2019 он гараад сар ч болоогүй байхад хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тиймээс ХЭҮК-оос хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Засгийн газар болон Аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлжээ.
Өмнөх жилүүдэд хүйтний улирал буюу жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай байх үед хурдан морины уралдаан зохион байгуулснаас болж хүүхэд мориноос унаж бэртэж, гэмтэх, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлууд маш их гарч байсан юм.
Иймд иргэд, олон нийтийг хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.