Өнөөдөр МАН-ын Хяналтын хорооо хуралдаж 60 тэрбумын схем боловсруулсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн, хотын даргад горилогч С.Мөнхчулуун нарыг намаасаа хассан гэх мэдээлэл гарч эхэллээ.
Энэ талаар тодруулахаар МАН-ын намын Хяналтын хороон дарга Х.Болдмандал руу утас цохисон ч “би албан бусаар Хяналтын хороон даргаас чөлөөлөгдсөн учир мэдээлэл багатай байна” гэсэн хариулт өглөө. Гэхдээ “МАН-ын Бага хурлаар Хяналтын хорооны шийдвэрээр намын гишүүнчлэлээс хасч болдог дүрмийн өөрчлөлт оруулсан учир дуртай нэгнээ хасч болно” гэсэн юм.
Харин өнгөрсөн онд болсон МАН-ын 3-р бага хурлын үеэр томилогдсон гэгдэх Хяналтын хороон дарга Д.Батбаатараас тодруулахаар залгасан ч утсаа авсангүй.
Ямартай ч МАН-ын Хяналтын хороо хуралдсан нь үнэн бөгөөд дээрх хоёр гишүүнээ намын гишүүнээс хассан эсэх нь албан ёсоор нотлогдоогүй байна. Хэрэв С.Мөнхчулууныг МАН-аас хөөсөн нь үнэн бол тэрээр хотын даргад нэр дэвшин өрсөлдөх эрхгүй болох бөгөөд НИТХ-ын сул төлөөлөгч болох юм.
МАН-ын 3-р бага хурлаараа намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан бөгөөд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр шууд намын гишүүнчлэлээс хасдаг болсон юм. Ингэснээр намын удирдлагатай зөрчилдсөн, удирдлагын шийдвэрийг дагаагүй нэгнийг намаасаа шууд хөөх боломжтой болсон байдаг.