Б.Бямбасүрэн
Номер-11: “ЖДҮ”-чин Я.Содбаатар
УИХ-ын гишүүд болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан талаарх мэдээллийг манай сонин цувралаар хүргэж буй. Энэ удаад бид УИХ-ын гишүүн Я.Содбаатартай холбоотой баримтуудыг дэлгэж байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар 2017 оны ХОМ-ийн тайландаа “Эпато анарваан” болон “Ти Эс Эм” компанийн 100 хувийн эзэмшигч болохоо дурдсан. Тэгвэл түүний эзэмшлийн “Эпато анарваан” компани 2018 онд ЖДҮХС-гаас 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл тус тус авчээ. Ингэснээр Я.Содбаатар гишүүн ЖДҮХС-гаас хоёр жил дараалан нийт хоёр тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм.
Мөн Я.Содбаатарын эзэмшлийн “Эпато анарваан” компанийн захирлаар түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг ажилладаг бөгөөд “Ти Эс Эм” компани нь мөн эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг аж.
Тэгвэл 1.2 тэрбум төгрөгийн өртгөөр боссон “Эпато анарваан” компани нь төрсний дараах эх, нярайн сувилал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Уг сувилал нь тансаг зэрэглэлийн буюу өндөр үнэ, үйлчилгээ сайтай газар гэдгээрээ дээдсийн хүрээнийхэн дунд гайхагддаг гэнэ. “Эпато анарваан” сувиллаар долоо хоног үйлчлүүлэхэд дунджаар 2.9 сая төгрөгийн төлбөртэй. Үүнээс ч өндөр ханштай багцууд байгааг сувиллынхан хэлсэн юм.
Эндээс харахад, төрийн өндөр сэнтийд сандайлагчид ЖДҮХС-гийн зээлээр тансаг зэрэглэлийн сувилал байгуулж, Монгол Улсын импортыг орлох үйлчилгээ үзүүлж болно гэж ойлгодог бололтой. ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон талаараа УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэвлэлд өгсөн тайлбартаа “Миний хамаарал бүхий компани хуулийн дагуу ЖДҮХС-гийн зээлд хамрагдсан. Манай төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Зээлээ ч мөн эргүүлэн төлсөн. Монгол Улсын хуулийг зөрчөөгүй ч улс төрчийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийж буй шударга ёсны тэмцэлд дэмжлэг болох үүднээс сайдын үүрэгт ажлаа өгөхөөр болсон. Манай гэр бүлийн хүн “Эпато анарваан" компанийг найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань тус компанийн 25 хувийг эзэмшдэг. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар бид өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй” гэж хэлсэн юм. Харин энэ талаар ЖДҮХС-гийн Тамгын хэлтсийн дарга Ш.Сугар хэлэхдээ “ “Эпато анарваан" компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэж хүн. Бид түүнтэй гэрээ хийсэн” хэмээсэн байдаг.
Нэр цэвэр, цус цэвэр гэж ярих дуртай улс төрчид яаж ч бултах гээд үнэнтэй нүүр тулна. Компанийн 100, 50, 25 хувийн эзэмшигч ч бай Я.Содбаатар гишүүн төрөөс хулгай хийж, гэмт хэрэгтэн болох хүмүүсийн эгнээнд орох болоод байна гэсэн үг. Учир нь ЖДҮ авсан УИХ-ын нэр бүхий эрхэм гишүүдийг ард иргэд гэмт хэрэгтэн гэж цоллоод байгаа. Зөвхөн сайдын сэнтийгээс бууж, зээлээ буцааж төлсөн гээд энэ хэргээс мултарна гэвэл санасны гарз гэдгийг ард түмэн хэлж буй. Олон мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжоос хулгай хийж, алт шиг үнэтэй цаг хугацааг нь үрснийхээ хариуцлагыг хүлээх л ёстой. Өнөөдөр үйлдвэрлэгчид хоёр тэрбум битгий хэл 20 сая төгрөгийн зээл авах гэж шар махтайгаа хатаж, төрийн байгууллагын үүд сахиж, банкуудын өндөр хүүнд нухлагдаж буй. Гэтэл ард түмнийг төлөөлж, төрд сонгогдсон түшээ хүн хоёр тэрбум төгрөгөөр сувилал байгуулж, тансаг амьдралд булхаж, мөнгө угааж байх ч гэж.
Угтаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт насаараа л шахам ажиллаж ирсэн хүн. Тухайлбал, 2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд МХЕГ-ын дэд дарга, даргаар тус тус ажиллаж байж. Түүний 2014 онд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар хэвлэлд өгсөн ярилцлагаас олны анхаарал татахуйц хэсгүүдийг сийрүүлэн хүргэе.
- ЖДҮ-ийг хөгжүүлснээр олон мянган ажлын байр бий болно. Энэ бол айл өрх, хүн бүр хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ гэдгийг ойлгуулж, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгадаг нийгмийн том хөшүүрэг. Манайх шиг хүн амын дийлэнх нь залуус байж, том газар нутагт тархай бутархай амьдардаг улсын нөхцөлд ЖДҮ-ийг хөгжүүлж, эдийн засгийнхаа суурь баазыг бүрдүүлэх нь маш чухал.
-ЖДҮ хөгжсөнөөр нийгмийн давхрааг жигд болгох суурь нөхцөл бүрдэнэ. Энэ ч утгаараа ЖДҮ-ийг аль ч улс орон бодлогоор дэмждэг. Манай улс ЖДҮ-ийн чиглэлээр 2007 онд хууль баталж, хөтөлбөр гаргаж, ЖДҮ-ийг дэмжих санг байгуулсан. Ингэснээр төрөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтын орчинг сайжирсан гэж хэлж болно. Харин одоо амьдрал дээр хөлөө олж, хэрэгжүүлэх ёстой байна.
-ЖДҮ-ийн бизнесийг хөгжүүлэх боломжтой орон зай бол үйлчилгээ, хүнс хөдөө аж ахуй гэсэн тодорхой салбарууд байдаг. Түүнээс биш уул уурхай, дэд бүтцийн салбарт учир дутагдалтай. Түүх сөхвөл Я.Содбаатар гишүүн өөрөө 2014 онд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа би энэ салбарыг сонирхож, дэмжиж явдгийн хувьд дөрвөн асуудлыг шийдэх ёстой гэж боддог. Үүнд, нэгдүгээрт: Бага хүүтэй, барьцаа хөрөнгө бага шаарддаг, урт хугацаатай зээл, төрийн хүнд суртал, дарамт шахалт, хяналт шалгалт, татвар, хоёрдугаарт: Мэдээлэл олж авах боломж, боловсон хүчнээ сургах боломж хязгаарлагдмал, эцэст нь бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах зах зээл байдаггүй. Тиймээс ЖДҮ-ийн чиглэлээр төрийн зүгээс үзүүлж буй төрийн үйлчилгээ, дарамт шахалтыг эрс бууруулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан байна.
-ЖДҮ-ийн салбар хөгжсөнөөр баян хоосны ялгаа багасч, хүн амын дийлэнх нь чинээлэг дундаж давхаргыг бий болгоно. ЖДҮ бол бидний бодсоноос илүү их нөөцтэй салбар. Харамсалтай нь, дэмжлэг үзүүлэх нэрээр төрийн хаалт, хүнд суртлыг бий болгож, тэр хүмүүсийн зовлон жаргалыг зөв ойлгож чаддаггүй. Хамгийн наад зах нь ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийн НӨАТ-ын татварыг болих хэрэгтэй гэж хэлсэн байдаг.
Чихэнд цэцэг ургуулж, хэлсэн ярьснаасаа буцдаг улс төрчид хэзээ хариуцлага хүлээдэг болох вэ. Эхний ээлжинд ядаж л ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг “Шүүрдье” бас шүүе гэсэн ард түмний хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхааралдаа авна уу.