Б.Оюунжаргал
Өнө эртнээс монголчуудын ёс заншлын бэлгэдэл болж ирсэн мэндлэх, хүндлэх ёсыг шингээсэн нэгэн үнэт эдлэл бол хөөрөг юм. Хөөрөгний тамхины тухайд авч үзвэл, хүн төрөлхтөн анх XVIXVII зууны үед бий болгожээ. Уг тамхи нь XVI зууны сүүлээр Португал, Испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филиппинээс эхлэн Японоор дамжин тархсан хэмээн судлаачид үздэг байна. Хөөрөг нь байгалийн чулуун бүтээл бөгөөд түүнийг нүдний чимэг болгон урладаг хүмүүс бол уран дархчууд билээ. Ингээд бид “Сар шинэ”ийн энэ өдрүүдэд хөөрөг зөрүүлэх ёс, түүний үнэ цэнэ, бэлгэ дэмбэрэлийг олон түмэнд түгээх зорилгоор дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм. Бид олны нэршлээр “Урт цагаан” буюу “Найман шарга”ын ойролцоох үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр ороход хөөрөг, даалингууд харилцан адилгүй үнэтэй байх аж. Хамгийн эхэнд гадна төрх хаяг, байршлаараа хүртэл олныг татах “Агар завъяа” дэлгүүрээр орсон юм. Тус дэлгүүрт мөнгөн аягыг томоос жижиг хүртэл сувинер мэт өрж тавихын зэрэгцээ хөөрөгнүүд ч төрөл төрлөөрөө худалдаалагдаж харагдана. Бид худалдагчаас хөөрөгний үнэ ханшийн талаар асуухад төрөл болоод хэлбэр хийцээсээ хамааран өөр өөр үнэтэй байгаа гэлээ. Дэлгүүр дотор хэсэг эргэлдэж мөнгөн аяга сонирхоход 350750 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Ийн тус дэлгүүрээс гарч таван алхмын цаана байрлах “Хөөрөг “дэлгүүрээр зочиллоо. Хаалгаар ормогц монгол бахархал шингэсэн морин хуурыг хоймортоо өлгөсөн, өнгө өнгийн хөөрөг, болоод даалин шилэн хоргонд байна. Тус дэлгүүрийг зорин ирсэн хүмүүс ч мундахгүй байлаа. Хараа булаамаар хөөрөгнүүдийн үнэ, ханш гарал үүслийн талаар тодруулахаар тус дэлгүүрийг үүсгэн байгуулагч Дашвандангийн Пүрэвсүрэн уран дархантай уулзсан юм.
ХӨӨРӨГНИЙ ДУНДАЖ ҮНЭ ГУРВАН САЯ ТӨГРӨГНИЙ ХАНШТАЙ БАЙНА
Д.Пүрэвсүрэн дархан “Хөөрөг дэлгүүр”ийг байгуулаад 20 гаруй жил болж байгаа аж. Үйлчлүүлэгчдийн бахархлыг аль хэдийн хүлээсэн нь харагдана. Тэрбээр хэлэхдээ, “Манай дэлгүүрт байгалийн тогтоц бүхий үнэт эрдэнийн чулуугаар урласан хөөрөгнүүд бий. Үнэ ханшийн хувьд гурван сая төгрөгнөөс эхэлж байгаа. Энгийн хээ, угалз ороогүй, хөөрөгнүүд төрлөөсөө хамааран өөр өөр үнэтэй. Хөөрөгний гол зүйл бол шүр шүү дээ. Шүр 10-35 сая төгрөгийн үнэтэй болно. Шүр эрэлттэй байхын хэрээр ховордсон. Энэ нь үнэтэй байх нэг шалтгаан гэж үзэж байгаа. Нэг грамм шүр өнгөнөөсөө хамааран
120380 ам.доллар байх жишээний. Хөөрөг бүрт ур хийц шингэсэн байдаг. Хөөргийг урлаж бүтээнэ гэдэг нь өөрөө гайхамшиг.
Монголчууд бид чинь их сүсэг бишрэлтэй улс. Өндөр гэгээн Занабазар гэхэд бүтээлээ хийхдээ өдрийн сайныг харж луу өдөр бүтээлээ эхэлдэг байсан түүх бий. Тийм их оюун ухаан бясалгалаар хийгдсэн зүйл бол үнэхээр төгс төгөлдөр хийцтэй байдаг. 1800 оны үе бол монголчуудын сэргэн мандалтын үе байсан. Энэ үед хийгдсэн хөөрөг, хэт хутга, мөнгөн аяга зэрэг нь энэ ертөнц дээр дахин давтагдашгүй бүтээл болон үлдсэн байдаг. Монголчуудын ур хийц гэдэг бол өөр зүйл. Учир нь очсон газар бүрийнхээ сайн сайхан зүйлийг харж явдаг.
Гэтэл суурин иргэншлийн хүмүүсийн хувьд нэг талдаа хоцорчихсон ганцхан зүйлээ л хийдэг. Хятадын хийц дан ургамал бий. Эртний болоод дархчуудын урлал, бүтээлийн ур хийц дандаа ямар нэг бэлэгдлийг агуулж байдаг. Хангарьд, Луу, Арслан, Дугар зайсан, Урт наст зургаан өвгөн, Цагаан өвгөн гээд домог болсон маш олон бэлгэдэл байдаг юм. Үүнийг дархчууд бид бүтээлдээ урладаг. Эв нэгдлийн бэлэгдэл эвтэй дөрвөн амьтан, аз жаргал авчирдаг гэх мэтээр ямар нэг зүйл дээр ямар хээ, урлах уу гээд бүгд өөр өөрийн онцлогтой. Чулууны ухалт, хийц зэргээрээ ур, ухаан шингэсэн. Үүгээрээ бусад орны хөөрөгнөөс ялгагдаж байдаг. Монгол хөөрөгний хэлбэр донж маяг нь дахин давтагддаггүй. Хүмүүс халтар, мана, шүр хөөргийг ихэд сонирхон авч байна” гэв.
Харин түүний хэрхэн уран дархан болсон замналыг асуухад, “Ээж маань урлалын үйлдвэрт ажилладаг байсан. Тэрээр ээжийгээ дагаж ажилд очсоор байгаад уран ухаанаас нь суралцсан түүхтэй” хэмээн ярив. Энэ дашрамд Д.Пүрэвсүрэн дархан би “Хөөрөгний эх орон” нэртэй үзэсгэлэнг Англид гаргах юмсан хэмээн мөрөөдөж явдгаа дурдсан юм. Д.Пүрэвсүрэн дархан өөрийн ширээн дээр байгалийн тогтоц бүхий чулуунуудыг өрж тавьжээ. Түүний өрөөгөөр зочлоход том гарын мөнгөн болоод зэс аягыг ширээн дээрээ залсан харагдана. Түүнчлэн оч үсэрч буй мэт эрдэнийн шигтгээ шиг гялалзан харагдах, эрүүл мэндэд тустай гэлцдэг “Ягаан болор” чулууг хүрхрээ мэт харагдахаар байрлуулсан харагдана. Ийн Д.Пүрэвсүрэн дархантай чулууны талаар хөөрөлдсөн нь энэ.
ХӨӨРӨГНИЙ ҮНЭ ЦЭНЭ НЬ ЧУЛУУНДАА БАЙДАГ
Би хөөрөгнийхөө чулууг эх орныхоо онгон тагшин байгалиас авчирдаг. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн Арц богдын нуруу, Баянхонгор аймгийн Богд сум, Өмнөговь аймгийн Мандал сум зэрэг газраас байгалийн дахин давтагдашгүй өнгө, хэлбэр, үзэмж бүхий “манан” чулууг цуглуулдаг юм. Түүнчлэн Орос, Афгистан зэрэг орнуудаас хаш, маныг авчирдаг. Би өөрөө чулууны бэлгэдэлд итгэдэг учраас цуглуулдаг. Чулуу бүхэн өөрийн гэсэн өнгө аяс, ид шид бэлгэдэлтэй байдаг. Жишээлбэл, Мана эзэндээ баяр баясгалан, мэргэн ухаан, хүч чадал бэлэглэж муу зүйлээс хамгаалдаг гэдэг. “Мана” нь дотроо халтар, шар, сүүн, усан гэх мэт 200 орчим төрөлтэй.
Харин “Чүнчигноров” эр хүнд ээлтэй. “Ягаан болор” компьютерийн хэт ягаан туяанаас хамгаалдаг. “Гартаам”ыг эмчилгээнд ашигладаг тул амьд чулуу хэмээн шинжлэх ухаанд нэрлэсэн байдаг. “Оюу” гэхэд хордлого тайлдаг. “Шүр” бамбай булчирхайн өвчинд сайн. Чулуу бүхэн өөр өөрийн өнгө аяс, дахин давтагдашгүй шинжийг агуулдаг гэсэн юм. Монгол урчуудын бас нэгэн бахархал болсон бүтээл бол хөөрөгний дайлан юм. Тус дэлгүүрийн хөөрөгний даалин нь 800 мянгаас гурван сая 800 мянган төгрөгний үнэтэй байх ба Зоосон ширээтэй, загасан нуруутай зүү ороон хийсэн их гарын дайлан нүдэнд туссан билээ. Түүнчлэн эвтэй дөрвөн амьтан, луу зэргийг дүрслэн урласан сэтгэл, уран ухаан шингэсэн даалингуудыг давхарлан тавьсан байх юм. Зах зээл нь өргөжсөн энэ цагт аливаа зүйлийг урлахад төвөггүй болж. Торго дурдан, торгон утас нь байгаа цагт юухан байхав. Хээ угалзыг зүү ороох нь аргаар нарийн гэгч нь хатгаж урласан нь монголоос өөр хаана ч байхгүй ховор авьяас шүү гэмээр.
МӨНГӨН АЯГА НИМГЭН ТУСМАА ХУУРАМЧИЙГ ИЛТГЭЖ БУЙ
Д.Пүрэвсүрэн дархан өөрийн урласан мөнгөн аяганы үнэ ханш, болоод чанар чансааг ийн тайлбарласан юм. “Орц сайтай дунд гарын мөнгөн аяга 800 мянган төгрөг. Түүнээс дээш их гарын мөнгөн аяганууд орц жингээсээ хамааран 1.21.8 сая төгрөгийн ханштай байгаа. Мөнгөн аягыг зах болон өөр газруудаас худалдан авахдаа сорьцыг нь анхаарч үзэх нь зүйтэй. Нимгэн, хөнгөн мөнгөн аяга бол хуурамч байх магадлал өндөр гэсэн үг. Стандарчилал хэмжил зүйн газраас тухайн байгууллагын үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг шалган нягталж, сорьцын шинжилгээнд оруулж гарсан хэмжүүрийнх нь дагуу тохирох хэмжүүрийг тухайн эд зүйл дээр сийлж өгдөг. Ийн худалдан авагчид мөнгөн аяга авахдаа доод талыг нь анзаарч харах хэрэгтэй. Тусгай тэмдэглэгээгээр сорьц тэмдэглэсэн байдаг. Стандартын дагуу 800, 835, 875, 925, 999 гэсэн сорьцтой мөнгөн эдлэлийг худалдаанд гарахыг зөвшөөрдөг болсон. Энэ арга үр дүнтэй байгаа. Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн аяга худалдаалах явдал ховордсон” гэлээ.
Хөөрөг худалдан авахдаа юуг анхаарах вэ?