АНУ дахь Монгол улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр Олон улсын Монгол судлалын 13-р бага хурал энэ сарын 15-16-ны өдөр Вашингтон хотноо амжилттай болж өнгөрлөө. Хурлыг нээж АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үг хэлсэн бөгөөд уг хуралд таван элчин сайд оролцож, хоёр нь судалгааны илтгэлээ хэлэлцүүлсэн байна.
Монгол судлалын олон улсын XIII бага хуралд оролцсон таван элчин сайдыг дурдвал Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё. Отгонбаяр, Монгол улсаас Канад улсад суугаа элчин сайд Я. Ариунболд, АНУ-ын элчин сайд Жонатан Аддлэтон, АНУ-ын элчин сайд Памэла Слуц, АНУ-ын элчин сайд Пайпэр Кампбэлл нар оролцжээ. Эхний салбар хуралдаанаар Монголын нууц товчооны талаар хэлэлцсэн байна.