлд парламентын нэг бүлгээс татгалзаж байгаа гишүүн нөгөө бүлэгт орж болно гэсэн заалт байдаг. Энэ нь заавал нөгөө бүлэгт орох ёстой гэсэн утгатай зүйл биш юм. Та бүхэн мэдэж байгаа, Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” бүлгийн 10 дахь хэсэгт Монгол Улсын иргэн ”Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан. Монгол Улсын иргэн аль нэг намд элсэх, гарах асуудал бол сайн дурын эрх гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Парламент дахь намын бүлгийн даргадаа анх хандсан, дараа нь намын даргадаа хандсан, улмаар дүүргийн намын хороондоо өргөдлөө өгөх ёстой гээд өгтөл хариу нь дээрх байдлаар ирж байна. Шат шатандаа энэ хүнийг хохироож, хавчиж байгаа нь харамсалтай.
-Ийм хууль зөрчсөн үйлдлийн хариуд л.Болд гишүүний зүгээс ямар арга хэмжээ авахыг олон нийт сонирхох нь дамжиггүй?
-УИХ-ын гишүүн нь аль нэг намын эрх ашгийг төлөөлж УИХ-д сонгогддоггүй бөгөөд Монгол Улсын ард түмнийг төлөөлж ард түмнээс УИХ-д сонгогдсон хуулиар эрх үүрэг нь тодорхойлогддог субьект юм. Л.Болд гишүүн бол Монгол Улсын Их хурлын гишүүн. Ардчилсан намын нэр дээрээс Их хуралд өрсөлдсөн гэж харж болох ч энэхүү өрсөлдөх эрхийг одоогийн Ардчилсан намын удирдлагууд ч өгөөгүй, тэгээд ч Их хуралд сонгох эсэх эцсийн сонголтыг ард иргэд хийдгийг мартаж болохгүй. Хуулинд УИХ-ын гишүүн нь өөрийн эрх ашиг, намын эрх ашгийн төлөө бус нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гээд заачихсан байхад ийм хариу үзүүлж байгаа нь харамсалтай. Намын дүрэмд нь ч байхгүй зүйлээр илт шахалт дарамт үзүүлж байна гэж ойлгож болно. Тэгэхээр Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүн Л.Болдод тавьж байгаа шаардлага нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, цаашлаад мөн АН-ын дүрмийг зөрчиж байгаа юм. Цаашдаа Л.Болд гишүүн Үндсэн хуульд заасан ёсоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлээд явна.