Х.Хулан
Хамрын хийдээс долоон км зайд нүүрс олборлох эрхийг Хятадын “Даблью Эс Жи Эл” ХХК-д 40 жилийн хугацаатайгаар олгосон дуулиан ид өрнөж байна. Тухайн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгоход голчлон үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь Дорноговь аймгийн өмнөх Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар нар гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд болон орон нутгийнх нь телевизээр анх гарч байв. Гэвч энэ мэдээлэл өдөр, өдрөөр өөрчлөгдөж, П.Ганхуяг, Г.Ганбаатар нар эсрэгээрээ энэ лицензийг цуцлуулах шийдвэр гаргахад нөлөөлж байсан тухай мэдээлж буй. Иймд тухайн үед Дорноговь аймгийн ИТХ-ын дарга байсан Г.Ганбаатартай уулзаж, дээрх асуудлыг тодруулснаа хүргэж байна.
-Хамрын хийдийн ойролцоо хууль зөрчиж ашиглалтын лиценз олгоход оролцсон байж болох хүмүүс хар зургаараа гарчихаад байх шиг. Бүр анх П.Ганхуяг дарга та хоёр руу энэ сум чиглэсний учрыг та юу гэж харж байна вэ?
-Хулгайч хүн баригдахаараа “Хулгайчийг бариарай” гээд хамгийн түрүүнд хашгирдаг юм гэсэн. Тийм л зүйл болсон байх. Асуудал гэнэт дэгдээд ирэнгүүт, “Ямар ч байсан аймгийн өмнөх удирдлагаар ажиллаж байсан хүмүүс рүү чиглүүлэх гээд үзье” гэсэн оролдлого л байсан юм болов уу. Түүнээс бидэнд хамаагүй гэдэг нь одоо тодорхой болчихлоо л доо. Нөгөө талаас УИХ-ын сонгууль дөхөж байна. Сөрөг хүчин рүүгээ асуудлыг чиглүүлэх гэсэн улс төрийн зорилго ч байж мэдэх л юм.
-Таныг энэ нутгийн удирдлагаар ажиллаж байх үед энэ үйл явц яг хэрхэн өрнөж байсан бэ?
-П.Ганхуяг бид хоёр 2008 оны сонгуулийн дараагаас орон нутгийн удирдлагаар ажиллаж эхэлсэн хүмүүс шүү дээ. 2008 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2016 оны долдугаар сарын 7-н хүртэл найман жилийн хугацаанд ажилласан. Энэ асуудал болоод байгаа компани 2007 онд буюу Ж.Батсуурийг Засаг дарга байх үед “А” лицензээ авчихсан байсан. Тэгэхээр үүнээс өмнө, бүр 2003-2004 оноос хайгуул, судалгаа мэтээ хийгээд эхэлсэн байсан болов уу. “А” лиценз авсан тэр талбай нь тухайн үедээ орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй байсан. Тийм учраас аймаг, орон нутгаас олгосон байсан.
Энэ компани 2008 оныхоо жилийн эцсийн уул уурхайн ашиглалтын лицензийнхээ төлбөрийг төлөөгүй байсан учир 2009 онд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулсан Үүнийг цуцлуулна гэдэг тийм амар зүйл биш л дээ. Хуулиар алдаа гарсан тохиолдолд цуцлахгүй бол эргээд орон нутаг нь нөхөн төлбөрт орчихдог, шүүх дээр асуудал үүсдэг талтай. Бид лицензийг нь цуцлуулах хүсэлтээ 2009 оны эхээр явуулаад, тухайн үеийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ны 516 дугаар шийдвэрээр цуцалсан.
Цуцлуулах хүсэлтээ явуулангуутаа бид ямар арга хэмжээ авсан бэ гэхээр, 2009 оны дөрөвдүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор, зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан. Намайг аймгийн ИТХ-ын дарга байсан найман жилийн хугацаанд аймгийн ИТХ-аас Хамарын хийдтэй холбоотой гурван хурлын тогтоол гарсан байдаг. 2009 оны наймдугаар сард АМГТХЭГ-аас тухайн лицензийг цуцалсны дараа жил нь буюу 2010 оны долдугаар сард аймгийн ИТХ-аар энэ талбайг тэлж, дахин тусгай хамгаалалтад авч байсан. Дараа нь 2014 оны долдугаар сарын 30-ны аймгийн ИТХ-ын тогтоолоор Хамарын хийдээс гадна, Айраг, Эрдэнэ, Улаанбадрах гээд хэд, хэдэн сумын 12 газрыг аймгийн тусгай хамгаалалтад нэмж авсан байдаг. Аймгийн тусгай хамгаалалтад авна гэдэг чинь аймаг орон нутгаас шийдвэр гарч хөрөнгө хүч зарцуулна гэсэн үг. Энэ дотор Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 573 га нутгаар нэмсэн. Тухайн үед бидэнтэй хамт тахилч З.Алтангэрэл гуай бас аймгийн ИТХ-д байсан.
-Тусгай хамгаалалтад авсан тогтоолын хугацаа хэзээ дуусах билээ?
-2014 оны долдугаар сарын 30-нд авсан гэхээр 2019 оны долдугаар сарын 30-нд дуусна гэсэн үг. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа аймгийн ИТХ эртнээс судалгаагаа хийгээд, дахин аймгийн тусгай хамгаалалтад авах хэрэгтэй. Энэ дашрамд хэлэхэд, орон нутгийн боломж нь байгалийн үзэсгэлэнтэй газар, түүх дурсгалын болон соёлын өвтэй, палентеологийн чухал олдвортой газруудаа орон нутгийн тусгай хамгаалалтад авах явдал. Хамгийн зөв гарц нь энэ.
-Тусгай хамгаалалтыг сунгахад ганц хоног ч хоцорч болдоггүй гээд байгаа шүү дээ?
-Уул уурхайн компаниуд тусгай хамгаалалтын хүчинтэй хугацаа дуусах өдрийг л хүлээж байдаг. Тэгэхээр ИТХ гаргасан шийдвэрээ ХЗДХЯ-нд даруй бүртгүүлж байх хэрэгтэй. АМГТХЭГ-ын Кадастрын албанд яг координатаар нь өгч байх хэрэгтэй. ИТХ-аас гарсан шийдвэрийг биелүүлэх нь аймгийн Засаг даргын л ажил л даа.
-Аймгийн тусгай хамгаалалттай газарт ашиглалт яявуулах эрхийг сэргээсэн нь өөрөө шүүх өөрөө хууль зөрчсөнийг харуулж байна?
-Би бас тэгж харж байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны зургадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр, өөрөөр хэлбэл, 2007 оноос хойш арван жилийн дараа чимээгүй байсан хэргийг сэргээчихсэн байгаа юм. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хэн гэдэг хүнээс нэхэмжлэл гаргав, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх яагаад аймгийн тусгай хамгаалалтад авчихсан газрыг мэдсээр байж хууль бус шийдвэр гаргав гэдэг асуулт гарч байна. Монгол Улсад нэг ийм муухай луйврын схем байдаг л даа. Айхтар том эрх мэдэлтэй хүмүүс чинь Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын албанд танил тал, сүлжээ сайтай. Иймэрхүү зүйлийг олон жилийн дараа хүчээр сэргээгээд, аж ахуйн нэгжийнх нь нэрийг солиод цааш нь дамнуулаад их хэмжээний мөнгөөр зарчихдаг тохиолдлууд байдаг. Тийм биш л байгаасай гэж би хүсч байгаа. Гэхдээ тийм байх магадлалтай байна. Би хардах эрхтэй шүү дээ. Надад тийм хардлага байна.
-Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин лицензийг цуцлуулах талаар хүсэлт өгнө гэж ярьсан. Тэр энэ хүсэлтээ өгсөн юм болов уу. Нөгөө талаас “Болохгүй бол энэ газрыг өөр газарт шилжүүлэх арга хэмжээ авна” гэсэн. Шүүх хууль зөрчин шийдвэр гаргасан байтал Засаг дарга нь үүн дээр зоригтой дуугарч чадахгүй байгаагийн учир юу юм бол?
-Эрх мэдэл нь хүрэхгүй байж бас магадгүй юм даа. Таньтай санал нэг байна. Түүний ярьж байгаа зүйлээс харахад заавал энэ компанийн талд л аливаа шийдвэрийг гаргах ёстой юм шиг хандлага ажиглагдаж байна лээ. Геологийн нөхцөл ойролцоо дүйцүүлэх газар олгох гэх мэтээр. Заавал тэр компанид дүйцүүлэх газар олгох ямар барьцаатай юм гэдийг нь би мэдэхгүй л дээ. Т.Энхтүвшин дарга өөрөө энэ лицензийн талаар хамгийн сайн мэдэх хүн нь. Лиценз олгосон гээд байгаа 2007 онд Т.Энхтүвшин аймгийн ЗДТГ-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан хүн. Тэр үүнийг хамгийн сайн мэдэж байх ёстой. Хоёрдугаарт, шүүхээс лицензийг сэргээсэн 2017 оноос хойш тэр өнөөдрийг хүртэл дуугүй явсан байна. Аймгийнхаа энергийн төвийг мэдэхгүй л байв гэж, Дорноговийн дарга, удирдлагууд.
Одоо тэгээд лицензийг нь цуцлуулах хүсэлтээ АМГТХЭГ-т өгнө гэж яриад байгаа ч өгөөгүй л байгаа юм билээ.
-Т.Энхтүвшин дарга өөрөө ярихдаа юу ч мэдээгүй байхад нь л гэв гэнэт нэг компани гарч ирээд Хамрын хийдийн орчид ажилчдынхаа байр савыг бариад эхэлсэн гэж байгаа. Тэр компани 2019 онд ажилчдынхаа байрыг барьж байна, үйл ажиллагаа явуулж эхэлж байна гэдэг нь 2018 онд тодорхой хэмжээний ажил хийгээд орон нутагт тайлан, мэдээллээ хүргүүлэх, судалгааны ажил хийчихсэн байх ёстой гэсэн үг баймаар юм?
-Тэгэлгүй яахав. Яагаад гэхээр “А” лицензээ аваад ул уурхайн олборлолт, ашиглалт эхлэх гэж байна гэдэг тухайн компанийн өмнөх жилийнх нь тайлантай орон нутаг танилцсан байх ёстой. Энэ дээр хэд, хэдэн зүйлийг зориуд хэлмээр байгаа юм. Нэгдүгээрт 2017 онд энэ компани шүүхийн шийдвэрээр лицензээ сэргээлгэчихээд орон нутагтай нь огт холбоогүйгээр гэнэт хүрээд ирж байгаа юм бол манай орон нутагт удирдлага гэж байна уу гэж асуумаар байгаа юм. Хоёрдугаарт, энэ компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, өнгөрсөн жилийнхээ ажлыг тайлагнаагүй гэсэн үг. 2019 онд хийх уул уурхайн ажлын төлөвлөгөө байх ёстой. Үүнийгээ батлуулаагүй гэсэн үг.
Энэ утгаараа Т.Энхтүвшин даргын яриад байгаа зүйл итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Тэр худлаа ярьж байна, эсвэл орон нутгийн удирдлагууд эрх мэдэлгүй л гэсэн үг. Хэн нэгэн хүн дээрээс нь удирдаж байна гэсэн үг. Тэрний эсрэг дуугарч чадахгүй байна гэсэн үг.
-Шүүхийн шийдвэрээс гадна АМГТХЭГ-ын лицензийг сэргээсэн тушаал бас их хардлага дагжуулахаар харагдаж байна?
-Тийм. Ердөө анхан шатны л шүүхийн шийдвэрийг үндэслээд л сэргээчихсэн. Баримтаас харахад Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр л гарсан юм билээ. АМГТХЭГ-ын Геологи уул уурхайн кадастрын алба яагаад давж заалдаагүй юм? Олон боломж байгаа шүү дээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд лицензийг нь сэргээчихсэн байгаа нь, дээр нь Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын зураглалд нь орчихсон мэдээлэл байсаар байхад ийм шийдвэр гаргасан гэх мэт эдгээр үйл явц өөрөө их хардлага дагуулж байна.
-Хэн ийм зүйл хийж чадах бол?
-Ихээхэн эрх мэдэлтэй хүн л хийж чадна шүү дээ. Шүүх дээр болон АМГТХЭГ-ын Геологи уул уурхайн кадастрын албанд танилтай, юмыг цогцоор нь хийж чадах хүн л хийж чадна. Чухам аймгийн дарга нь хийсэн юм уу, хэн нь хийсэн юм мэдэхгүй.
-Танд хардаж байгаа хүн байна уу?
-Хэлэхэд хэцүү л дээ. Магадгүй, Т.Энхтүвшинд эрх барьж байгаа намын зүгээс, эсвэл аймаг, орон нутгийн удирдлагууд руу янз бүрийн байдлаар шахалт үзүүлсэн ч байж болно.
-Шүүх хууль зөрчөөд шийдвэр гаргачихсан байна. АМГТХЭГ ч гэсэн эрх ашгийн сонирхолтой байгаа нь харагдаж байна. Тэгэхээр үүн дээр одоо хэн дуугарах ёстой юм?
-Тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүд удахгүй байр сууриа илэрхийлэх байлгүй дээ. Тэд чинь тухайн орон нутгийн ард иргэдийн хүсэл зоригийг төрийн дээд байгууллагад илэрхийлж байх ёстой хүмүүс шүү дээ. Энэ бидний зорьж байгаа нийгэм чинь иргэд өөрсдийнхөө төлөө явдаг нийгэм. Хэн нэгэнд найдах хэрэггүй. Мэдээж, аймаг орон нутаг, сум орон нутгийн удирдлагууд нь дуугаралгүй л яахав. Би аймгийн болон Сайншанд сумын Засаг даргын яриаг орон нутгийн телевиз болон сошиалаар зөндөө л харж байна л даа. Хэн, хэн нь “Мэдсэнгүй, гэнэт л ийм компани гараад ирлээ” гэж яриад байна. Процесс цаашдаа хэрхэхийг харж л байя.
-П.Ганхуяг дарга та хоёрын үед олгосон хайгуулын лицензийн тоо бас олон нийтийн дургүйцлийг төрүүлж байх шиг байна?
-Хамарын хийдийн асуудалтай холбоотойгоор хуучин ажиллаж байсан биднийг улс төрийн зорилгоор харлуулах гэсэн оролдлогууд нэлээн явлаа. Анх нэг нууц хаягнаас энэ мэдээлэл анх гарсан байна лээ. “Анх хамрын хийдийн лицензийг олгосон” гээд бид хоёрын зургийг тавьчихсан байх жишээтэй. Бас “Энэ хоёрын олгосон 163 лицензийн нэг нь илэрлээ” гэх мэтээр бичсэн байсан. Түүнийг өчнөөн мянган хүн шэйрлэчихсэн. Харамсалтай л байгаа юм.
Манай аймагт газар нутгийн байршлын давуу тал гэж бий. Төмөр зам, эрчим хүч гээд дэд бүтцийн их давуу тал байна. Дэлхийн хамгийн том хэрэглэгч хятад улстай хил залгаж байна. Энэ үүднээсээ ашигт малтмалын хайгуулын лиценз олонтой нь үнэн. Биднийг ажил авахад ч олон байсан. 300 гаруй. Бид найман жилийн хугацаанд 160-аад лицензэд дэмжсэн санал өгсөн.
Кадастрын албанаас лицензийн санал аймгийн Засаг даргад ирдэг. Аймгийн Засаг дарга түүнийг нь сумынх нь хурал руу явуулж саналыг аваад, дараа нь аймгийн ИТХ- руу оруулдаг. Хуулиараа энэ бүх процесс явахад 40 хоногт багтаах ёстой байдаг. Санал нь маш тулгуу ирдэг гэсэн үг. Тэгээд 40 хоногтоо багтааж хариу өгч чадахгүй бол лицензийг биднээс ямар ч санал авахгүйгээр АМГТХЭГ-аас шууд олгочихдог. Энэ бол орон нутгийн саналыг зарим үед орхигдуулах гэсэн хуулийн нэг цоорхой гэж би хардаг. Тэр 160 гаруй лиценз гэдэгт зарим тохиолдолд бидний санал ороогүй нь ч бий.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баримтлаж байсан зарчим бол нэгдүгээрт, сумын хурлаас дэмжсэн эсэхийг нь харгалзаж үздэг байсан. Аймгийн Засаг даргын байр суурь ямар байгааг бас харгалздаг байсан. Энэ хоёрыг харгалзаад хоёулаа дэмжсэн байвал бид дэмждэг байсан.
Бас нэг зүйл бий. Хайгуул бол тийм хортой зүйл биш шүү дээ. Хайгуул дандаа нөхөн сэргээлттэйгээ давхар явдаг. Хайгуул хийх өөрөө асар их зардалтай. Тэр их зардал орон нутгаас гаргана гэвэл хүндрэлтэй. Тэгэхээр аж ахуйн нэгжийн мөнгөөр газар доорх баялгийнхаа нөөцийг судлуулахад буруу зүйл байхгүй. Ашиглалтын лиценз дээр харин хариуцлагатай хандах ёстой. Бид ийм л байр суурь баримталж байсан.
Нөгөө талаас бидний үед аймгийн газар нутгийг хамгийн их талбайг аймгийн тусгай хамгаалалтад авсан байдаг.
-Хамарын хийдийн орчимд нүүрсний олборлолт хийх тусгай зөвшөөрлийг цуцлуулах ямар боломж, хуульзүйн үндэслэл байгаа гэж та харж байна?
-Т.Энхтүвшин даргын яриад байгаа, “Уг компанитай тохироод, дүйцүүлэх газар олгоё” гээд. Заавал яагаад тэгэх ёстой юм. Арван жил таг чиг байсан компанид бид ямар өртэй юм. Хэн нэгэн дарга цэрэг л өртэй биш бол. Хоёр дахь нь нөхөн олговрын асуудал бий. Ер нь уул уурхайн лицензийг цуцлахад эргээд заавал нөхөн олговор олгож таардаг. Үнэхээр хайгуулаа хийсэн, хөрөнгөө зарсан бол бид нөхөн олговрыг нь өгөх ёстой шүү дээ. Үүнийг нь төлөөд, “Уучлаарай, манай соёлын өвийн газар” гэж хэлж болно, хэрэв уг компани зөвшөөрвөл. Гуравдугаарт, Ашигт малтмалын газрын тосны тухай хуульд заасанчлан, “Тусгай зөвшөөрөл бүхий компанийн эзэмшлийн газар дээр соёлын өв байгаа нь тогтоогдвол цуцлах” заалт бий. Энэ заалтыг бариад цуцлахад нөхөн төлбөр ч олгохгүй, дүйцүүлэх газар ч олгохгүй. Хамгийн зөв хувилбар нь энэ.