Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс энэ сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэжээ.
Ингэхдээ, Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролцогч Д.Баатарсайхан, О.Байгалмаа, Б.Баттулга, М.Ганчулуун, Д.Гэрэлчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Отгонбаатар, П.Ууганбаяр нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар комисс эцэслэн бүртгэсэн байна.
Харин оролцогч Х.Болдмандал, Ж.Жамъянтив, Л.Цэдэвсүрэн нарыг журмын 1.5 (төрийн албан хаагч биш), Б.Нэргүйг журмын 2.1.3 (төрийн жинхэнэ албан хаагчийн тушаалд 15-аас доошгүй жил ажиллаагүй), Б.Лхагвасүрэнг журмын 2.1.3 (эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажиллаагүй, 3 жил 8 сар 20 хоног ажилласан), Х.Мөнхзулыг журмын 5.2 (зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа гишүүнтэй нэг “аймаг”-т төрсөн), Т.Сосорбарамыг журмын 2.1.2 (бүртгэх үед дөчин таван нас хүрэхэд 6 хоног дутуу байсан)-т заасан үндэслэлээр бүртгэх боломжгүй гэж үзжээ.
Мөн сонгон шалгаруулалтад оролцогч Х.Мөнхзул, Т.Сосорбарам нараас ирүүлсэн гомдол, санал хүсэлтийг тус тус хянан үзээд сонгон шалгаруулалтад бүртгэх боломжгүй гэж эцэслэн шийдвэрлэсэн байна.
Ингээд шаардлага хангаж эцэслэн бүртгэсэн оролцогчдоос энэ сарын 25-ны өдөр ярилцлага авахаар тогтжээ.