Жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т бүртгүүлэх үүрэгтэй.
2019 онд нийт 40.800 орчим албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой ч өнөөрийн байдлаар дөнгөж 15.100 албан тушаалтан мэдүүлгээ өгчээ. Ингэснээр хөрөнгө орлогоо бүртгүүлэх явц 37 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Цагдаагийн ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.
Мөн Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 2, Засгийн газрын гишүүн 2, яамдын Төрийн нарийн бичгийн дарга 1, агентлагийн дарга 1, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 9, бусад 7, нийт 22 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь дөнгөж 7,5 хувьтай байна.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.