Уг нь энэ явдал одоогоос дөрвөн жил гаруйн өмнө 2014 оны намар, өвлөөр нийтэд ил болж байлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Голомт” банкаар дамжсан сая сая ам.долларын гүйлгээний баримтыг өөрийн цахим хуудсаар дэлгээд “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж тайлбар бичиж байв.
Үүний дараа 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан өмнө нь “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Чангаагийн Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэр хурал дээр Д.Баясгалан “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж мэдэгдэж байв.
“Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан Д.Баясгалангийн мэдэгдлийн дараа энэ дуулиан нам дарагдаж байв.
Түүнээс яг дөрвөн жилийн дараа энэ асуудал дахин сэдэрч 2018 оны арванхоёрдугаар сард “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд хоёр ч удаа телевизийн ярилцлагад орж “…Д.Дорлигжавын дүүгийн дансаар дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн” гэж мэдэгдсэн юм.
Ингэж дахин сэдрэхдээ маш том асуудал болж хувирлаа.
АТГ-ынхан 2019 он гаруут Д.Дорлигжавыг дүү Д.Баатартай нь хамт, “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Чангаагийн Бямбааг цагдан хорьсон.
Мөн гурав хоногийн өмнө “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг цагдан хорилоо. Д.Баясгаланг энэ дөрвөн сая ам.долларын хэргээс гадна өөр томоохон асуудалд холбогдсон учраас саатуулсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгөөд эхэллээ.
Гэвч хэрүүлийн алим болоод байгаа дөрвөн сая ам.долларын тухайд Д.Дорлигжав өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд дөрвөн сая ам.долларын талаар телевизэд ярихдаа “…Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок “Алтан Дорнод Монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Д.Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Д.Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Д.Баатар Ч.Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос хүссэн зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Ингээд байж байтал “Голомт” банкны захирал Д.Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокийн компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг.
Тэр нь Т.Ганболд шүү дээ. Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Д.Баатар, Д.Баясгалан, Т.Ганболд гурав суугаад “Паушокт хоёр сая ам.долларыг урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь “Голомт” банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн. Миний дүү Д.Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ. Манай дүү сарын дараа дансаа шалгатал Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “11-р сарын 08-ны өдөр Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Т.Ганболдын компаниас “Д.Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо” үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ” гэсэн байдаг.
Тэгвэл дээрх дөрвөн сая ам.доллартай холбоотой зарим нэг баримт бидэнд олдлоо.
Энэ бол баримт.
Ер нь бол эдгээр баримтаас харахад Д.Дорлигжавын телевизээр тайлбарлаад байсан дөрвөн сая ам.долларын задаргаа энэ баримттай таарч байгаа аж.
2019.1.24 № 17 (5984)