СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-22

“ЖДҮ-чид”-ээ хамгаалсан улайрлын цаадах У.Хүрэлсүхийн хүсэл

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

 

Улстөрчдийн "буянаар" “ЖДҮ”, “ЖДҮ-чин” гэх шинэ үгс монгол хэлний үгийн санд зөвшөөрөлгүйгээр орж ирж, ирсэн цагаасаа хойш ихэд идэвхтэй “амьдрах” болсоор хоёр сар гаруйн хугацааг үдэж буй.  

Энэ үг УИХ-ын хэсэг гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгөнөөс нэр нөлөөгөө ашиглан өөрийн ах дүү, амраг садан, анд найз нарынхаа компанид өгч ядарсан ард түмнээ дээрэмдсэн хэргээс үүдэлтэй.

Улс төрч гэх "сэтэр" зүүсэн толгойтой бүхэн нам нь сонгуульд ялж, засаглаж байх үед төрийн мөнгийг хайр найргүй шамшигдуулдаг жишиг тогтсоны тод илрэл.  

Учир юун гэвээс, “ЖДҮ-чин гишүүдийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” гэж үзсэн прокурорын байгууллагын хүсэлтийг ч үл тоон эрхэм ЖДҮ-чдээ хоёр, гурван байнгын хороо, УИХ-ын чуулган дамжуулан  хамгаалж үлдсэнийг эрхэм уншигчид санаж буй нь лав. Энэ нь эрх мэдэл, албан тушаалыг мөнх мэт санаж, дур зоргоор аашилж, хууль хяналтын байгууллагад нөлөөлөх гэж оролдохын хамт “ЖДҮ-чин” удаан орших нөхцлийг хангасан явдал байв.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган хуралдаж “ЖДҮ шалгах түр хороо байгуулах” тогтоолын төсөл боловсруулсан гишүүдийн саналыг хэлэлцсэн ч мөн л дэмжилгүй унагасан.

 

Тэгвэл ийнхүү ЖДҮ-чин “удаан амьдрах” боломж хангагдсаны цаана чухам хэний, ямар хүсэл байв?

ЖДҮ-чдээ хамгаалахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүн нь мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Түүний танхимд хэд хэдэн ЖДҮ-чин байгаа ч “шалгуулж байгаа” гэх шударга дүр эсгэсэн үгээр олны амыг таглаж оронд нь “60 тэрбум”, “МАНАН” гэх үгсийг “ЖДҮ”, “ЖДҮ-чин”-ээс илүү тодоор бичиж байж сая нэг хүсэл нь биелэв бололтой.

Чухамдаа түүний хүсэл нэгдүгээрт, өөрийн толгойлсон Засгийн газраа бүрэн авч үлдэх нэрээр өөрөө эрх мэдэлтэйгээ үлдэх.

Хоёрдугаарт, ЖДҮ-чдийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээж байгаа. Тэрээр энэ зээлийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасны төлөө "цацсан" байх өндөр магадлалтай байгаа. Тиймээс бүгдийг уснаас хуурай гаргахаар хичээж байна.  

Гуравдугаарт, Хэнтий аймгийн 42-р нөхөн сонгуулийг “дашийн шог” болгох. Энэ нь мөн л суудалдаа үлдэх санаархал гэж үзэх хүн бий.

Хэрэв ЖДҮ-чдийг хамгаалж, мөнхүү тэднийг “сумлаж” “МАНАН”, “60 тэрбум” гэх үгсийг тодоор бичүүлж, чангаар орилуулж чадаагүйсэн бол тэрээр өнөөдөр Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөөд “жижигрэх” байсан хэрэг. Асуудал нь ердөө л энэ юм.

Харин “жижигрэхгүйн”  тулд  сонгуулийг таг гацаах гэсэн түүний нэн тэргүүний зорилго нэгэнт биеллээ олсон. Мэдээж, түүний оронд байх хэнбугай ч жирийн гишүүн, Ерөнхий сайд байх хоёрын сүүлийнхийг сонгох нь лавтай.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.