УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос агаарын бохирдлын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-нд зохион байгуулахаар болжээ. Ерөнхий хяналтын сонсголоор агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах юм байна.
Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах бөгөөд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцуулах юм.
Уг арга хэмжээнд оролцох ирэн, ААН-үүдийг 1-р сарын 23 хүртэл бүртгэх юм. Гэхдээ оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.
Ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх юм байна. Мөн Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо. /Лавлах утас: 51-261240/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журамд заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол зохион байгуулах журам, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль холбоосоос дэлгэрэнгүй танилцана уу.
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА